Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0776

 

 

 

 

 

 

 

                                                 

           

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*****

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.О*******т холбогдох зөрчил шалган шийдвэрлэж гаргасан шийтгэлийн хуудастай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, хяналтын прокурор Н.А*******р, хариуцагч улсын ахлах байцаагч Г.О**** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А****** тус шүүхэд хандан Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.О******* 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э*****” ХХК-д торгох шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүгнэлт бичиж ирүүлсэн.

1.2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А***с 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гаалийн улсын ахлах байцаагч Г.О*******ийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шийтгэлийн хуудсыг зөвтгөж гаргаагүй бол хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэрт тусгуулах” тайлбарыг гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт, бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх нэгдсэн удирдамж”-ийн[1] хүрээнд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс “Эс энд Эй трейд” ХХК-д бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийсэн.

2.2. Уг шалгалтын хүрээнд гаалийн улсын байцаагч О.Бөхчулуун, А.Адилчимэг нараас 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Эс энд Эй трейд” ХХК-д “Бүрдүүлэлтийн дараах шалгалтад шаардлагатай санхүүгийн баримт, мэдээлэл гаргуулах тухай” албан шаардлагыг хүргүүлсэн.[2] Албан шаардлагын үндэслэлээ “...шалгалтын хугацаанд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалыг гаргаж өгөөгүй тул шалгалт хийж, үр дүнг гаргах боломжгүй...компанийн ерөнхий нягтлан бодогч Э.Нармандахад удаа дараа хэлж, шаардсан...” гэж дурджээ.

2.3. “Эс энд Эй трейд” ХХК-ийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны 236 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр “...нягтлан бодох бүртгэлийн анхан шатны материал бүрэн өгөөгүйн улмаас шалгалтын явц удааширсан та бүхний ажилд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Бид 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дутуу байгаа баримтаа бүрдүүлэн өгөхөө энэхүү албан бичгээр мэдэгдэж байна” гэжээ.

2.4. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч, гаалийн улсын ахлах байцаагч Г.О******* дээрх албан шаардлагын биелэлт хангагдаагүй үндэслэлээр “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай“ тэмдэглэл (ЗШША-2)-ийг үйлдсэн. Зөрчлийн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад хамаарах талаар тэмдэглэлд тусгасан[3]

2.5. Эс энд Эй трейд ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 243 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт “...гааль татварын байгууллагаас шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй нь компанийн буруутай үйл ажиллагаа тул торгууль, шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх хариуг хүргүүлсэн.

2.6. Маргаж буй гаалийн улсын ахлах байцаагч Г.О*******ийн 0089025 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Эс энд Эй трейд ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн.

2.7. Уг шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч “Эс энд Эй трейд” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2.1.1 заасны дагуу 500 нэгж...” гэж тэмдэглэн, шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор төлж биелүүлэхийг даалгаж, холбогдогч Эс энд Эй трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Аюушжаваар гарын үсэг зуруулж, тамга даран баталгаажуулсан байна.[4]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “...улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж хуулийн этгээдийг буруутгахдаа Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн,...зөрчлийг хүн эсхүл хуулийн этгээдийн аль нь үйлдсэнийг бүрэн шалгаагүй, зөрчил үйлдсэнийг нотлох баримтаар тогтоож, холбогдогч сайн дураар хүлээн зөвшөөрсөн баримт байгаагүй... 2021 онд хүчингүй болгосон тэмдэглэлийн маягт ашигласан нь нотлох чадвараа алдсан...” гэх агуулгаар дүгнэлтээ үндэслэн маргасан.

2.9. Харин шүүх хуралдааны явцад “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдсэнийг тогтоосон болон хүлээн зөвшөөрсөн баримт авагдаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдсэн нь баримтаар тогтоогдож, зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн зүйлчлэлийг зөвтгөж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн тул захиргааны актыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх саналыг гаргаж байна.” гэж тайлбарласан.

2.10. Хариуцагчийн зүгээс “...холбогдогч компани нь шалгалтын ажилд саад учруулсан...зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн...компанийн ерөнхий нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа болохыг гүйцэтгэх захирал И.Аюушжав хүлээн зөвшөөрсөн, энэ талаар албан бичгээр мэдэгдсэн..эрх, үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан,...хяналт шалгалт хуулийн этгээдэд чиглэсэн учраас хувь хүнийг торгох боломжгүй,.. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны маягтыг буруу гаргаж, техникийн алдаа гаргасан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл биш,...эрх зүйн хэлбэр, маягт, зүйлчлэлийг зөвтгөн гаргах боломжтой...” гэж тайлбарласан.

2.11. Харин “Эс энд Эй трейд” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан” зөрчил гаргасан, зөрчлийн шинж тохирсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхэд талуудын хэн аль нь маргаагүй байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******р шүүхэд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн гэж байгаа. Мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн гэж заасан. Тайлбар хэсэгт энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж заасан. Тэгэхээр энэ хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах ёстой байсан. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай гэж үзвэл нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд захиргааны байгууллагаас дахин шинээр акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу гаалийн байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг зөвтгөх үүднээс тухайн компанийн нягтлангийн буруу юм уу, хуулийн этгээдийн буруу эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх саналыг гаргаж байна...Эс энд Эй трейд ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн” гэжээ.

3.2. Хариуцагч гаалийн улсын ахлах байцаагч Г.О******* хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар 2022 оны 03 сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийх нэгдсэн удирдамж гараад тухайн компанид 06 дугаар сарын 01-ны өдөр мэдэгдэл явуулсан. Томилолтын бүрэлдэхүүнд татварын байгууллагаас 3, гаалийн байгууллагаас 3 хүн томилогдсон. Шалгалт эхэлсэн боловч 08 сарын 30-ны өдөр хүртэл тухайн аж ахуйн нэгжийн нягтлан, захирал хоёр шалгалтад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй, шаардлагыг удаа дараа биелүүлээгүй. Тийм учраас 09 сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Прокурор руу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх материалаа явуулахдаа удаа дараа шаардлага тавьсан, захирал нягтлангийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан баримтыг би гүйцэт явуулаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн хяналт шалгалт тасралтгүй, бүх аж ахуйн нэгж тэгш эрх, үүрэгтэй оролцох ёстой. Удаа дараа албан шаардлагыг хүргүүлсэн боловч тухайн компани шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг нь хэвээр үлдээж өгнө үү. Эрх зүйн хэлбэр дээр алдаа гаргасан. 2 маягт дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Эрх зүйн хэлбэрүүдийг өөрчлөн залруулах боломжийг олгож өгнө үү. Ковид-19 цар тахлын улмаас эрх зүйн хэлбэр өөрчлөгдсөнийг мэдээгүй. Энэ талаар сургалт аваагүй байсан. Шинэчилсэн маягтыг хэрэглэх заавар дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Одоог хүртэл төрийн хяналт шалгалтын ажиллагаа гүйцэт дуусаагүй байгаа. Энэ байдлыг харгалзан үзэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******рээс шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ дурдаж буй Гаалийн улсын ахлах байцаагч Г.О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус зохицуулжээ.

2. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аутентик[5] тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэжээ.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх”-ээр, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2 дахь заалтад “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж тус тус зохицуулжээ.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд зөрчил үйлдсэн нь ил тодорхой, нотлох баримтаар тогтоогдсон, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.

5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний үед талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд маргаж буй Гаалийн улсын ахлах байцаагч Г.О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогч “Эс энд Эй трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал сайн дураар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн хэдий ч компанийн ерөнхий нягтлан бодогч Э.Нармандах 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баримт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан, улсын байцаагчийн албан шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шаардсан зарим баримтыг хүлээлгэн өгөх боломжгүй гэх тайлбарыг бичгээр гаргасан байна.

6. Эдгээр үйл баримтаас үзвэл, гаалийн байгууллагын хяналт шалгалт, гаалийн улсын байцаагчийн ажиллагаанд саад учруулах, төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил нь хуулийн этгээдийн албан тушаалтан эсхүл хуулийн этгээдийн алиных нь үйлдэл, эс үйлдэхүй болох нь тодорхойгүй байдал тогтоогдлоо.

7. Тодруулбал, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаалийн улсын байцаагч нартай хийсэн уулзалтын тэмдэглэлд “Эс энд Эй трейд” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Э.Нармандах нь шалгалтад хамрагдагчийг төлөөлөн гарын үсэг зурж, тайлбар өгснөөс үзвэл[6], хяналт шалгалтын ажил эхлэх үеэс хуулийн этгээдийн төлөөлөн ажиллагаанд эрх, үүрэг хүлээж оролцсон гэж дүгнэх бөгөөд “Эс энд Эй трейд” ХХК-ийн 2022 оны 243 дугаартай албан бичгээс үзвэл тус компани баримт материал хугацаанд нь гаргаж өгөөгүй буруутай үйл ажиллагаа болохыг хүлээн зөвшөөрсөн боловч “...ерөнхий нягтлан бодогч Э.Нармандах ажилдаа хайнга хандаж, гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй...” гэснээс үзвэл зөрчлийн гэм буруу, шалтгаан нөхцөл, үр дагаврыг дахин тодруулах шаардлагатай.

8. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аутентик[7] тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж заасан бөгөөд гаалийн улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил нь зүйлчлэлийн хувьд “хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан” зөрчилд хамаарахаар байна.

9. Энэ талаар гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******рийн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэх талаар гаргасан дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй тул 15.2 дугаар зүйлийн аль хэсэгт, заалтад хамаарахыг дахин нягтлах нь зүйтэй.

10. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу зөрчлийн хэргийн холбогдогч хүн эсхүл хуулийн этгээдийн алин болохыг тогтоох, Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсэг, ангийг тухайн зөрчилд тохирсон эсэхийг судлан тодруулж, шалган тогтоох нь хариуцагч эрх бүхий албан тушаалтан бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч Г.О*******ийн чиг үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар зөрчлийн хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

11. Шүүхээс хариуцагч нарт дахин шинэ акт гаргах 21 хоногийн хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд  энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж байна.

12. Шүүхээс тогтоосон 21 хоногийн хугацааг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.О*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0089025 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 26-31 дэх тал

[2] Хх 11 дэх тал

[3] 1Хх 5 дахь тал

[4] 1Хх 8 дахь тал

[5] Хууль тогтоогчийн зүгээс хуулийн нэр томьёонд хийсэн тайлбар

[6] Хх 33 дахь тал

[7] Хууль тогтоогчийн зүгээс хуулийн нэр томьёонд хийсэн тайлбар