Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0835

 

2021 оны 12 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2021/0835 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би "П*** м***" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "П*** м***" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б***ээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Анх манай компанийн зүгээс тус шүүхэд хандаж ...Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасны дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 415 дугаар Шийдвэр хүчингүй болгож, сонсох ажиллагаа хийлгэх тухай шийдвэрийг гаргасан байна.

Уг шийдвэрээр манай компанийн гаргасан хүсэлт болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэвч манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх тушаалаар хүчингүй болсон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Харин манай компанийн зүгээс нэгэнт хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 435 дугаартай шийдвэрээ хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх тул цаашид уг шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болсноор Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд манай компанийн зүгээс тус шүүхэд гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч "П*** м***" ХХК-иас анх тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох хэмээн өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч "П*** м***" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б***ээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/27 дугаар албан бичгээр тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо илэрхийлжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан.

4. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудал нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, "П*** м***" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйтай холбоотойгоор шүүхээс гарах захирамжийн үр дагаврыг тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч "П*** м***" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч "П*** м***" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА