Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2021/00091

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 27 өдөр Дугаар136/ШШ2021/00091 Д аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Чгийн 2 дугаар гудамжны ** тоотод оршин суух, Ө овогт Югийн Г /РД:Е8888888/-ийн

 

Хариуцагч: Д аймаг, Д сум, 4 дүгээр баг, *** тоотод оршин суух, Б овогт Чгийн О РД:/Е888888888/-д холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ч.Отэй 2012 онд танилцан гэр бүл болж 2013 оноос хамтран амьдрах хугацаанд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бидний дундаас хүү Хз маань төрсөн болно. Бид гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй бөгөөд таарамжгүй харьцааны улмаас хүүг минь 7 сартай байхад салж амьдрал тусдаа болсон бөгөөд би хүүгээ өөрийн асрамжид хүмүүжүүлж эдүгээг хүрч байна. Энэ хугацаанд эх нь нэг л удаа хүүтэйгээ уулзсан бөгөөд хүү маань хар багаасаа над дээр өссөн болохоор ээжийгээ огт мэдэхгүйн гадна О нь одоо тусдаа амьдралтай хүүгээс минь хойш 2 хүүхэдтэй болсон болно. Гэхдээ миний хүүгийн бичиг баримт хаягийн бүртгэл ээжийнх нь нэр дээр мөн овог нь ээжээрээ байдгийн улмаас хүүхдийн мөнгө болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн хамааралтай бусад хангамж миний хүүд огт хамаардаггүй. Цэцэрлэг сургуульд ороод ирсэн чинь бичиг баримтын зайлшгүй шаардлага гарч энэ бүгдийн шаардлагаар хүүгийн минь эрхийн асуудал хохирч байна. Хүү Х з минь одоо С сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 1-р ангид сурч байгаа юм. Хүү маань хар багаасаа л эцэг миний асрамжид өсөж хүмүүжиж өдий зэрэгт хүрсэн бөгөөд эх нь асрамжийн талаар ямар нэгэн маргах зүйлгүйн гадна бичиг баримтууд нь бүгд эхийнх нь нэрээр овоглогдсон байдаг юм. Иймд хүү Хзгийн эцэг Г би болохыг тогтоолгож мөн хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ю.Г нь надад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2013 оноос хойш хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүү төрсөн. 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Хз нь Гийн хүүхэд мөн. Хүү Хзг эцэг Гийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би Д суманд амьдарч байна. Хөдөө мал маллаж байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй байна.

 

Миний эзгүйд хэргийг шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөдөө мал маллаж, байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэж,

Нэхэмжлэгч Ю.Г нь хариуцагч Ч.Оийг эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ю.Г хариуцагч Ч.Од холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ю.Г хариуцагч Ч.О нар нь 2012 онд танилцан гэр бүл болон 2013 оноос хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Хз төрсөн, Хүү О.Хз нь нэхэмжлэгч Ю.Гийн хүүхэд мөн болох нь зохигчдын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн О.Хзгийн эцэг Ю.Г мөн болохыг тогтоож, О.Хзг эцэг Ю.Гийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сурч боловсрох, эрүүл мэндэд нь анхаарал тавих/хооллох,хувцаслах/ зэрэгт эцэг,эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг,

Ю.Г нь Ч.Оийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.

 

Нэхэмжлэгч Ю.Г нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрхийн тоонд ордог, өрх толгойлсон эцэг тул улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлөхөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь багасгаж, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн О.Хзгийн эцэг Ю.Г мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Хзг эцэг Ю.Гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ