| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0074/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000000007 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 2002 оны 07 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтуугаар 2024 оны 10 сарын 11-ний 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 06 дугаар хорооллын 12 дугаар байрны 19 тоотод хохирогч*******той “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж биед нь баруун дээд 1, 2 дугаар шүдний хугаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол санаатайгаар учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: ...би гэрээс нь явах гэж байхад намайг явуулахгүй зуураад цохихоор нь би нүүр лүү нь цохисон гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
Хохирогч*******гийн: ...би унтах гээд ор засаж байхад танихгүй залуу “чи явчих, би өөрөө ороо засаад унтчихна” гэхэд нь би “чи яасан намайг гэрээс маань хөөгөөд байгаа юм уу?” гэхэд танихгүй залуу “унтуулах оргүй юм бол яах гэж дуудсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “би чамайг дуудсан юм уу? Чи манайхаас зайл” гэж хэлэхэд над руу “чи юу гээд байгаа юм бэ?” гээд дайраад байсан. Тэгээд би түүний цээж рүү “чи яв” гээд түлхтэл миний нүүр лүү шууд цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад би тэр залуугийн цамцны энгэрийг атгаад зогсож байтал миний хамрын доод хэсэгт 1-2 удаа цохисон, миний амнаас цус гарсан. Энэ хооронд******* бид хоёрыг салгах гэж оролдсон, “та хоёр болиоч” гэж орилж байсан санагдаж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12/,
Гэрчы: ...*******гийнд******* нарын хамт шар айраг ууж байгаад хуурай ах *******ыг дуудсан. ******* ирээд хэсэг хамт сууж байгаад би нойр хүрэхээр нь жижиг өрөөнд орсон. Тэгтэл маргаан болоод байх шиг болохоор нь том өрөө рүү ортол *******,******* нар маргалдаад зогсож байсан. Юу болоод байгаа талаар асуухад******* “******* танай хуурай ахыг гэрээсээ хөөгөөд байна” гэж хэлсэн. ******* явах гэхэд******* зуураад гаргахгүй байсан бөгөөд тэр хоёр жижиг өрөө рүү ороод зодолдсон. Тэгээд салгах гээд очтол **************гийн нүүр рүү 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
“бодит үзлэгээр нүүрний тэгш хэм баруун талдаа алдагдсан, дээд доод уруул баруун талдаа хавдсан, рентген зургаар 11 шүдний цөгцний бүрэн алдагдалтай, сурвалжийн ½ хугарсан, холбоос эд өргөссөн, 12 шүдний цөгцний хэсэг бүрэн алдагдсан...” гэх хохирогч*******гийн “Newsilena dent” шүдний эмнэлэгт үзүүлсэн дүгнэлт, эмнэлгийн магадалгаа /хх-ийн 21-22/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай:*******гийн биед баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байхгүй тул цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,
Шинжээч Б.Намсрайн: ...*******гийн биед учирсан гэмтэл шарх нь хүн гараараа 1 удаагийн үйлчлэлээр цохисноос үүсэх боломжтой. Хохирогч******* нь ирж үзүүлэхэд тухайн үүссэн шүдний хугарал гэмтэлд эмчилгээ хийлгэсэн, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бүрэн эдгэрсэн байсан тул эдгэрэлтийн шинж байдлаар цаг хугацааг тогтоох боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18, 28/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 11-ний 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 06 дугаар хорооллын 12 дугаар байрны 19 тоотод хохирогч*******той маргалдаж түүний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж биед нь баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 11-ний 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 06 дугаар хорооллын 12 дугаар байрны 19 тоотод хохирогч*******той “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү 2-3 удаа цохисны улмаас*******гийн эрүүл мэндэд баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой санал хүсэлт тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 21 насанд хүрээгүй*******,,******* нартай архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 08 /найм/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР