| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0013/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000831 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1985 оны 05 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд дунд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 2020/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 сарын 27-оос 28-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг******* нэртэй караоке дотор *******тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр “чи хэн юм пизда минь, хэн ч биш байж яг одоо зайл” гэж хэрүүл маргаан өдөн танхайрч улмаар архины шилээр толгой руу нь цохиж зулайд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: ...2024 оны 10 сарын 27-ны өдөр *******н караокед найзтайгаа уулзахаар болсон. ******* намайг дайлж Finlandia нэртэй 1 литрийн архи нэг шилийг *******, түүний эхнэр бид гурав хувааж ууж дуусгасан. Нөгөө хоёр эмэгтэй маань шар айраг ууж байсан. Хоёр дахь архийг би аваад мөн адил хувааж уусан. Шөнө 02 цагийн орчимд арын өрөөнд орж архи уусан. ******* бид хоёр нэлээн муудсан байсан. Би электрон тамхи татдаг учраас цэр бөөгнөрдөг. Тухайн нөхцөлд би шал руу нь шүлсээ хаясан. Шүлсээ хаясан шалтгааны улмаас ******* бид хоёр муудалцсан. ******* босож ирээд “миний студийг яагаад доромжлоод байна” гэж хэлээд намайг нэг удаа цохисон. Би улмаар өөдөөс нь босоод харилцан цохилцож арын буйдан руу шидэж дарсан. Миний нуруу руу цохихоор нь би гарт таарсан зүйлээрээ *******г цохисон. ******* нь босож ирээд намайг өөрийнх нь тархийг хагалчихлаа гэж хэлсэн. Би *******гаас уучлалт гуйсан. ******* надаас хохирол төлбөрт 10,000,000 төгрөг нэхсэн ба одоогоор шууд 10,000,000 төгрөг өгөх боломжгүй. Хохирол төлбөрт 240,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг,
Хохирогч *******н: 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр******* нь над руу гар утсаар залгаад эхнэр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд намайг хуурчихлаа надад хэцүү байна, сэтгэл санаагаа засмаар байна гээд ирсэн. Өмнө нь надад туслаад арга хэмжээ хөтөлж өгснөө санаад баярлалаа гэдгээ хэлээгүй байсан учраас би ширээ засаад хүлээн авсан. Хүмүүс их байхаар нь арын өрөөнд нэмж уусан.*******ын хоёр найз нь яваад өгсөн. Манай нэг ажилтан байсан. Манай эхнэр өглөө ажилтай гээд мөн адил харьсан. Гэтэл*******ын зан араншин гэнэт өөрчлөгдөөд эхэлсэн. Агсам согтуу тавиад чи хэн юм яг одоо зайл гээд архиныхаа шилийг 2-3 удаа бариад далайсан. Тэгэхээр нь би жаахан хүүхэд шиг яагаад байгаа юм гээд тайвшруулаад суулгатал шүлсээ газарт биш ширээнд хаясан. Чи яагаад байгаа юм найзынхаа ажлын газарт ингэж болохгүй гэж хэлэхэд******* нь архины шил бариад миний хажууд хүрээд ирсэн. Яагаад байгаа юм бэ гэж хэлээд суулгах гэтэл намайг архины шилээрээ толгой тус газарт цохисон. Архины хагарсан шилээрээ над руу дахиад дайрах гэхэд нь би*******ыг барьж аваад ард нь гараад тайвшруулах зорилгоор хүзүүг нь дарахад тийчгэнэсээр байгаад боссон. Би*******ас холдоод гар утсаар эхнэр лүү залгаж дуудсан. Хэсэг хугацааны дараа эхнэр хүрээд иртэл******* намайг манай эхнэртэй явалддаг гэж хэлээд өөрийнхөө бэлэг эрхтнээ гаргаад инээгээд байж байтал цагдаагийн албан хаагч орж ирсэн. Улмаар хэсэг хугацааны дараа би*******ыг эхнэрийн хамт гэрт нь хүргэж өгсөн. Толгойнд хоёр оёдол тавиулсан. Нэхэмжлэх зүйл гэвэл 07 хоногийн хугацаанд ажлаа алдсантай холбогдуулаад 3,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл баримтын шаардлага хангахгүй байсан. Одоо сэтгэцэд учирсан гэм хорын зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******н Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5, 7/,
Гэрчийн:******* нь, гэсэн хоёр найзтайгаа нөхөр бид хоёрын ажиллуулдаг нэртэй караокед ирсэн. Нөхөр бид хоёр тэдэнтэй хамт суугаад согтууруулах ундаа хэрэглэсэн. Би өглөө эрт ажилтай байсан болохоор шөнө 01:00 цагийн орчимд гэр лүүгээ явсан бөгөөд манай нөхөр *******,******* хоёр караокед архи уугаад үлдсэн. Тэгтэл 02:00 цагийн орчимд манай нөхөр над руу залгаад “Ганаа миний толгойг архины шилээр цохиод хагалчихлаа, чи цагдаа дуудаад хүрээд ир” гэхээр нь би цагдаад дуудлага өгчхөөд караоке руу очсон. Тэгтэл манай нөхрийн толгойноос нэлээн их цус гарсан байдалтай,******* нь мэдрэл муутай хүн шиг орилоод над руу салаавч болон бэлэг эрхтнээ гаргаад орилоод байсан. Манай нөхрийг цохих үед би хажууд нь байгаагүй тул яагаад манай нөхрийг цохисныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрчгийн: ...манай нөхөр******* 2024 оны 10 сарын 28-ны шөнө 02:00 цагийн орчимд гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувцас хунар нь энд тэндээ жижиг цусны толбо болсон байдалтай орж ирсэн. Тэгээд яагаад цусны толбо болсон талаар асуухад *******тай муудалцсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай: *******н биед зулайд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,
“Толгойд зүсэгдсэн ил шархтай” гэх хохирогч *******н Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/,
“...зүүн зулай хэсгийн хуйхан дор 0.3 сантиметр зузаантай цус хуралттай...” гэх хохирогч *******н Саран элит эмнэлэгт өгсөн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 31/,
Шүүгдэгч******* болон хохирогч ******* нарын хоорондоо фэйсбүүк чатаар харилцсан зурвас бүхий гэрэл зургууд /хх-ийн 104-106/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг******* нэртэй караоке дотор *******тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр “чи хэн юм пизда минь, хэн ч биш байж яг одоо зайл” гэх хэрүүл маргаан өдөн танхайрч улмаар архины шилээр толгой руу нь цохиж зулайд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2024 оны 10 сарын 27-оос 28-нд шилжих шөнө хохирогч *******н ажиллуулдаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрладаг нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа *******тай маргалдаж улмаар түүний толгой руу архины шилээр цохисны улмаас *******н эрүүл мэндэд зулайд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд зулайд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний төлбөрт 240,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдож байна. /хх-ийн 108/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч******* нь хохирогч *******н эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 35,396 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн хуралдааны 23 дугаартай тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөг байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.
Хохирогчид учирсан гэм хор, эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт шүүгдэгчээс 4,000,000 төгрөг гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгчээс 35,396 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогчийн 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан саналтай холбоотой тайлбар, хүсэлт гаргаагүй болно.
Харин шүүгдэгч******* нь торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******ас 35,396 /гучин таван мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР