| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0011/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000739 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1977 оны 03 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суварга баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******г 2024 оны 10 сарын 05-ны 12:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн 52 дугаар тойрог гэх газар төв асфальтан зам дээр******* улсын дугаартай Toyota Rumion загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн*******ын амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******гийн: Тэр өдөр Алтанбулаг сумаас Шарын гол сум руу явж байсан. Осол 13:00 цагийн орчимд болсон, цаг агаар сэрүүн салхитай байсан... гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
“Осол гарсан гэх газар нь Хонгор сумын 02 дугаар баг 52 дугаар точик гэх газар байв. Toyota rumion маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд хөдөлгөөнд оролцож яваад замын хажуугийн шонг урд хэсгээрээ мөргөж замын ертөнцийн зүгээр зүүн тийш замаас гарч онхолдсон гэж тогтоон үзлэгийг эхлүүлэв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 7-14/,
Toyota rumion маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,*******гийн дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн: ...2024 оны 10 сарын 05-ны 11:40 цагийн үед бид нар түрүүлээд Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу орохын наана зогсож байтал замын машин ирээд “та нартай хамт явж байсан тээврийн хэрэгсэл осолд орчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар шууд эргээд явж байхад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн асфальтан зам дээр*******гийн жолоодож явсан машин нэлээн эвдэрчихсэн, замынхаа эсрэг талын урсгалын хажуу талд нь зогсчихсон байсан.******* нь бэр эгчгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан байсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21/,
Гэрчгийн: ...Алтанбулаг сумаас Шарын гол сум руу хүүхдийн үсний найрт очихоор би машинаа жолоодоод,******* жолоочийн хажуугийн суудал дээр, хадам ээж******* арын суудал дээр ганцаараа суугаад явж байгаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гараад явж байтал******* “чи машинаа эвгүй бариад байна, би бариад явъя” гэхээр нь би зөвшөөрөөд миний тээврийн хэрэгслийг******* жолоодсон. Ингээд бид нар Дархан-Уул аймгийн Дархан сумаас Шарын гол сум руу гараад явж байхад******* эргэлттэй зам дээр гэнэт юм мөргөчих шиг болсон. Би ухаан ороход миний тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн зүүн талд замын хөвөө дагуу зогсож байсан. Хадам ээж******* арын суудал дээр “ёо ёо” гээд дээшээ харсан байдалтай сууж байсан.*******гийн толгой хэсгээс цус гарч байсан. Надад гомдол санал байхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохгүй, надад*******гаас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25/,
“Дархан Алтан-Жолоо” ХХК-менежер ажилтай, шинжээч Ш.Бямбажавын: Тоормосны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормос нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. Toyota rumion маркийн хар өнгийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн хэмжээндээ байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 32-34/,
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах, шинжээч С.Саруулболдын 2024 оны 10 сарын 21-ний өдрийн дугаартай:******* улсын дугаартай Toyota rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөн байна.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй.******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 12.2-т заасныг зөрчсөнөөс болсон байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн дугаартай:гийн бие гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн дугаартай: Амь хохирогчийн биед дух, зулай, дагз хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5 дугаар хавирга суганы шугамаар, 2, 3, 4, 5 дугаар хавирга далны шугамаар, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5, 6 дугаар хавирга суганы шугамын хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн эгэм, баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд байх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх дух, зулай, дагз хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5 дугаар хавирга суганы шугамаар, 2, 3, 4, 5 дугаар хавирга далны шугамаар, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5, 6 дугаар хавирга суганы шугамын хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн биед бусадтай тэмцэлдсэн, бусдын хатгалгаанд өртөж хохирсон гэх ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогчийн биед шинжилгээгээр ерөнхий судас хатуурах өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна. Хэргийн газрын үзлэгээр амь хохирогчийн биед үзлэг хийгдээгүй тул амь хохирогчийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусны бүлэг АВО системээр BIII бүлэг байна. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-67/,
Амь хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан талаарх дугаартай өвчний түүх /хх-ийн 69-84/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн******* дугаартай: “ ” гэх хаягтай цус шинжилгээнд тэнцэж байна. Уг цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91/,
Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 109/,
Амь хохирогч*******ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 113/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь зам тээврийн осол гаргаж иргэн*******ын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй холбоотойгоор маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2024 оны 10 сарын 05-ны өдөргийн эзэмшлийн Toyota rumion маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр 52 дугаар точик гэх газрын ойролцоо замын хажуугийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан*******ын биед дух, зулай, дагз хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5 дугаар хавирга суганы шугамаар, 2, 3, 4, 5 дугаар хавирга далны шугамаар, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн шугамаар, 4, 5, 6 дугаар хавирга суганы шугамын хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд хохирол болон зүүн эгэм, баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтэл учирч,******* нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авч байхдаа цээжний битүү гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******гийн дээрх үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас*******ын амь нас хохирсон, шүүгдэгч*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хасах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотойгоор тайлбар, санал хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас түүний төрсөн эх нас барсан, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэрэг байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг хэрэглэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр******* жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Toyota rumion маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчд буцаан олгож, шүүгдэгч*******гийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Toyota rumion маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчд буцаан олгож, шүүгдэгч*******гийн дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР