Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/44

 

Ш.*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               *******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******              

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1932002270040 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 1-2 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Ийрт солюшн ХХК-ний захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******ын ******* /РД:МБ80072533/

Холбогдсон хэгийн талаар: Шүүгдэгч Ш.******* нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Таширын нуруу гэх газарт 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай хайрга, дайрга ашигт малтмалын хайгуулын №СЭ-0033Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай авсан боловч уг хайгуулын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын тухай хуулийг 2019 оны 06 дугаар сараас эхлэн зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид буюу эдэлбэр газар, газрын хэвлий, газрын хөрсөнд нийт 4821272 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ш.*******т холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч  Боржигон овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******ыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа Хятад улсад үйлдвэрлэсэн 220 хүчдэлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн алх том молдок 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн газар ухах зориулалт бүхий хийн шахуурга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******аас байгаль экологид учирсан хохиролд 21272 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Энэ хэргийн улмаас Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Бороо 4 гэх газарт ухсан цооног буюу тунел нүхийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Иргэний нэхэмжлэгч ******* нь нөхөн сэргээлтийн зардал гэж нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай....Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний эхнэр 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн.  4 дэх хийсвэр хагалгаа хийлгэсэн, эхнэрээ харж асрах шаардлагатай эхнэрийн биеийн байдал хүндэвтэр байгаа. Иймд надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдаж буй гол үндэслэл нь анхан шатны шүүхээс Ш.*******т оногдуулсан 1,6 жилийн хугацаатай хорих ял нь түүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдалтай тохироогүй бөгөөд хүндэдсэн байна. Учир нь Ш.******* нь хохирлын 4,8 сая төгрөгийг шүүхийн шатанд төлсөн бөгөөд өөрийн хайхрамжгүй байдлаас болж өмгөөлөгчийн хэлсэн тоог дутуу сонсож 21272 төгрөгийг дутуу төлсөн нь түүнд хорих ял оногдуулах гол үндэслэл болжээ. Яагаад хохирлын 98 хувийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг барагдуулсан хүнийг хорих ялаар шийтгэсэн талаараа анхан шатны шүүх хангалттай дүгнэлт хийсэнгүй. Хорих ял оногдуулсаны дараа Ш.*******ын ар гэрийнхэн хохирлын үлдэгдэл болох 21272 төгрөгийг гүйцээн төлсөн бөгөөд баримтыг хавсаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг, бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын гол үзэл санаа нь аль болох хорих ялаас татгалзаж нийгэмд нь хүнийг үлдээж нийгэмшүүлэхийг зорилготой билээ.

Ш.*******ын хувьд хэдийгээр өмнө нь болгоомжгүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдэж байсан ч хувийн зан байдлын хувьд төлөв томоотой, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон өрхийн тэргүүн, тодорхой хэмжээнд бизнес эрхэлж улсад татвар төлж, ажлын байр бий болгож яваа жирийн нэгэн залуу билээ. / 4 дэх хүүхэд нь 2020 оны 06 сарын 25-нд буюу түүнийг цагдан хориход байхад нь шинээр мэндэлсэн/ Энэ хүнийг шоронд хорьсоноор төрийн зүгээс албадлагаар хүмүүжүүлэх ямар нэгэн шаардлага байхгүй бөгөөд угаас энэ хүн өөрөө хүмүүжилтэй, тэр ч байтугай засаг их сургуульд эрх зүйн эчнээ ангид сурч байгаа оюутан юм.

Энэ хэрэг дээр нэмж хийлгэх шаардлагатай, эргэлзээтэй шалгуулах шаардлагатай нотлох баримтууд цөөнгүй байгаа хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тэр бүхнийг сөхөн гаргалгүйгээр хүнээ хорих ангиас хурдан гаргаж хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүсэж байна. Ш.******* нь торгууль төлөх санхүүгийн бололцоотой нэгэн гэдгийг тодотгоё.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан Ш.*******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгөх, түүний цагдан хоригдсон хоногуудыг нь дүйцүүлэн торгуулиас хасаж өгнө үү хэмээн энэхүү давж заалдах гомдлыг гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэрэг, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан нөхцөл байдал байна. Тухайн үед шүүгдэгч Ш.******* нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх байр суурьтай хандсан байдаг. Мөн завсарлага авсан 2 хоногийн хугацаанд 4,800,000 төгрөгийн хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь тухайн үеийн нөхцөл байдалд үндэслэлтэй гарсан байна. Одоо нөхцөл байдлыг харвал шүүгдэгч давж заалдах гомдолд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэнэ үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Ш.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 01 жил 06 сарын  хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Ш.*******т холбогдох эрүүгийн 1932002270040  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

 Ш.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч ******* /1-р хх-ийн 58-р ху/, гэрч Д.Эрдэнэбаяр /1-р хх-ийн 62-р ху/, Ү.Ганчулуун /1-р хх-ийн 66-р ху/, Г.Элбэгзаяа /1-р хх-ийн 65-р ху/, Д.Мөнхбаяр /1-р хх-ийн 70-р ху/, Н.Бумцэнд /1-р хх-ийн 72-73-р ху/, П.Галбаяр /1-р хх-ийн 78-р ху/, П.Жамьянмядаг /1-р хх-ийн 82-р ху/, “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №05/33 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 85-р ху/, “Сайхан ариун дэлхий” ХХК-ий шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №05/11 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 111-112-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-22-р ху/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын орлогчийн Ийрт солюшн ХХК-ий захирал Ш.*******т зориулалтын бусаар явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн албан бичиг /1-р хх-ийн 29-р ху/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Байгаль орчны албаны Ийрт солюшн ХХК-д хүргүүлсэн газар чөлөөлөх тухай мэдэгдэл /1-р хх-ийн 30-р ху/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч нарын Баянгол сумын Гонир 3 дугаар баг Таширын хөндий Бороо-4 гэх газарт шалгалт хийсэн ажлын илтгэх хуудас /1-р хх-ийн 34-46-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, Төрийн банкны Зүүнхараа салбарын мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  *******ыг 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

            2 дугаар заалтыг :

            “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******ыг 6000 нэгжээр буюу 6.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

                        3 дугаар заалтыг:

            “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг дурдсугай” гэж,

                   5 дугаар заалтыг

          “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Ш.*******ын цагдан хоригдсон 82 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, торгох шийтгэлээс 1.230.000 төгрөгийг хасаж, торгох ялын нийт хэмжээг 4.770.000 /дөрвөн сая долоон зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болохыг дурдсугай.

            3. Ш.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

        

 

                   ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ