Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0043/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000705 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1981 оны 01 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцас, арьсан эдлэлийн дизайнер мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо,*******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,*******,******* тоот орон сууцыг түрээсэлж амьдарч байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2024 оны 09 сарын 24-ний шөнө 01:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр багийн 02 дугаар байрны гадна авто зогсоол дээр байрлуулсан******* улсын дугаартай Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,000,000 төгрөгийн, мөн тээврийн хэрэгсэл дотор байсан машины дугуй хийлэгч, барилгын уртасгагч, даавуун цүнхтэй түлхүүр багаж, улсын дугаар, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг авч 218,500 төгрөгийн, нийт 6,218,500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******н: Миний Toyota camry машины түлхүүр таараад, хохирогчийн машиныг унаад уулын замаар явж байгаад хадам ээжийн хашаанд тавьсан. Миний машины мотор болохгүй байсан юм. Тэгээд мөнгөгүй байсан учраас хохирогчийн машиныг 1,600,000 төгрөгт зарж, өөрийн машиндаа мотор, кропп авсан. Ар гэрийн харилцаа тааруухан байсан үүднээс энэ хэргийг үйлдэх болсондоо маш их харамсаж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

         “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр багийн 13 дугаар хорооллын 02 дугаар байрны гадна авто зогсоол байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,

         “...2024 оны 09 сарын 24-ний 01:00:08 цагт цайвар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн гуталтай, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн 02 дугаар байрны 02 дугаар орцны урд зогсоол дээр зогсож байсан цагаан өнгийн Toyota chaser маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 01:03:28 цагт явж байгаа нь бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16, 35/,

         Шүүгдэгч *******гаас улаан өнгийн хайрцагтай, хар өнгийн машины дугуй хийлэгч, шар өнгийн барилгын уртасгагч, шар даавуун цүнхтэй түлхүүр багаж,******* тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, хохирогчт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 17, 21/,

         Иргэний нэхэмжлэгчас Toyota chaser маркийн улсын дугааргүй, цагаан өнгийн, арлын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, хохирогчт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 22, 26/,

         “Toyota chaser маркийн машиныг ******* өөрийн биеэр ирж төмөрт тушаасан болно. Тооцоог эхнэры данс болох тоот дансанд авав” гэх шүүгдэгч *******н иргэний нэхэмжлэгчд өгсөн бичиг, Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийн урд болон ар тал, арлын дугаарын гэрэл зургууд /хх-ийн 28-31/,

         “Chesar tomort awaw” гэх утгаар 2024 оны 09 сарын 24-нд 1,600,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаархаагийн ХААН банк дахь тоот дансны хуулга /хх-ийн 34/,

         Хохирогчийн: 2024 оны 09 сарын 22-нд өөрийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад Дархан Номин худалдааны төв, Олон улсын худалдааны төв рүү орж хүнсний зүйл худалдаж авчхаад машинаа гэрийнхээ орцны урд байрлуулсан. 2024 оны 09 сарын 23-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд миний машин байрны гадаа байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл машинаа анзаараагүй завгүй байж байгаад өнөөдөр хүүхдийн тэрэг машины ард хийх гэхэд миний Toyota Chaser маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд Монголд орж ирсэн машин маань байхгүй байсан. ...2024 оны 10 сарын 02-нд миний машиныг Улаанбаатар хотын 22 дугаар товчооны хажуу талын түүхий эд авдаг газраас цагдаа хураан авч надад хүлээлгэж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38, 40, 42/,

         Иргэний нэхэмжлэгчын: 2024 оны 09 сарын 24-нд шиг санаж байна, урьд нь надад тээврийн хэрэгсэл зарж байсан гээд нэг үл таних хүн ирээд Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийг “хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон, зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн машиныг үзээд тухайн хүнээр бичиг хийлгүүлээд 1,600,000 төгрөгөөр авсан. Фэйсбүүкт миний худалдаж авсан машинтай ижил машиныг эрэн сурвалжилж байсан тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоо 1,600,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

         Гэрчаагийн: Миний ХААН банкны тоот данс руу 2024 оны 09 сарын 24-ний 17:43 цагт 1,600,000 төгрөг chesar tomort awaw гэсэн утгатай мөнгө орж ирсэн. Манай нөхөр ******* 19:00 цагийн үед над руу залгаад “чиний данс руу мөнгө орсон байгаа, машины урьдчилгаа 250,000 төгрөг, автобусны зардал 20,000 төгрөг, хоолны мөнгө 15,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би шилжүүлсэн. Маргааш нь моторын үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, тос масло, тээврийн зардал 150,000 төгрөг гээд шилжүүлсээр байгаад 1,600,000 төгрөг нь дууссан. Нөхрөөсөө юун 1,600,000 төгрөг орж ирсэн талаар асуухад надад юу ч хэлээгүй. ******* 2024 оны 09 сарын 23-аас 24-нд шилжих шөнө “халуун байна” гэж хэлээд гэрээс гарч явсан. Тэгээд нэлээн удаж байгаад орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

         “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн: Toyota chaser маркийн******* улсын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашин 6,000,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/,

         “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн: улаан өнгийн хайрцагтай, хар өнгийн машины дугуй хийлэгч, шар өнгийн барилгын уртасгагч, шар даавуун цүнхтэй түлхүүр багаж,******* тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг эд зүйлс бүгд 218,500 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,

         “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн: Toyota camry SV-40 маркийн тээврийн хэрэгслийн хэрэглэж байсан 3s мотор 58 нэршилтэй кроппын хамт 800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93/,

         “...тээврийн хэрэгслийн урд хэсгийг сөхөж моторын зургийг авав. Уг мотор кроппыг угсарсан байдалтай байсан ба задлах боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав..” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 96-101/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр багийн 13 дугаар хорооллын 02 дугаар байрны гадна зогсоол дээр байсанийн эзэмшлийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий******* улсын дугаартай Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийг өөрийн машины түлхүүрээр хаалгыг нь онгойлгон авч яваад тээврийн хэрэгсэл дотор байсан улаан өнгийн хайрцагтай, хар өнгийн машины дугуй хийлэгч, шар өнгийн барилгын уртасгагч, шар даавуун цүнхтэй түлхүүр багаж,******* тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг аваад, тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод 22 товчооны хажууд байрлах төмөр авах цэгт 1,600,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,

“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******н дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчт нийт 6,218,500 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчд 1,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь тээврийн хэрэгслээ болон дотор нь байсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчээс улаан өнгийн хайрцагтай, хар өнгийн машины дугуй хийлэгч, шар өнгийн барилгын уртасгагч, шар даавуун цүнхтэй түлхүүр багаж,******* тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, хохирогчт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, иргэний нэхэмжлэгчас Toyota chaser маркийн улсын дугааргүй, цагаан өнгийн, арлын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, хохирогчт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид учирсан 1,600,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

         Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч иргэний нэхэмжлэгчд 1,600,000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

         Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.    

         3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

         Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

         Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь гэр бүлийн байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү гэв.

         Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ба түүнийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

         Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

         4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

         5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР