| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0080/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000000041 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 1999 оны 02 сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “******* ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2024 оны 12 сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S&B” баарны гадаа*******тай “найз охин өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хөлөөрөө хавсарч газарт унагаан нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хэнгэрэг хальсны цоорол, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: 2024 оны 12 сарын 20-ны өдөр найз охин болох*******ийн төрсөн өдөр байсан. Орой 21:00 цагт*******,,,******* нарын хамт “S&B” баар орсон. Баарнаас гарч тамхилаад ороод ирэхэд өрөөнд найзууд байхгүй байхаар нь баарнаас гарах гэж байхад өөдөөс найз охин орж ирээд “баарны гадна залуучууд өдөж хоргоогоод явуулахгүй байна” гэж хэлэхэд нь өрөөнөөс эд зүйлээ аваад гарсан. Баарнаас гарахад нэг танихгүй залуу “юугаа хараав писда минь” гэж хэлэхээр нь би тоолгүй тээврийн хэрэгсэл рүү очоод дуудлагын жолооч хүлээж байсан. Тэгэхэд найз охин “намайг өдөж хоргоосон залуу мөн байна” гэж хэлтэл тухайн танихгүй залуу “тэгээд яадаг юм” гэж хэлэхэд нь би түүнтэй маргалдаад зодолдсон.*******ыг хавсарч унагаагаад толгой руу нь цохисон. Хохирол төлбөр 217,800 төгрөгийг 2025 оны 02 сарын 14-нд бэлнээр хохирогчид өгсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5/,
Хохирогч*******ын: 2024 оны 12 сарын 20-ны 23:00 цаг өнгөрч байхад Дархан сумын 13 дугаар багт байрлах “S&B” бааранд найз,, нарын хамт орж нэг шил архи хувааж ууж байгаад 01:00 цагийн орчимд бид хоёр тамхи татаад гадаа зогсож байсан. Тэгтэл баарнаас 2 залуу гарч ирээд над руу хараад зогсоод байсан. Тэгэхээр нь би “яагаад хараад байгаа юм бэ?” гэхэд намхан, хар өнгийн куртиктэй залуу “юу гэнэ ээ пизда минь” гэж ирээд миний шанаа руу цохиод намайг газарт унагаасан. Тэгээд унасан байхад гараараа нүүр, зүүн чих хэсэгт хэд хэдэн удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 7, 29/,
Гэрчийн: ...*******ыг хүн зодоод байна гэхээр нь баарнаас гарахад******* газарт уначихсан байсан. Тэгэхээр нь би очоод салгасан... гэх мэдүүлэг /х-ийн 8/,
Гэрч*******ын: ...*******ийн төрсөн өдрийг тэмдэглэж тавуулаа Дархан сумын 13 дугаар багт байрлах “S&B” бааранд 12 сарын 20-ны 22:00 цагийн үед орсон. Бааранд******* “намайг нэг залуу явах уу гэж дуудсан” гэж хэлж байсан. Бид нар явахаар гартал нэг залуу *******т хандаад “юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл******* хажуугаас нь “энэ намайг дуудаад байсан залуу байна” гэж хэлтэл ******* нөгөө залуу дээр очоод бариад авсан. Нэг мэдсэн нөгөө залуу газарт уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9, 36/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 сарын 31-ний дугаартай:*******ын биед зүүн хэнгэрэг хальсан цоорол, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун тохио, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/,
“Толгой хацар нүүрээр тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй хөхөрч хавдсан, баруун гарын тохой зүүн гарын сарвуугаар хаван хавдартай ил зулгарсан шархтай” гэх хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15/,
Гэрч*******ийн: ...01:00 цаг өнгөрч байхад би баарнаас түрүүлж гарахад нэг залуу над руу хөөе гээд орилоод дуудаад байхаар нь би тоолгүй буцаж ороод нөгөө хэдтэйгээ явахаар гарч ирсэн. Тэгтэл нөгөө танихгүй залуу *******т хандаад “юугаа хараад байгаа юм” гэхэд нь би “чи над рүү түрүүн бас орилоод байсан биз дээ” гэж хэлсэн. Тэр үед ******* нөгөө залууг газарт унагаагаад дээрээс нь цохих шиг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрчийн: ...01:00 цаг өнгөрч байхад бид нар баарнаас гараад явах гэж байтал нэг танихгүй залуу *******т хандан “юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл ******* нөгөө залууг газарт унагаагаад дээрээс нь цохиод авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S&B” баарны гадаа*******тай маргалдаж, хавсарч газарт унагаан, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хэнгэрэг хальсны цоорол, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “S&B” баарны гадаа*******тай “найз охин өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг хавсарч унагаад нүүр, зүүн чих хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохисны улмаас*******ын зүүн хэнгэрэг хальсан цоорол, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун тохой, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд зүүн хэнгэрэг хальсан цоорол, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуу, баруун тохио, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан байна.
Шүүгдэгч нь хохирогч*******т 220,000 төгрөгийг бэлнээр төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос өгсөн хариу бүхий мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан интернэт банкны гүйлгээний баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой санал хүсэлт тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР