| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0091/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******д холбогдох эрүүгийн 2518000000053 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД: ******* /, 1988 оны 04 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлурги инженер мэргэжилтэй, мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг 2024 оны 12 сарын 19-ний 23:00 цагийн орчимд хохирогч*******гийн итгэмжлэн хариуцуулсан буюу хадгалуулах зорилгоор хүлээлгэн өгсөн эд хөрөнгө болох Iphone 16 pro max загварын гар утсыг эхнэр*******д шинэ жилийн бэлэг болгон өгч 5,800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгө завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: Тухай өдрийн процессын хувьд*******гийн мэдүүлэгт тусгагдсан үйл баримт болоогүй. Миний хувьд хулгай хийсэн зүйл байхгүй. Байгууллагын шинэ жилийн үйл ажиллагааны үед******* надад сугалаагаар хожсон гар утсаа өгч хадгалуулсан. Тухайн үед******* нь согтуу байсан. Тэгээд гар утсыг машиныхаа суудлын бүрээсний халаасанд хийгээд, хэд хоног*******тэй таарч амжилгүй гар утсыг нь буцааж өгч чадалгүй явж байтал эхнэр гар утсыг хараад “надад авсан бэлэг юм уу?” гэхээр нь би бантаад “тийм ээ” гээд хэлчихсэн. Би гар утсыг*******д мэдэгдэхгүйгээр авч, завших гэсэн бодол байгаагүй.*******д гар утасны өртэй болчихсон гэдгээ ойлгож байсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******гээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4, 6/,
Хохирогч*******гийн: ...2024 оны 12 сарын 19-ний өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээний үеэр би азтан болж Iphone-16 pro max загварын гар утас хожсон. Тэгээд өмсөж байсан хүрмийнхээ халаасанд гар утсаа хийж үлдээгээд 00:00 цагийн үед гэртээ харьсан. Маргааш өглөө нь шинэ жилийн үйл ажиллагаа болсон “ ” ресторан руу очиход миний хүрмийн халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч*******гийн: Би Имей кодтой Iphone-16 pro max загварын гар утас барьж байгаа бөгөөд энэ утсыг манай нөхөр******* 2025 оны 01 сарын 05-ны өдөр надад шинэ жилийн бэлэг гэж өгсөн. Үүнээс хойш энэ утсанд өөрийн дугаарыг хийж барьж байгаа. Гар утас нь хайрцаг савтай задлаагүй бүрэн бүтэн байсан. Уг гар утсыг хаанаас авсан талаараа надад дэлгэрэнгүй хэлээгүй. Манай нөхөр 2024 оны 12 сарын 19-ний өдөр “ ” ресторанд байгууллагынхаа шинэ жилийн үйл ажиллагаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
“Капитал зууч” ХХК-ийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн: Iphone-16 pro max загварын 256 гигабайт багтаамжтай шинэ гар утас 5,800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,
“ Имей кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигч нь******* ” гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2025 оны 01 сарын 14-ний 4/255 дугаартай албан бичиг /хх-ийн 32-33/,
Гэрч*******гаас Имей кодтой Iphone-16 pro max загварын гар утсыг хураан авч, хохирогч*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 36, 41/,
“...2024 оны 12 сарын 19-ний 23 цаг 12 минут 45 секундэд хохирогч******* нь*******д гар утасны хайрцаг бүхий эд зүйл өгч байгаа нь харагдаж байв...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” рестораны хяналтын камерын бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-45/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2024 оны 12 сарын 19-ний өдөр 23:00 цагийн орчим хохирогч*******гийн итгэмжлэн хариуцуулсан буюу хадгалуулах зорилгоор хүлээлгэн өгсөн эд хөрөнгө болох IPhone 16 Promax загварын гар утсыг эхнэр*******д шинэ жилийн бэлэг болгон өгч 5,800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завшсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлсэн тул өмгөөлөгчийн зүгээс маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар “ ” ТӨХК-ийн шинэ жилийн үйл ажиллагаа 2024 оны 12 сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ресторанд зохион байгуулагдсан бөгөөд хохирогч******* нь тухайн үйл ажиллагааны үеэр азтан болж Iphone-16 pro max загварын гар утсаар шагнуулсан, уг гар утсаа шүүгдэгч*******д хадгалуулсан, шүүгдэгч******* нь тухайн гар утсыг машиндаа хадгалж байгаад эхнэр*******д шинэ жилийн бэлэг гэж өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын дээрх үйлдэл нь хохирогчийн итгэж хадгалуулсан эд зүйлийг бусдад өгснөөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 5,800,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь гар утсаа биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан гэрч*******гаас Имей кодтой Iphone-16 pro max загварын гар утсыг хураан авч, хохирогч*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 36, 41/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 12/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 01 жил 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь ТӨХК-д 2011 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй, бага насны хүүхэдтэй, эхнэр нь одоо жирэмсэн учраас хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Учруулсан хохирол, хор уршгийг арилгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 01 жил 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.
Шүүгдэгч******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь тогтоогдсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршгийг арилгасан байдал, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг жил 06 /зургаа/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР