| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
************** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч Б.************** нарыг оролцуулан,
************** аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.**************д холбогдох эрүүгийн 2525000000050 дугаартай, 312/2025/0076/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд
************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,
Мөн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:********************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.************** нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчимд ************** аймгийн **************сум, ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **************баарны гадна хохирогч Т.**************тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь "духанд зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.**************өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.************** нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчимд ************** аймгийн **************сум, ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **************баарны гадна хохирогч Т.**************тай “куртик урсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь "духанд зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн: “...Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
-Хохирогч Т.**************ын өгсөн: “...Содоо гэх залуу гартаа пивоны шил барьж ирээд үгийн зөрүүгүй толгой руу нэг удаа цохисон. Тэгээд толгойноос цус гараад би толгойгоо бариад сууж байхад ойр хавьд явж байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн байх. Зодоон маргаанд өөр хүн оролцоогүй, би тэр залууг болон өөр бусад хүнийг цохиж зодсон ямар ч асуудал болоогүй. Өөр бусад биеийн хэсэгт цохиж зодсон зүйл байхгүй. Надаас 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аавтайгаа ирж уулзаад уучлалт гуйсан. Надад гомдол, санал алга байна. Эмчилгээний зардал мөнгийг өгнө гэсэн, эмчилгээнд хэдэн төгрөг гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. ...Миний биед болон сэтгэцэд ямар нэг гэм хор учраагүй, ямар нэг шинж тэмдэг илрээгүй, энэ талаар ямар нэг гэм хор тогтоолгохгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 19, 20 дахь талууд/,
-Гэрч Б.************** өгсөн: "...Нэг залуу гартаа архины шил барьчихсан ирээд манай найз ************** руу дайрч байгаад толгой руу нь тэр гартаа барьсан шилээрээ цохисон. Гараа далайгаад маргалдаж зогсож байгаад шууд толгойн тус газар нь цохисон. Өөр зодоон маргаан өөр хүмүүсийн хооронд болоогүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Гэрч У.************** өгсөн: "...************** нэг залууг нь хувцаснаас нь татсан чинь куртикийг нь урчихсан юм шиг байна лээ, та нар куртик урчихлаа гээд хэрүүл өдөөд улмаар би уучлалт гуйгаад төлөөд өгье гэж хэлээд зөөлрүүлж салгаад цаашаа салаад явж байтал тэр куртикээ уруулсан бололтой залуу дуудаад эргэж ирээд гартаа архины шил барьчихсан ************** дээр очоод толгой руу нь архины шилээрээ цохисон..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
- Гэрч Э.**************ын өгсөн: "...Ах нар маань тамхи татаад гадаа зогсож байхдаа тэр хавьд байсан согтуу залуучуудтай ам мурийж маргалдаад улмаар ************** ах нэг залуугийн куртикнээс татаад ураад хаясан юм шиг байна лээ, тэрнээс болж маргалдаад тэгээд учраа олоод салаад явж байхад куртикээ уруулсан залуу ахыг дуудаад гартаа архины шил барьж очоод толгойн тус газар нь цохисон..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Гэрч А.**************ийн өгсөн: "...**************куртикнээс нэг залуу нь атгаад оёдлоороо урагдсан ба үүнээс болж маргаан хэрүүл гараад ************** нөгөө куртик урсан залуутай маргалдаад зогсож байсан. Нэг мэдсэн нөгөө залуу нь толгойгоо бариад цаашаа явсан. Тэгээд асуутал архины шилээр цохисон байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- Гэрч О.**************ийн өгсөн: “...Үйлдсэн хэргийн талаар бол мэдэх зүйл байхгүй. Өөрөө надад ярихдаа найзтайгаа хамт явж байсан найз нь хүнтэй маргалдаад би салгах гэж очсон чинь куртикийг маань ураад хаясан, яагаад урж байгаа юм бэ гээд намайг зодсон. Тэгэхээр нь би гарт шил таарахаар нь цохисон чинь тэр хүний толгойг оносон гэж л хэлсэн. Би тэр хүүхэдтэй нь уулзаад хүүгээрээ уучлалт гуйлгуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- Гэрч О.**************ын өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03:00 цаг хүртэл аймгийн төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд 02:00 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрээс ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************** нэртэй баарны гадаа очоорой хүмүүс зодолдоод нэгнийгээ архины шилээр цохиж гэмтэл учруулсан байна, цохисон зодуулсан хүмүүс нь байна гэсний дагуу тухайн дуудлага мэдээлэл дээр очиж ажилласан ба очиход зодуулсан зодсон гэх хүмүүс байсан ба 5-6 залуучууд байсан. Зодуулсан гэх залуу толгойгоо бариад зогсож байсан ба цус гарч байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор хүлээн авах тасагт очиж үзүүлэн толгой хэсэгт оёдол тавиулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн цагдаагийн газар аваачин эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгсөн. Хамт явсан болон зодсон гэх иргэнийг бас хамт явсан хүмүүстэй нь цагдаагийн газар луу хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- ************** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183 дугаартай "Т.**************ын биед духанд зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духанд зулгаралт, шарх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.**************, гэрч Б.**************, У.**************, Э.**************, А.**************, О.**************, О.************** нарын өгсөн мэдүүлэг, ************** аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.**************шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Б.************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчимд ************** аймгийн **************сум, ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **************баарны гадна хохирогч Т.**************тай “куртик урсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь "духанд зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.**************ын эрүүл мэндэд "духанд зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 132 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.************** нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.**************бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.**************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ хэргийн улмаас хохирогч Т.**************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан ба шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэж ярихад ажилгүй байсан хугацааны цалингаа шүүгдэгчээс гаргуулна гэсэн тайлбарыг гаргажээ.
Шүүгдэгч Б.************** нь хохирогч Т.**************д 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмчилгээний төлбөрт 300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Хохирогч Т.**************ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.************** нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Б.**************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.**************хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 60-82 дахь талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай, мөн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.************** нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэрлэж байгаагүй, Хилийн цэргийн нэг зуун нэгдүгээр ангид 2024 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.**************үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.**************1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт зааснаар Б.**************оршин суугаа газраас буюу ************** аймгийн **************сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.**************д сануулав.
Шүүгдэгч Б.************** нь ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Болорцэцэгийн 25/81 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдсон болохыг дурдав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.**************эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.
Шүүгдэгч Б.************** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.************** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** овогт **************ийн **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар ************** аймгийн **************сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.************** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.************** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.************** нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ************** аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ