Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Д.Ням, шүүгч Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

         Иргэдийн төлөөлөгч С.Уламбаяр

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***,  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох 201707000053 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын *** баг, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** онд Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 5 жилийн хорих ял, 1984 онд Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 9 жилийн хорих ял, 1996 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ял, 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 1998 онд Эрүүгийн хуулийн 211, 239 дүгээр зүйлийн 211.1, 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял, 2010 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ял, 2011 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, *** овогт  ***-ний *** гэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, эрэгтэй,  мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 онд Эрүүгийн хуулийн 96 дугаар  зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2008 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, 2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.

   Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн *** тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл буюу хутга хэрэглэж ***-ын даланд 2 удаа хутгалж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан,

   Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** аймгийн Есөнбулаг сумын *** багийн *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Чүлтэмдоржийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: *** манайд нэг шил архи барьж орж ирээд бид хоёр ууж сууж байгаад бөхийн талаар яриад маргалдсан. Би өмнө нь жоохон архи уусан байсан. 3 хундага архи уугаад нилээн согтсон. Тулгааг хутгалснаа санахгүй байгаа. Хутга ширээн дээр байж байсан. Бид хоёр Говь-Алтай, Увсын бөх гэж маргалдаж байгаад *** намайг архины шилээр толгой руу цохиод хоорондоо тиймэрхүү зодоон болсон байсан. Би ***-г хутгална гэж бодоогүй. Жоохон архи уусан, хоол унд идэж уугаад согтсон байсан. Маргааш нь хаалга цохиод байхаар нь онгойлгоход цагдаагийн *** ирээд чи яасан юм гэхээр нь яасан юм гэсэн чинь байцаалт өг гэсэн. Би байцаалт өгч чадахгүй гэсэн чинь өг гээд аваад явсан. Би сайн мэдэхгүй байна. ***-тай архи ууж байгаад чи хутгалсан байна гэсэн. Гэрт цус нөж болсон байхаар нь миний хөмсөгнөөс гоожсон юм болов уу гэж бодсон. ***-гийн орхиод явсан цамц нь цус нөж болсон байхаар нь Тулгаа бас яасан юм бол гэж бодсон.  Магааш нь байцаалт өгсөн. Тэгээд зураг аваад хувцас хурааж аваад явсан.***-Г хутгална гэж бодоогүй. Хутгалснаа сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт очиж оёо хийлгэснийг сайн мэдээгүй.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зохих хэмжээгээр ял хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

  Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би хүүхдийнхээ зургийг угаалгах гэж гарч явсан. Тэгээд такси дотор утсаа хаячихаад ***ахтай таарсан. Манай доод талын дэлгүүрийн үүдэн дээр байж байсан. Тэгээд утсаа хаячихлаа эхнэр загнах байхдаа. Хүүхдийн зурагнууд байсан. 6 сартай хүүхэдтэй гэсэн чинь ямар хүнд орхисон юм бол гэж ярьж байгаад өнөөдөр бөх гарч байгаа гээд танайд очиж бөх үзье гэсэн. Би Увс аймгаас шилжиж ирээд удаагүй байгаа. Таних хүн байхгүй. *** ахтай нэг шил ерөөл архи аваад очиж уугаад гурав гурван хундага уусан. Бид хоёр бөх үзэж байгаад маргалдсан. Манай Увсын бөх ийм, Говь-Алтай аймгийн бөх тийм гэж маргалдаж байгаад би кобро чи дандаа өөрийнхөөрөө дайрч байдаг гэж тоглож хэлсэн. Тэгсэн нэг шар иштэй хутга гаргаж ирээд унт би явлаа гэсэн чинь намайг нэг хутгалсан. Цамцаа тайлаад харуулах гээд тонгойсон чинь дахиад нэг хутгалсан. Энэ хүн манай хадам ээжтэй хамтран амьдардаг. Дахиж хутгалах гээд байхаар нь унадаг дугуй руу түлхэж унагаад гараад явсан. Гэрт ирээд цагдаа дуудаагүй манай эхнэр айсандаа дуудлага дуудсан байсан. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан учраас энэ хүнийг цагдаад өгөөд яахав гэж бодсон. *** ахыг шилээр цохиогүй. Миний ганц буруу үйлдэл бол та дандаа өөрийнхөөрөө дайрч байх юм гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял хөнгөрүүлж өгнө үү. Манай эхнэр нүдний хагалгаанд орох гэж байгаа тул гэрт хүүхэд харах хүн байхгүй тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс ***-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-68-рт/,  ***-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-73-рт/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16-рт/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-20-рт/, ***-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84-рт/, ***-ийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202 дугаартай захирамж /хх-123-124-рт/, ***-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83-рт/, ***-ийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай захирамж /хх-112-115-рт / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

   Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24-5 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бөхийн баилдаанаас болж маргалдан улмаар ***-ын даланд 2 удаа хутгалж, түүний биед зүүн даланд шарх гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах хэрэг гарсан байна.

   Уг гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 3-7 дугаар хуудсанд байх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 15-16 дугаар хуудсанд байх хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч ***-гын хохирогчоор байцаалт өгсөн “…эхлээд намайг цамцтай байхад хутгалсан. Тэгээд би яаж байгаа юм гээд цамцаа тайлж байхад дахин нэг удаа хутгалахаар нь би тэндээ цамцаа тайлаад зугатсан…” гэсэн мэдүүлэг, гэрч ***-ын “...*** нь гэрт орж ирээд *** намайг хутгалсан гэж хэлээд ухаан алдаад унасан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ***, *** нарын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар бөх үзэж байгаад маргалдсан хувийн таарамжгүй харьцаанаас уг гэмт хэрэг гарсан, ахуйн хүрээнд үйлдэгдсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэл тогтоогдоогүй, танхайрсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Иймд шүүгдэгч ***-ид холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ид 2 сар 25 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн *** тоотод байх ***-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бөхийн барилдаанаас болж маргалдан, өөрийг нь *** 3 дахь удаагаа хутгалах гэж дайрах үед нь түлхэхэд  унадаг дугуйруу унасанаас  ***-ийн биед баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд доод хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл буюу гэмтлийн зэргийн хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна.

         Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийнхөө амь насанд халдсан довтолгооныг няцаасан,өөрийгөө хамгаалсан  үйлдэл болох нь тогтоогдож байх  тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч ***-г ***-ийн гэмт халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын үйлдэл хийж халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэм хэрэгт тооцохгүй байхаар заасан байх тул шүүгдэгч ***-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

     Шүүхээс шүүгдэгч ***-ийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

        Энэ хэрэгт шүүгдэгч ***, ялтан *** нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт улсын бүртгэлийн лавлагаа болон цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсаргагдсан зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох үйлдэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ***-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч *** овогт ***-ий ***-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 2 сар 25 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 100.000 төгрөгний үнэ бүхий зурагт, 150.000 төгрөгний үнэ бүхий ор, 260.000 төгрөгний үнэ бүхий хоолны шүүгээ зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутал, 2 ширхэг алчуурыг шүүгдэгч ***-д буцаан олгож, шар иштэй хутга 1 ширхэг, 0.75 литрийн, дотроо шингэн зүйлтэй ерөөл архины шил 1, ноосон цамц 1, цус болсон өмд 2 ширхэг, 1 хос оймс зэргийг устгасугай.
  6. Энэ хэрэгт шүүгдэгч ***, ялтан *** нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт улсын бүртгэлийн лавлагаа болон цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар хавсаргагдсан зэргийг тус тус дурдсугай.
  7. Ялтан ***-ийг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шүүгдэгч ***-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                     ШҮҮГЧИД                         Д.НЯМ

                                                                               Ч.МӨНХТУЯА