| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0040/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Өсвөр насны шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч*******,
Өсвөр насны шүүгдэгч*******гийн хууль ёсны төлөөлөгч*******,
Өсвөр насны шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Өсвөр насны шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Өсвөр насны шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2418002730858 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* (РД:******* ), 2007 оны 08 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг,*******,*******, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 2022/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан,
2. Монгол Улсын иргэн,******* ( ), 2008 оны 06 сарын-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурдаггүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******ийг 2024 оны 10 сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сутай баарны орчмоор ургасан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис буюу олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн, 2024 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн*******ны тоот гэртээ хадгалсан, 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 22:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн*******ны гадна 16 настай*******д өгсөн буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч*******г 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 22:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн*******ны гадна 17 настай *******оос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис буюу олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор авсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч *******ийн: Фэйсбүүк, инстаграмм нийгмийн сүлжээнээс каннабис ургамлын талаар бичлэгийг нь үзэж байсан. Тухайн ургамлыг анх удаагаа хэрэглэж үзсэн. Хүмүүсээс уг ургамлыг хэрэглэхээр тайвшруулдаг гэх яриа сонсоод сонирхоод хэрэглэсэн. Дахиж хэрэглэхгүй гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч*******гийн: Би *******ийн фэйсбүүкийн стори-г үзээд түүнээс энэ ургамлыг авсан. Тэгээд цаасанд ороогоод сорж үзсэн. Найзуудтайгаа явж байх үед тухайн ургамлыг хэрхэн хэрэглэдгийг заалгаж, гэртээ юутүб хуудаснаас хайж үзсэн. Энэ ургамал нь сэтгэцэд нөлөөлдөг, үр хүүхдэд нь дамждаг зэрэг хор хөнөөлтэй гэдгийг ойлгож авсан гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч*******ын:******* Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд үсчин мэргэжлээр суралцаж байсан. Би ажил хийгээд хоёр хүүхдээ харах боломж байдаггүй. Надад хичээлдээ явж байгаа гэж хэлж байсан. Тэгсэн манай хүүхдийг хараад явж чадаагүй байсан. Ээж маань өнгөрсөн зунаас хойш эмчилгээ хийлгэж байгаа учраас асаргаа шаардагдсан. Аав маань хөдөө мал малладаг. Ийм учраас дүү маань сургуульдаа явах боломжгүй байсан. Цаашид сургуульд нь суралцуулж, хүмүүжилд нь анхаарах болно гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч*******: Би эхнэртэйгээ хамт Өмнөговь аймагт ээлжийн ажил хийдэг байсан. Хүүхдийгээ энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш би ажлаасаа гарч, Дархандаа тогтвортой байгаа юм. Түүнчлэн хүүхдийнхээ сургалт, хүмүүжилд анхаарч, хараа хяналтаа сайжруулах арга хэмжээ авсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч*******гийн шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9/,
“...Үзлэгээр******* нь ногоон юм гэх нэршилтэй зүйлийг Ga Ba гэх хаягтай мессенжер хэрэглэгчээс авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдов” гэх насанд хүрээгүй гэрчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/,
“...Үзлэгийг*******гийн цүнхэнд хийхэд цэнхэр цагаан өнгийн уутанд ургамал мэт зүйл байсныг хураан авав...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25/,
Өсвөр насны шүүгдэгч*******гийн биед үзлэг хийх үеэр хураан авсан 22.0310 грамм жинтэй өвс ургамлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/,
Насанд хүрээгүй гэрчийн: ...2024 оны 10 сарын 08-нд******* бид 2 гэрт нь байж байгаад бид хоёр вокзал явж манай гээд найзтай очиж уулзсан. Тэгтэл******* “ гээд найзтайгаа уулзах хэрэгтэй байна” гээд миний гар утсанд өөрийн мессенжер хаягийг оруулаад гээд найзтайгаа ярьсан. Тэгээд бид 2 өнгөт хороолол руу*******ны гадна очоод******* гээд найзтайгаа уулзсан бөгөөд тэр хоёр салаад******* буцаж явж байхдаа цүнхэндээ нэг гялгар ууттай зүйл хийсэн. Би юу болохыг нь асуухад “зүгээр ээ, нэг юм” гэж******* хэлсэн. Би тухайн гялгар ууттай зүйл нь хар тамхи байсныг цагдаа хэлэхэд л мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Өсвөр насны шүүгдэгч******* нь 2024 оны 10 сарын-ний байдлаар 16 нас 04 сартай байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42/,
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 21-ний байдлаар 17 нас 01 сар 23 хоногтой байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-53/,
“ ******* нь 180 сантиметр өндөртэй, 80 килограмм орчим жинтэй, цайвар царайтай эрэгтэй байв...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55/,
“...каннабисын агууламжтай ургамал түүсэн гэх газраа Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарнаас ертөнцийн зүгээр зүүн зүгт байрлах ТП-15 цахилгааны дэд станцын замын эсрэг талд байх хэсэг газрыг зааж харуулав...” гэх өсвөр насны шүүгдэгч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 56-59/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч *******ийн шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 70-71/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 24-ний дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ( ) 2024.10.09 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 06-ны дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ************** гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-90/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ДУА******* гэж хаягласан зип лок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 22.0310 грамм байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-97/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай каннабис буюу олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2024 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл гэртээ хадгалсан, 16 настай*******д өгсөн. Өсвөр насны шүүгдэгч******* нь дээрх сэтгэцэд нөлөөлөх каннабис гэх ургамлыг *******оос мансуурах зорилгоор буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Миний үйлчлүүлэгч******* нь 2024 оны 10 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Өнгөт хорооллын*******ны гадна талд *******оос сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах ургамлыг мансуурах зорилгоор авсан үйл баримт тогтоогдсон. Мөн түүний биеэс илэрсэн. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сутай баарны орчмоор ургасан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг түүж аваад өөрийн гэр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн*******ны тоотод хадгалсан, 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 22:00 цагийн орчимд байрныхаа гадна*******д өгсөн. Өсвөр насны шүүгдэгч******* нь *******оос авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад хамаарах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай ургамлыг авч яваад цагдаад саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох өсвөр насны шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, гэртээ хадгалсан,*******д өгсөн зэргээрээ, өсвөр насны шүүгдэгч*******гийн үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр олж авсан зэргээрээ тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул өсвөр насны шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Өсвөр насны шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч ******* нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч******* нь ам бүл 4, эгч, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа нь дуусаад удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч*******д гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах сургалт хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Миний үйлчлүүлэгч******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээнд байгаа эхийгээ асарч байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр авхуулах саналтай байна. Дээрээс нь улсын яллагчийн саналд дурдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг дэмжиж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг тус тус гаргаж байна гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: Миний үйлчлүүлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Төв аймаг дахь политехникийн коллежид суралцаж байгаа оюутан юм. Энэ удаа мөн адил насанд хүрээгүй байх үедээ гэмт хэрэгт холбогдсон. Хувийн байдлаас илүүтэйгээр ирээдүйг нь харгалзан заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хариуцлага хүлээлгэх боломжтой. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т 02 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч*******д 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан 02 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хоёр дахин багасгаж, шүүгдэгч *******ийн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, шүүгдэгч*******гийн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг түүний оршин суух газар болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,, тоотоос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өсвөр насны шүүгдэгч*******гийн биед үзлэг хийх үеэр хураан авсан 22.0310 грамм жинтэй гялгар ууттай өвс ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч *******ийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,, тоотоос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 22.0310 грамм жинтэй гялгар ууттай өвс ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР