Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

2025       01          23                                       2025/ШЦТ/22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:321/2025/0007/Э

 

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, Ерөнхий шүүгч Э.Одхүү, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.************,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.************,

улсын яллагч Д.*************,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.************,

шүүгдэгч Ж.********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ******** ********* холбогдох 2439000000327 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            ************

           

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ж.****** нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****** аймгийн ********* сумын Барх 2 дугаар багийн нутаг "Бархын дов" гэх газар Н.************* "Автомашин засварлах асуудлаас шалтгаалан маргалдаж, улаан өнгийн иштэй эвхдэг хутгыг зэвсэг болгон ашиглаж, хохирогчийн цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "цээжний зүүн хэсгээр цээжний хөндий руу нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт" бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Ж.********** нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** аймгийн ********* сумын Барх 2 дугаар багийн нутаг "Бархын дов" гэх газар Н.********* "Автомашин засварлах асуудлаас шалтгаалан маргалдаж, улаан өнгийн иштэй эвхдэг хутгыг зэвсэг болгон ашиглаж, хохирогчийн цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "цээжний зүүн хэсгээр цээжний хөндий руу нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

            1.Хохирогч Н.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харин *********** өөрийнхөө машиныг бариад хөдөлсөн, тэгээд жоохон явж байхад ********** ил гэнэт тооромзоо гишгэтэл нөгөө залуу ******** машины араас очоод мөргөчихсөн, тэгээд бид хэд машинаас буугаад нөгөө залууг чи ********** машины багажийг нь аваад өгчих бусдыг нь би янзлаад өгье гэхэд нөгөө залуу адилхан ууж идчихээд хувааж төлье гээд уурласан, тэгээд бид гурав машины эвдрэл дээрээс болж хоорондоо маргалдахад нөгөө залуу би төлбөрийн чадваргүй хүн, биеэрээ ганц жил суугаад гараад ирчих нь гээд том том яриад байхаар нь чи тэгж ярихгүй шүү гээд маргалдахад нөгөө залуу намайг гэнэт нэг юмаар хатгах шиг болсон, тэгсэн цээжний зүүн талд халуу оргиод байхаар нь харсан чинь цус гарч байсан.... ********** намайг сугдаад машинаас буулгаад миний машин руу алхаж явахад нөгөө залуу хоёр машины голд өвсөн дээр хэвтчихсэн хоёр ах намайг эмнэлэг дөхүүлээд өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-76-р хуудас/,

 

            2.Хохирогч ************ дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Ганбатад хутгалуулсан...би Ганбат гэх залууг зодож цохиогүй... мөн боосон асуудал байхгүй...би зүгээр маргалдаж, муудалцсан... уг гэмтлийг Ганбат гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80-р хуудас/,

 

            3.Хохирогч ********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ********хаанаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй байна гэнэт миний цээж зүүн дээд хэсгээр хутгалсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 84-р хуудас/,

 

            4.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд унтаж байхад *********** утас чинь хаана байна, хүн хутгалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-105-р хуудас/,

 

            5.Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд пиво ууж байсан чинь ********* улаан иштэй эвхдэг хутга гаргаж ирэх шиг болсон тэгсэн чинь ********намайг хутгалчихлаа гээд сөхрөөд унасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-114-р хуудас/,

 

            6.Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад ойролцоогоор 23 цаг өнгөрч байх үед их эмч ********* над руу яриад би хоёр хүнд хүнтэй очиж байна гэсэн... Тэгээд уг хоёр хүнийг тус тусад орон дээр хэвтүүлээд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн... ********* гэх хүний биед 2021 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 00 цагт үзлэгийг хийж ******** гэх хүнд гэмтлийн шалтгаантай цээжний нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт гэсэн оношийг тавьж 1. Гуурсаар хүчилтөрөгч өгсөн, 2. Натри хлорид 0.9%-500 мл-ийг судсаар, 3. Кокор 100 мл-ийг судсаар, 4. Витамин С 2 гр-ийг натри хлорид 8 гр-тай хольж судсаар, 5. Виксол 1 гр-ийг булчинд, 6. Рингер 500 гр дуслаар, 7. Цефатаксим 1 сая, новокайнтай найруулж булчинд, 8. Дексаметазон 8 мг натри хлоридтой хольж дуслаар зэрэг эмчилгээнүүдийг хийж, өвчний түүх нээж эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед ********* гэх хүн амьсгалж чадахгүй байна, унах гээд байна гээд байсан бөгөөд өөрөөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй... тухайн үед ********** гэх хүн манай эрүүл мэндийн төвөөс ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 123-125-р хуудас/,

 

            7.Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан...хамгийн түрүүнд хутгалуулсан гэх ********** биеийн байдлыг үзэхэд цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд хутга нэвтэрсэн шархтай биеийн байдал хүнд байсан..., тухайн үед ********** өвчний түүх нээж хийгдэх эмчилгээ бичиж цээжний шарханд анхны цэгцлэлт хийсэн..., ******** зүүн талын уушгинд гуурс тавьж Аймгийн нэгдсэн Эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 128-129-р хуудас/,

 

            8.2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч ********** №519 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “1.************ биед цээжний зүүн хэсгээр цээжний хөндий руу нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд /зүүн/ цус, хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /1 хх-ийн 179-181-р хуудас/,

 

            9.Хэргийн газрын үзлэгийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 45-67-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

           

Шүүгдэгч Ж.****** хохирогч Н.*********** хутгалсан цээжний зүүн хэсгээр цээжний хөндий руу нэвтэрч зүүн уушгийг хатгаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд /зүүн/ цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан идэвхитэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд түүний үйлдэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

            “Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Ж.Ганбатыг зэвсэг хэрэглэж, хохирогч Н.Энхсайханы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

            Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг шүүх хэргийн нөхцөл байдалтай нийцсэн байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ж.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.   

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Ж.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 55 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ж.*********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.*********** 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********* оногдуулсан 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.********* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Ж.********* бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч Н.********** холбогдох баримтаа бүрдүүлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй байна.

           

            4.Бусад асуудлн талаар:

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай олон үйлдэлт хутга 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ******** овогт ********** ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.*********** 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********** оногдуулсан 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай олон үйлдэлт хутга 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

           

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХБААТАР

                                   

                                                                                                                                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ОДХҮҮ

 

 

                                               ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА