| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/03925/И |
| Дугаар | 101/ШШ2018/00776 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/00776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Х.Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Орлой овогт Г.Э /РД: /-д холбогдох,
Гэм хорын хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, иргэдийн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2012 оны 01 дүгээр сард мобикомын 9999ХХХХ дугаарыг 12,000,000 төгрөгөөр Х.Г надад худалдсан болно. Гэтэл 2015 онд өөр эзэмшигч гарч ирсэн учир цагдаагийн байгууллагад хандан шалгуулж Г.Б нь бусдын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасны дагуу 201212345678 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан яллах дүгнэлт үйлдэн тогтоосон болно. Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох 12,000,000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гарган 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт тавьсныг Чингэлтэй дүүргийн прокурор хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 123 тоот тогтоолоор Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн тул өршөөлийн хуульд хамруулан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд шүүхэд гэмт хэргийн улмаас иргэнд учирсан бодит хохирол 12,000,000 төгрөгийг Г.Б-эс гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу.
Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудаст Г.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн байх боловч Г.Б нь цагдаагийн байгууллагад байцаагдахдаа би, гудамжинд тааралдсан танихгүй эмэгтэйд мөнгө өгч гуйгаад би Э байна гэж хэлээрэй гэж үг зааж өгөөд Цамбагаравын үйлчилгээний төв дээр хамт орж дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Б д Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг прокурорын байгууллагаас албан ёсоор гардуулж, огт танилцуулаагүй байсан ба 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын архиваас хуулбарлан авч танилцаад Г.Б нь эрүүгийн 201212345678 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн прокурорт 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Г.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянаж, 2011 онд н.А гаас худалдаж авсан 9999ХХХХ дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасан Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд хяналтын прокурор Э.Б -ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тухай Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн /456 дугаартай мэдэгдэх хуудас гарсан.
Г.Б нь хуурамч баримт үйлдээгүй, гудамжинд явж байсан хүнийг гуйж үг заан хэлүүлж Мобикомын ажилтнаар 9999ХХХХ дугаар эзэмшигчийн нэрийг солиулсан гэж цагдаад худлаа хэлсэн, харин Мобикомын ажилтныг гуйж байгаад нэрийг шилжүүлүүлсэн гэж надад хэлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Г.Б д холбогдуулан, гэм хорын хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Г.Б нь 2012 оны 01 дүгээр сард Мобиком корпораци ХХК-ийн 9999ХХХХ дугаарыг нэхэмжлэгч Х.Г д худалдахдаа хуурамч бичиг баримт ашиглан, уг дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан гэх үйлдэлдээ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж, улмаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээр, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт зааснаар, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байв.
Харин Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 1/00 дугаар тогтоолоор Г.Б д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэн, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 1/00 дугаар тогтоолд дүгнэхдээ, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Г.Бат-Эрдэнийг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.А гаас худалдан авсан Б.Э гийн эзэмшлийн Мобиком корпораци ХХК-ийн 9999ХХХХ дугаарыг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, Г.Б уг дугаарыг 2011 онд Б.А гаас худалдаж авсан, дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас гэм хорын хохирол арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх боловч хариуцагч Г.Б д холбогдох Мобиком корпораци ХХК-ийн 9999ХХХХ дугаарыг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх эрүүгийн хэрэг нь дээр дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мобиком корпораци ХХК-ийн 9999ХХХХ дугаарыг Г.Б эс Х.Г-д худалдсан, шилжүүлсэн үйл баримтыг илэрхийлэх 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Б.Э гийн эзэмшилд, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 31 минут хүртэл Г.Б-ийн эзэмшилд, харин Х.Г-ын эзэмшилд 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд байсан тухай Мобиком корпораци ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12/000 албан бичиг, лавлагаа болон хариуцагч Г.Б эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсаныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Б эс гэм хорын хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Г-ын н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ