Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03363

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/03363

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Жд холбогдох

 

Зөөврийн компьютерийн үнэ болох 3,003,653 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АХХК, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

АХХК нь А.Жтай 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын үйлдвэрийн кемп аж ахуйн хэлтэст кемпийн менежерийн албан тушаалд томилон ажиллуулсан. Ажил үүргээ хүлээн авахад нь А.Жд ажлын хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар компанийн өмчлөлийн 3,003,653 төгрөгийн үнэ бүхий Notebook HP Pavilion DV-6i7-2670,4 маркийн зөөврийн компьютерийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас №20 баримтаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Гэтэл ажилтан А.Ж нь ажил үүргээ гүйцэтгэж байсан Таяннуурын үйлдвэрээс 2016 оны 10 дугаар сард явахдаа хүлээлгэн өгсөн зөөврийн компьютерийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд дахин ажилдаа ирээгүй. Ажил олгогчийн зүгээс А.Жтай удаа дараа холбогдон зөвшөөрөлгүй авч явсан зөөврийн компьютерийг буцаан хүлээлгэн өгөх эсвэл компьютерийн үнэ болох 3,003,653 төгрөгийг төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд буцаан хүлээлгэн өгөөгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Тус компанийн зүгээс А.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-709/16 дугаар тушаалаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд А.Жгаас зөөврийн компьютерийн үнэ болох 3,003,653 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 5 дугаар сард АХХК-д ажилд орсон болно. Уг ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяа Таяннуур уурхайд байрлаж байсан болно. АХХК-д ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн биелүүлж аливаа доголдол болон захиргааны зөрчил гаргаж байсан удаагүй. Уурхайн бүсэд байрлах хугацаандаа өөрийн эзэмшлийн нотебоок болох макбоок про маркийн компьютертэй очсон болно. Албаны үүрэгт хэрэглэх HP Pavilion нотебоок өгсөн нь үнэн. Говь-Алтай аймгийн Цээл сумын уурхайгаас 2016 оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч уурхайн бүсээс гарсан болно. Тухайн үед бүх ажил үүргээ хүлээлгэн өгч, радио долгионы станц болон HP Pavilion нотебоок хүлээлгэн өгсөн. Улаанбаатар хотод ирээд эмчилгээ хийлгэж байх хугацаанд ор үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлсөн болно. Уг бүсээс гарч байх үед Сонор ХХК харуул хамгаалалтын ажилчдад шалган нэвтрүүлэх байраар цүнх болон бусад эд зүйлсээ шалгуулан гарсан учир миний бие уг нотебоокийг завшсан хэмээх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. АХХК аливаа ажилчдаа бодолгүй, хөдөлмөр хамгаалах дүрэм журам хэрэгждэггүй ажилчдаа ор үндэслэлгүй ажлаас чөлөөлж уурхайн бүсээс нохой мэт хөөж гаргаж, цалин хөлсийг нь өгдөггүй байгууллага. Миний бие ажиллаж байх хугацаанд маш олон осол гарч, олон хүн эрүүл мэнд, махбодиор хохирсон болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч А.Жд холбогдуулан зөөврийн компьютерийн үнэ болох 3,003,653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Ж нь зөөврийн компьютерийг ажлын хэрэгцээнд өгсөн нь үнэн, харин нотебоокийг завшсан хэмээх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

АХХК нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр А.Жтай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г тус тус байгуулж, А.Жгийн ажлын хэрэгцээнд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3,003,653 төгрөгийн үнэ бүхий HP Pavilion DV-6i7-2670,4 В1, 440КММ маркийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас №20 баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрийн харилцаа үүссэн, улмаар мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ.

 

АХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-709/16 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Кемп аж ахуйн хэлтэст кемпийн менежер, IT инженер ажилтай А.Ж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил таслан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Уг тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой гомдлын шаардлагыг А.Ж нь гаргаагүй, эд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн ажлын хэрэгцээнд зориулан өгсөн HP Pavilion DV-6i7-2670,4 В1, 440КММ маркийн зөөврийн компьютерийг ажил олгогчид буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж буй тайлбар, татгалзал үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдалаар тооцохоор байгаа бөгөөд Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас №20-д тусгаснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөөврийн комьпютерийн үнэ болох 3,006,653 төгрөг нь элэгдэл, хорогдлыг тооцон гаргасан үнийн дүн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч А.Жд шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар буюу боломжит хугацааны өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, А.Жг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч А.Жгаас зөөврийн компьютерийн үнэ болох 3,003,653 /гурван сая гурван мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 63,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч А.Ж нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ