Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/01865

 

 

 

 

 

 

 

2021 06 16

101/ШШ2021/01865

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 318,097,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТХХК нь А.Бтэй харилцан тохиролцож 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №001-19tp тоот гэрээ, мөн тус гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар №001-19 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Манай компани энэхүү гэрээний 3.1 дүгээр зүйлийн дагуу 30 хоногийн зээлийн нөхцөлтэй, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтран ажиллахаар байгуулж бидний зүгээс гэрээний үүргээ ханган А.Бнийн хэрэгцээт түлшний захиалгыг цаг хугацаанд нь саадгүй нийлүүлсэн. Бидний хооронд байгуулсан №001-19tp тоот гэрээний 3.5-д Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу манай компани А.Бнийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны хүртэл худалдан авсан бүгээгдэхүүний төлбөрийг 3 дугаар сарын 14-ний дотор төлж бараглуулах байсан боловч төлөөгүй тул хугацаа хэтэрсэн төлбөрийн дүнгээс алданги тооцсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар худалдан авалтын хугацаа хэтэрсэн төлбөрийн дүн 162,170,400 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги /2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл/ 155,926,80 төгрөг байна. Манай компаний зүгээс А.Бэс төлбөрөө төлөх, барьцааны зүйлийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж мөн нөхөр н.Ан хойшлуулах хүсэлтийг тухай бүрт зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл тохиролцсон хугацаанд төлөгдөөгүй арга хэмжээ авахаас зайлсхийж харилцахгүй байгаа тул №001-19/tp тоот гэрээний 5.3-д Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд эв зүйгээр, харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүхэд хандаж байна.

Манай байгууллага нь А.Бнийн автомшиныг бартераар авч түлш нийлүүлэх гэрээ хийгээгүй, худалдан авагчийн саналын дагуу автомашиныг барьцаалан 30 хоногийн зээлийн нөхцөлтэй гэрээ байгуулж худалдан авагчийн захиалгын дагуу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн. Худалдан авагч нь тухайн гэрээгээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногийн дотор барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №001/29tp тоот худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөгдөөгүйтэй холбогдуулж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр буюу дараах байдлаар тодотгож байна.

Иймд ТХХК болон А.Б нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан №001-19/tp тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 162,170,400 төгрөг, алданги 155,926,840 төгрөг нийт 318,097,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч ТХХК-ний нэхэмжлэлтэй 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 001/19 тоот дугаартай Газрын тос худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ 162,170,400 төгрөг, алданги 155,926,840 төгрөг, нийт 318,097,240 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

ТХХК-тай хуульд заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 001/19 тоот дугаартай Газрын тос худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан нийт 162,170,400 төгрөгийн үнэтэй автомашины түлшийг худалдан авсан. Бид харилцан тохиролцон дээрх гэрээний төлбөрийг хугацаанд төлөхгүй тохиолдолд гэрээний үнийг хангуулахаар 001/19-тоот барьцааны гэрээг хийсэн. Тухайн барьцаанд гаалийн бичигтэй Мерседес бенз Жи ЭЛ Е 350 маркийн автомашиныг тавьсан нь 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан ба бид харилцан тохиролцон 160,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээг байгуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 001/19 дугаартай Газрын тос худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бид төлж чадахгүйд хүрсэн ба бид энэ талаараа ТХХК-ийн борлуулалтын инженер Т.Ут удаа дараа мэдэгдэж, барьцааны эд хөрөнгөөр хангуулахаар уулзсан ч судлаж үзээд хариуг өгье гэж хэлээд огт хариу өгөөгүй. Хэдийгээр гэрээнд заасан төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд тооцон авах боломжтой байгаа юм. Нэхэмжлэлд дурдагдсан алдангийг төлөх учиргүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь зориуд хугацааг удаашруулж 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуульд алдангийг нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг.

Иймд ТХХК-ийн нэхэмжлэлтэй 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 001/19 дугаартай Газрын тос худалдах худалдан авах гэрээ-ний алданги 155,926,840 төгрөгийг төлөх үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, харин 162,170,400 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч А.Бд холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 162,170,400 төгрөг, алданги 155,926,840 төгрөг, нийт 318,097,240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зориуд хугацааг удаашруулж 2 жилийн дараа нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж, алдангийн хэмжээг ихэсгэсэн, мөн хуульд зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдаг, үндсэн төлбөр 162,170,400 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн талаар маргаж байна.

 

Тус хэргийг шүүх хуралдаанаар 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлд хамааруулан зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох автомашин нь нэхэмжлэгчийн хадгалалтад байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг автомашиныг төлбөртөө тооцох хүсэл зоригоо илэрхийлсэн зэргээс үзэхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа эсэх, энэхүү шаардлага байхгүй тохиолдолд ямар шалтгааны улмаас гэдгийг тодорхойлж ирүүлэх буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь өмнө гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хэвээр гэсэн тодруулгыг тус шүүхэд ирүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлох эрхтэй байна.

 

ТХХК, А.Б нарын хооронд 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцлөөр авах, худалдагч нь гэрээнд заасан нөхцлөөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр, талууд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, марк, чанар, стандарт болон нийлүүлэх нөхцлийг худалдан авалт тухай бүрт тохирч, бүтээгдэхүүнийг литр тутамыг 1970 төгрөгөөр тохирон заасан хугацаанд худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь өөрийн эзэмшилд хүлээн авч, төлбөрийг төлөхөөр, худалдан авагч нь 2.1-д заасны дагуу бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний дагуу төлбөрийг 30 хоног дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирсон байна.

 

Дээрх гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8,000+37,160 литр, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 37,160 литр, нийт 162,170,400 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч А.Бд нийлүүлсэн, ийнхүү бүтээгдэхүүн хүлээн авсаны хувьд хариуцагч маргадаггүй болох нь А.Б худалдан авалтын тооцоо, ШТМ-ын зарлагын падаанууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний 3.5-д Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зориуд хугацааг удаашруулж 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж, алдангийн хэмжээг ихэсгэсэн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь Иргэний хууль болон зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн хувьд зориудаар хугацааг удаашруулж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл дор дурдсанаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа өөрийн оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Салхитын 5 дугаар гудамж, 92 тоот гэж өгсөн ба түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу нэхэмжлэгч шүүхэд хандсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2019/08927 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03477 дугаартай шийдвэрээр А.Бнийг эрэн сурвалжилахаар шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27з2-3/1074 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 802-409 тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоосон байна.

 

Дээрх тогтоогдсон хаягийн дагуу нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хаягаар дуудах болон хариуцагчийг албадан ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, улмаар уг ажиллагаа үр дүнд хүрээгүй тул мөн хуулийн 80.4-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/20941 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д Худалдан авагч нь 2.1-д заасны дагуу бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний дагуу төлбөрийг 30 хоног дотор бүрэн төлж барагдуулах-аар тохирсон боловч А.Б нь бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш төлбөрийг төлөөгүй, дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж, шүүхэд удаа дараа хандсан, тэрээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй зэрэг нь үүрэг гүйцэтгэх хугацааг санаатайгаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу А.Бнийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан зохицуулалтад нийцэхгүй, харин мөн зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацааны алдангид 155,926,80 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан зохицуулалтад нийцэхгүй юм.

 

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 640 хоногоор хугацаа хэтэрсэн байх ба бүтээгдэхүүний үнэ буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 162,170,400 төгрөгөөс хоногийн 0,15 хувийн алдангийг тооцвол нэг өдрийн алданги 243,255.6 төгрөг ба 640 хоногоор үржүүлэхэд 155,683,584 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр байх боловч энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож, 81,085,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.

 

Зохигчид нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №001-19 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, гаалиар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орж ирсэн, А.Бнийн эзэмшлийн мерседес бенц GLE350 маркийн, 4JGDA5JB8A713126 арлын дугаартай автомашиныг А.Б нь барьцаалсан ба гэрээний 2.4-т талуудын тохиролцсоноор 104-19/tp зээлийн гэрээний дагуу 80,000 литр буюу 160,000,000 төгрөгийн үүрэг хангагдсанаар барьцааны зүйлийг чөлөөлөх эрхтэй байхаар тохирсон байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах агуулга бүхий шаардлагыг гаргаагүй, мөн хариуцагч нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үндсэн төлбөр 162,170,400 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Бэс үндсэн төлбөр 162,170,400 төгрөг, алданги 81,085,200 төгрөг, нийт 243,255,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бэс Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 243,255,600 /хоёр зуун дөчин гурван сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 74,841,640 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,748,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бэс нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 1,374,228 /нэг сая гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ