| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1932002330002 |
| Дугаар | 2020/ДШМ/42 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2020/ДШМ/42
А.Баттулгад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Н.Улсболд /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцэцэгийн Баттулгад холбогдох эрүүгийн 1932002330002 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар баг, Минжийн хангай гудамжны №39 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтанцэцэгийн Баттулга /РД:М372073176/
Холбогдсон хэргийн талаар: А.Баттулга нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Галсанбулагийн ам гэх газар “3ил-131” загварын “03-84” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн татагчийг ажиллууласны улмаас Л.Батбаярын дээрээс мод унаж, улмаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх А.Баттулгад холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Баттулгыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Итгэлт ой” ХХК-иас оршуулгын зардалд 6,354,965 төгрөг гаргуулж, шүүгдэгч А.Баттулгаас тэтгэвэр, цалингийн зөрүү болох 649925 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болор-Эрдэнэд олгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Шүүгдэгч А.Баттулгаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон цалингийн зөрүүд хүүхдэд тус бүрт 43328 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Намуундарь, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Анударь, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Тогтуун нарыг 18 нас хүртэл бүгд 129985 төгрөгийг сар бүр гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болор- Эрдэнэд олгосугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг мөн хохирогчийн цалингийн зээл гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэлэлцэхгүй үлдээсэнг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Баттулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Яцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.Баттулгын эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Баттулга нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Мандал сумд мод бэлтгэх зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд болох мод зүсвэрийн рамнууд нь ойгоос мод бэлтгэх, тээвэрлүүлэх үйл ажиллагааг мод тээврийн машин эзэмшдэг хүмүүстэй /жолоочтой/ гэрээ байгуулан явуулдаг бөгөөд машин эзэмшигч жолооч нь мод бэлтгэх хүмүүсийг өөрсдөө олж үнэ хөлсөө тохиролцож, тэдний аюулгүй байдлыг ханган ажиллуулдаг, сүүлийн 30-аад жил Мандал суманд мод бэлтгэх үйл ажиллагаа дээрх байдлаар явагдаж ирсэн. Энэ дагуу 2019 оны 12 дугаар 02-ны өдөр мод тээврийн ЗИЛ-131 маркийн 03-84 СЭА дугаартай авомашины жолооч Л.Батбаяр нь “Итгэлт ой” ХХК-тай байгуулсан мод бэлтгэх гэрээнийхээ дагуу тус компаний мод бэлтгэх талбай руу явахдаа Мандал сумын иргэн А.Баттулга, Г.Цогтгэрэл, Н.Цэвээнпүрэв нарыг авч явсан ба тухайн үедээ А.Баттулгаар машинаа жолоодуулсан. Ууланд очоод өгсүүр замд машин хий эргээд явахгүй болмогц машиныхаа татагч троссыг ажиллуулах үедээ өмхөрсөн модонд тросс өлгөснөөс уг мод хугарч Л.Батбаярын дээрээс унаж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд талийгаач Л.Батбаяр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй буюу татагчийн тросс нь тасарсан, залгаастай байснаас осол хэрэг гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:
-Татагчийн тросст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 148, 149 хуудас/
-МХЕГ-ын улсын байцаагч Д.Бямбасүрэнгийн ...Шаардлага хангаагүй татагчийг ашигласан нь осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна, ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэх /хэргийн 69-р хуудас/
Мөн улсын байцаагч Д.Бямбасүрэнгийн дахин гаргасан ...Ажил олгогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадаагүй /хэргийн 172-р хуудас/ гэх дүгнэлтүүд
Гэрч Т.Цогтгэрэлийн ... Л.Батбаяр ах машины татагчийн дэргэд татагчнийхаа троссыг ховилноос нь гаргахгүй гээд троссноос нь бариад байж байсан гэх /хэргийн 42-р хуудас/
Гэрч Н.Цэвээнпүрэвийн ....Машины харалдаа байсан хоёр модны арын нойтон модноос би троссоо хийх гэсэн чинь талийгаач Л.Батбаяр наад мод чинь машинаас ташуу юм байна, татахаар машин эвдэрчихнэ урд талын модноос бэхлэ гээд нөгөө унасан модноос бэхэлсэн, жолооч татаж эхэлсэн чинь мод хугарч унах гээд дууграхаар нь би үсэрч холдоод хөөө мод унаж байна гэж хэлтэл Баттулга ах дуут дохиогоо дуугаргасан гэх /хэргийн 44-р хуудас/
Мөн гэрч Н.Цэвээнпүрэвийн ...осол болох үед тээврийн хэрэгслийн татагч хэвийн ажиллагаатай байсан. Харин татагчийн төмөр олс өмнө тасарсан байсныг нь зангидсан байсан. Тэгээд татагчаар татах үед талийгаач татагчийн дамранд тэр зангилаа тээг болж магадгүй, дамарнаас олс гарчихаж магадгүй гээд олсыг бариад татагчийн хажууд байж байсан. Тэрнээс биш уг нь татагчийн хажууд байх шаардлагагүй юм /хэргийн 155-р хуудас/
-Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ /хэргийн 12-р хуудас/ зэрэг болно. Иймд А.Баттулгыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй, энэ гэмт хэргийн обьектив талын шинж А.Баттулгын үйлдэлд байхгүй гэж үзэж байгаа юм.
2. Бодит байдал дээр жолооч А.Баттулга машины татагчийг л ажиллуулах үүрэгтэй, тросс модонд өлгөх /ороох/ үйл ажиллагааг талийгаач Л.Батбаяр өөрөө удирдан зохион байгуулсан байдаг. Машины жолооч модонд тросс ороох үед бууж харах боломжгүй, нэг бригад болон ажиллаж байгаа үед бусад гишүүд машины гадна талын ажлыг хариуцан хийж байсан, яг энэ тохиолдолд нүдээрээ харж, гараараа барьж байгаад өмхөрсөн модонд тросс бэхэлсэн хүмүүс ч буруутай эсэх асуудал яригдах ёстой гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж А.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...шүүгдэгч А.Баттулгын өмгөөөгч Ж. Энхжаргалаас гаргасан давж заалдах гомдолыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Сэлэнгэ аймгийн Тарни 8-р багийн нутаг дэвсгэрт Галсан булгийн ам гэх газарт 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 09 цагийн үед ЗИЛ-131 маркийн 03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Баттулгын болгоомжгүй үйлдлийн улмаас Л.Батбаяр модонд цохиулж нас барсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар А.Баттулга эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал:
-Хавтаст хэргийн 146-р хуудсанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл ...03-84 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд байрлах дамар хэлбэртэй, гол хэсэгтээ төмөр тросстой татагчийн хэвийн ажиллагаатай эсэхийг шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байсан болохыг гэрэл зураг, дуу дүрс бичлэгээр баталгаажуулан хэрэгт хавсаргав гэжээ.
-Хавтаст хэргийн 148-149-р хуудсанд татагчийн тросст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
-Хавтаст хэргийн 151-р хуудсанд гэрч Ш. Лхагваагийн мэдүүлэг
-Хавтаст хэргийн 155-р хуудсанд гэрч Н.Цэвээнпүрэвийн ...би өмнө нь мод түлээнд явж байгаагүй. Модны талаар ямар нэгэн мэдлэггүй гэсэн мэдүүлэг
-Хавтаст хэргийн 172-р хуудсанд ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан заалт зөрчигдсөн гэсэн дүгнэлтүүдээр А.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг батлагдан нотлогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч А.Баттулгын өмгөөлөгчөөс давж заалдсан гомдолд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд талийгаач Л.Батбаяр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй буюу татагчийн тросс нь тасарсан залгаастай байснаас осол гарсан гэж үзсэн нь учир дутагдалтай тросс тасраагүй, тросс тасарснаас болж осол гараагүй, тросс залгаастай байсан нь осол хэрэг гарахад нөлөөлөөгүй ...талийгаач Л.Батбаяр модонд цохиулж нас барсан байгаа.
Хавтаст хэргийн 146-р хуудсанд болон хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн баримтуудад тросс зангилсан хэсэг дамран дотроо байсан хөвөгдөж гарч ирээгүй талаар авагдсан байгаа.
Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм бурууг санаатай ба болгоомжгүй гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлсон бөгөөд болгоомжгүй хэлбэрийг хор уршиг учрах боломжтой байсныг мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохирсон, субьектив шинжийн хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч обьектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсаны улмаас хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна.
Иймд Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05-р сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ миний бие А.Баттулгын өмгөөлөгчөөс гарсан давж заалдсан гомдолтой танилцаад энэ өргөдлийг зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна. Миний нөхөр Л.Батбаяр ид хийж бүтээх залуу сайхан дөнгөж 30 гарсан насандаа амь насаа алдаж ард нь үлдсэн миний бие талийгаачийг нас барах үед 06 сартай жирэмсэн байсан. Одоо төрөөд 1 сар гаран болж байгаа. 03 настай, 06 настай 3 хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй сэтгэл санаа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд амьдарч байна.
Хэрэг явдал болсноос хойших саруудад би хаана гишгэж, хэнд юу гэж хэлж байгаагаач ойлгохгүй, хэдэн хүүхдүүдээ бодоод л өдөр хоногийг өнгөрөөж байсан. Миний нөхрийг удирдан зохион байгуулж байсан анх шийдвэрийг гаргасан гэж байгаад би итгэхгүй байна. Миний нөхөр хүн удирдахаар хүн биш. А.Баттулга би эд нараас ахмад нь болохоор бүх зүйл дээр удирдан зааварладаг байсан гэж өөрөө ч энэ тухайгаа шүүх хурал дээр хэлсэнийг бүгд сонссон. А.Баттулгын буруугаас болж миний нөхрийн амь нас хохирсон нь үнэн. А.Баттулга үүнийгээ ч хүлээн зөвшөөрч шүүх хурал дээр ярьж байсан. Гэтэл түүний өмгөөлөгч хажуугаас нь битгий өөрийгөө ороосон юм яриад бай гээд яриулахгүй байсан. Би ажил хийдэггүй, нялх бага насны 3 хүүхэдтэй болохоор ажил хийх ямар ч боломжгүй. Миний нөхөр амьд сэрүүн өдрөө өр зээлээ төлөөд үр хүүхэд биднийгээ тэжээн тэтгээд болдог л байсан. Одоо бол би нялх бага насны 3 хүүхэдтэй их өр зээлийн дунд маш хүнд байна.
Зил 131 машинаа 15 сая төгрөг зээлсэн хүндээ өгч байгаа. Одоо надад дотор нь амь зууж байгаа хашаа байшин л байна. Хашаа байшингаа зараад банкны зээлээ төлөх гэхээр бид нар гудамжинд гарах болоод байна. Ер нь эхний үед А.Баттулга миний буруу боллоо. Чамд тус дэм болоё, ахдаа хэлж яриарай гэдэг байсан боловч сүүлрүүгээ зан хувирч сураггүй алга болсон. А.Баттулга тросс татагчийг ажиллуулсанаас миний нөхөр нас барсан. Мод өөрөө хугараад талийгаачийн дээрээс унаагүй нь тодорхой. Миний бие А.Баттулгад маш их гомдолтой байна. А.Баттулга миний талийгаач нөхөр болон түүний эцэг эхтэй олон жил айл аймаг байсан. Бие биенийхээ амьдрал ахуйг сайн мэдэх хүмүүс. Гэтэл бидний амьдрал болон намайг ямар хүнд нөхцөлд байгаа сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд дарамтанд байгааг мэдсээр, үзсээр, харсаар байж шүүхээс төл гээд тогтоогоод өгсөн 649.925 төгрөгийг өнөөг хүртэл төлчихгүй байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжихгүй нь тодорхой. Гэхдээ сэтгэл гаргахгүй биднийг үл тоож хэрэг үйлдээгүй надад хамаагүй гэсэн байдлаар хандах болсонд А. Баттулгад маш их гомдож байна. Ийм учраас Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...анхан шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаанд цугларсан нотлох баримтад үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль хэрэглээг алдаагүй зөв хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас А.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу А.Баттулгад холбогдох эрүүгийн 1932002330002 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх А.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан боловч ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 /Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах/ -д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол болох оршуулгын зардал 6.354.965 төгрөгийг иргэний хариуцагч “Итгэлт ой” ХХК-иас, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Баттулгаас тэтгэвэр цалингийн зөрүү /2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны/ 649.925 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болор-Эрдэнэд олгох, мөн шүүгдэгч А.Баттулгаас тэжээгчээ алдсаны тэтэгвэр болон цалингийн зөрүүд сар бүр 129.985 төгрөг гаргуулан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Тогтууныг 18 нас хүртэл тус тус олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Учир нь иргэний хариуцагч “Итгэлт ой” ХХК болон хохирогч Л.Батбаяр нарын хооронд байгуулсан гэх “Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 12-р ху/ хүчин төгөлдөр бус, гэрээнд зурсан хохирогч Л.Батбаярын гарын үсэг хуурамч болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №938 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 157-159-р ху/ тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №05-078/16 дугаартай ”...Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургаас харахад машины татагчийн тросс ховилдоо орохгүй байсан нь тогтоогдож байна. Шаардлага хангахгүй татагч ашигласан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна...” /хх-ийн 69-70-р ху/, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №05-078/18 дугаартай “...Үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй ч гэсэн ажил олгогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ зөрчигдсөн байна...” /хх-ийн 172-173-р ху/ гэсэн дүгнэлтүүдийг анхан шатны шүүх хэрхэн үнэлж байгаа, иргэний хариуцагч “Итгэлт ой” ХХ-ийн хохирогчтой албан ёсоор гэрээ хэлцэл байгуулж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж, хөдөлмөр хамгааллын зааварчилга өгөлгүйгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,..” гэсэн заалтад хамаарах эсэх, шүүгдэгч А.Баттулгын үйлдлийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “...бусад болгоомжгүй үйлдэл...” гэж үзэж байгаа талаар тус тус хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг барагдуулахдаа ямар учраас шүүгдэгч А.Баттулга, иргэний хариуцагч “Итгэлт ой”ХХК-д тус тус ялгамжтай байдлаар хариуцлага оногдуулсан талаарх хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоолоор энэ хэрэгт огт ажиллагаа явуулаагүй ахлах мөрдөгч Г.Бямбасайханаас мөрдөгч Г.Амгаланбаатарт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.3-д “...шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх...” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байгааг анхаарах шаардлагатай байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол А.Баттулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ