Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0073/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000000043 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД: *******  /, 1992 оны 08 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “******* ” ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 01 сарын 12-ны 10:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн 25 дугаар хорооллын зам дээр согтуурсан үедээ******* улсын дугаартай Subaru Impreza-G12 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн: Бага охин уйлаад байсан болохоор би эхнэрээс жолоо шилжүүлж авсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5, 6/,

         Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.41 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх 2025 оны 01 сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 7/,

         Шүүгдэгч *******гийн согтолтын хувийг шалгаж тогтоосон гэрэл зураг /хх-ийн 8/,

         Гэрч*******ын: ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн 25 дугаар хорооллын шинэ зам дээр замын зохицуулагчийн ажлаар хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад******* улсын дугаартай Subaru Impreza маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн тээврийн хэрэгслийг ******* гэх хүн жолоодож байсан бөгөөд 2024 оны 02 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.41 хувийн согтолттой гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

         Гэрчын: 2025 оны 01 сарын 12-ны өдөр нөхөр *******, хүүхдийн хамт гэрээсээ Толгойт руу******* улсын дугаартай Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод 25 дугаар хороолол орчимд явж байхад хүүхэд уйлсан. Тэгэхээр нь би хүүхдээ хөхүүлэх гээд нөхөр *******д жолоогоо шилжүүлээд 200 орчим метр явж байхад цагдаа зогсоож шалгасан. Цагдаагийн албан хаагч драгер багажаар үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл илэрсэн. Манай нөхөр өглөө бол архи согтууруулах ундаа хэрэглээгүй, өчигдөр орой архи уусан нь гараагүй байсан юм шиг байна лээ. ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсныг мэдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

         Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 сарын 29-нд өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 27/,

         Шүүгдэгч *******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ дугаартай шийтгэвэр /хх-ийн 37-38/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 12-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн ба 2025 оны 01 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн 25 дугаар хорооллын шинэ авто зам дээр******* улсын дугаартай Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 01 сарын 12-ны өдөр 0.41 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь 10-11 недель хугацаатай жирэмсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчаас гаргасан торгох ялын хэмжээ өндөр байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганцаар ажил хийдэг зэрэг хувийн байдлыг нь харгалзаж 2700 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ажил эрхлэлт, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР