Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:*******7/2025/0033/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000870 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1981 оны 05 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 удаа тээврийн хэрэгсэл барьсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2 удаа жолоо барьсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 4 настай охинтойгоо амьдардаг. Хүүхдийг минь харах хүн байхгүй зэрэг байдлыг харгалзан үзнэ үү гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,

         Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.02 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 6/,          

         Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан гэрэл зураг /хх-ийн 7/,

         Гэрч*******ийн: 2024 оны 12 сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Апполло” дэлгүүрийн орчимд шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд ******* гэх эмэгтэй хүн сууж байсан бөгөөд ******* нь 2023 оны 12 сарын*******-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсаны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн мөн зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул драгер багажаар үлээлгэж шалгахад 1.02 хувь гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

         Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 сарын 02-ны******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн талаарх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /хх-ийн 35-50/,

         Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 52-55/,

         Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 сарын*******-аас 01 жилийн хугацаагаар, 2024 оны 11 сарын 04-өөс 03 жил 01 сарын хугацаагаар тус тус хасуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 63/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцдэггүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын*******-нд 2.09 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Энх-Амарын 2024 оны 01 сарын 02-ны******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байна.

Мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн ба 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 1.02 хувийн согтолттой жолоодож яваад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 1.02 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хасаж, 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 01 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг 14,000,000 төгрөгөөр торгох саналыг тавьж байна. Миний үйлчлүүлэгч торгуулийн ялыг төлөх боломжтой байх тул дээрх торгох ялыг багасгаж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэх саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын*******-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсжээ.

Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас гадна тэнссэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд аюултай шинж, хор уршгийг ойлгож ухамсарлахгүйгээр удаа дараа согтуурсан үедээ, жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, хорих ял эдэлж дууссаны дараа зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч нь 2020 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн охинийн хамт амьдардаг өрх толгойлсон эх болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн 02 дугаар хорооны 2025 оны 01 сарын 27-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасан байх тул 2020 оны 06 сарын 24-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 04 настайөд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/******* дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, хорих ял эдэлж дууссан үеэс зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2020 оны 06 сарын 24-нд төрсөн, 04 настайөд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР