Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

2025       01         21                                           2025/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0004/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,

Улсын яллагч ************,

Шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ************ овгийн ************** *************** холбогдох 2439000000397 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****************

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө ********** аймгийн ********* сумын 5 дугаар багт байрлах Тулга баарны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан Ш.************ цамцаар нь хоолойг боох, толгойн тус газар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө ********** аймгийн ******** сумын 5 дугаар багт байрлах Тулга баарны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан Ш.************ хоолойг боох, гараараа толгойн тус газар цохих, хөлөөрөө өшиглөн зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Ш.************* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алминд цус харвалт, баруун нүдний зовхины дотор буланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.*********** гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Ш.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамт морио усанд сойж байсан хэдэн уяач найзуудтайгаа хамт 23 цагийн орчимд ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "********" бааранд очсон юм. Тэгээд бид хэд гурвуулаа явж байсан учир тэнд 2,5 литрийн савлагаатай том пиво гурвийг хувааж уусан. Тэгээд байж байтал манай Галшар сумын хэдэн таньдаг найзууд маань ирээд бид нар бас хоорондоо нилээн юм ярьж суусан юм. Тэгтэл Галшар сумын харъяат ********** гээд залуу би яахав зүс л мэддэг тэр залуу манай найзуудтай хамт явж байсан. Тэгээд гэнэт над руу үг хаяад чи намайг тоодоггүй намайг ялгаж харьцлаа надад урилга өгсөнгүй гээд янз бүрийн юм яриад байсан юм. Тухайн үед би тэр ************ гэх залууд за юу гэж тийм юм байхав дээ би та нарыг хамт явж байхад чинь бүгдэд л манайхаар очоорой гэж хэлсэн шүү дээ гэж хэлээд нээх тоохгүй байж байгаад... би удалгүй гадагшаа гараад явтал нөгөө ******** гэх залуу гадаа зогсож байгаад бид хоёр хамт Тулга баарны зүүн талын блокон хашааны урд талд нь гараад бие засаж байтал ********** гэнэт миний араас цамцны захаар хоолойг маань боогоод авахаар нь би яаж байгаа юм бэ? гээд зөрүүлээд барьж аваад хоёулаа больё маргалдаад яахав дээ гэтэл ********** намайг нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон юм. Тэр үед нь би арагшаа хөл алдаж унахдаа хашлага төмөр толгойныхоо ар талын хэсгээр мөргөж унаад тэгээд миний толгой эргээд хэвтэж байхад дахиад миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би арай гэж босч ирээд *********** барьж аваад больё гэж хэлсэн чинь тоохгүй намайг дахиад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхээр нь би сүүлдээ тэсэлгүй ************ шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон юм. Тэгээд бид маргалдаж байтал дотроос манай найз ********** гарч ирээд бид хоёрыг салгасан юм.... Тухайн үед би зүгээр л хамарны цус гарсан байх гэж бодоод тоохгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгээд би гэртээ очиж маргааш өглөө нь бостол миний хамар мурийчихсан байсан болохоор нь эмнэлэгийн байгуулагад үзүүлтэл хугарчихсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9-р хуудас/,

 

2.Гэрч Х.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө аймагт хадам ээжийн гэрт унтаж байхад манай нөхөр 01 цаг 40 минутын орчимд гаднаас халамцуу орж ирсэн юм. Тухайн үед манай нөхөр ********* өмсөж явсан цамц, хувцас хунар нь нил цус болчихсон тэгээд нүүрэндээ хамар болон зүүн талын шанаа, нүд хэсэг нь нилээн хавантай болчихсон орж ирсэн юм. Тэгээд би тухайн үед нөхрөөсөө юу болсон талаар асуухад надад ********** нэг залууд зодуулчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би чи эхэлсэн юм уу яасан юм тэр залууг хэн гэдэг юм гээд асуусан чинь манай нөхөр *********** гэдэг залуу байгаа анх бааранд ороход л үг хаяаад байсан юм. Тэгээд намайг гараад бие засах гэж байхад араас ирээд цамцнаас боогоод тэгээд эргэж хартал цохиод унагасан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/,

 

3.2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 511 дугаартай ********* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.*********** “...Ш.********* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун нүдний зовхины дотор буланд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.******* хохирогч Ш********* биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Иймд шүүгдэгч Б.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Б.********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Б.********* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 83 дугаар хуудаст “...хагалгааны 2,000,000 төгрөгийг төлсөн ... хохирол барагдуулсан ... ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

             4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.********* нь хохирогч Ш.************* 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******** овгийн ********* ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.************ мэдэгдсүгэй.

                                                                                                                                           

            5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*********** нь хохирогч Ш.************ 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР