Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0023/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000857 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1979 оны 03 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2024 оны 11 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн*******гийн эзэмшлийн Huawei nova-72 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн: Миний тамхи дуусаад тамхи авах гэж байсан юм. Хохирогчийг унтаж байхад нь сэгсрэхэд сэрэхгүй байсан. Тэгээд цүнхийг нь ухахад гар утас нь байхаар нь би авчихсан юм. Энэ насан дээрээ ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5, 7/,

         “... ******* нь хохирогч*******гийн цүнхийг аваад, цүнхнээс нь гар утсыг нь аваад дэлгүүрээс гарч байгаа нь бичигдсэн байв...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг GS-25 сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, уг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-12/,

         Хохирогч*******гийн: ...өглөө 07:00 цагийн үед GS-25 сүлжээ дэлгүүрт ороод халуун юм ууж байгаад сандал дээр суунгаа унтчихсан байсан. 08:00 цагийн үед сэрэхэд миний цүнхэнд байсан Huawei nova-72 загварын гар утас маань алга болчихсон байсан. Би гар утсаа 2024 оны 08 сарын сүүлээр 600,000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд ******* гэх залуу авсан байсан. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19-20, 22/,

         Гэрч*******ын: ...хар өнгийн малгайтай, хар өнгийн юүдэнтэй куртик өмссөн, 40-45 насны эрэгтэй хүн “манай эхнэрийн гар утас байгаа юм, 50,000 төгрөгөөр авах уу” гээд хар өнгийн, ар талын зүүн доод буландаа Huawei гэсэн бичиглэлтэй, том жижиг хоёр камертай гар утас үзүүлэхээр нь би 40,000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгтэл тэр ах “ав ав” гэхээр нь би АТМ-аас 40,000 төгрөг аваад тэр ахад өгөөд гар утсыг авсан. Маргааш нь надад мөнгөний хэрэг гарахаар нь би “Бишрэлт” барьцаалан зээлдүүлэх газарт 150,000 төгрөгөөр тухайн гар утсыг барьцаалсан бөгөөд 2024 оны 11 сарын 14-ний өдөр гар утас зарсан ах над руу залгаад “чамд зарсан гар утсыг яаралтай авмаар байна” гэхээр нь би “Бишрэлт” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан талаар хэлсэн. Тэгээд тэр ах барьцаалан зээлдүүлэх газарт 150,000 төгрөгийг төлөөд гар утсыг авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

         “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн: Huawei nova-72 загварын 128 гигабайт багтаамжтай хэрэглэж байсан гар утас 500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

         Хохирогч******* 2024 оны 09 сарын 22-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-аас Huawei nova-72 загварын гар утас 569,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багш ашиглах хугацаатай гэрээ, баталгаат засварын хуудас /хх-ийн 74-75/,

         Хохирогч*******д Huawei nova-72 загварын 1 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь GS-25 дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч иргэн*******д хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргадаггүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн*******гийн цүнхнээс 500,000 төгрөгийн үнэ бүхий Huawei nova-72 загварын гар утсыг нь авч гараад бусдад 40,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******г дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч*******д Huawei nova-72 загварын 1 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84/, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжиж байна, харин шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан ялын хугацааг тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР