| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00532/И |
| Дугаар | 101/ШШ2018/01046 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2018/01046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: овогт Г.О /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Ж.Б /регистрийн дугаар /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О , хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2014 оны 8 дугаар сард Кроун маркийн автомашиныг 8,200,000 төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 9 дүгээр сард Ж.Б манай машиныг 8 сая төгөрөөр худалдаж авъя гэж санал тавьсан. Машины мөнгө болох эхний 4,000,000 төгрөгийг 9 дүгээр сард урьдчилгаанд өгч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байсаар 2015 оны 02 дугаар сарын 14-нд дүү болох Ж.Б гээр 2,000,000 төгрөгийг өгч явуулсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг нь дүүгээр нь хэдийд өгөхийг тохирч, дүүгээр нь цаасан дээр бичүүлж авсан. Түүнээс хойш одоог хүртэл утасны дугаараа өөрчилж, утсаа ч авахгүй байна. Удаа дараа хаяг нь тогтоогдохгүй олон дүүргээр явж нэхэмжлэл өгч, эрэн сурвалжлуулж тогтоогдсон. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ж.Б-аас гаргуулж өгнө үү.
Манай нөхөр, хариуцагч Ж.Б-тай Дорноговь аймгийн Замын-Үүдэд танилууд болсон. Шунхлай ХХК-д ажилладаг байсан. Тэнд байхад ээжийн бие муудаад би ажлаасаа гараад Улаанбаатар хотод ээжийгээ асархаар явсны дараа намайг машинд суулгачихаад манай гэрт очихдоо машин худалдаж авах санал тавиад энэ хоёр хоорондоо яриад над руу манай нөхөр араас утсаар ярьсан. Тэгэхээр нь би чи яг мөнгөө хэд хэдэн сард авах дарааллаа тогтоож байж өгөөрэй гэж хэлсэн. Манай ээж нойр булчирхайн эцсийн шатандаа орчихсон байсан. Би тэр үед нөхөртэйгээ утсаар л холбогдож байсан. Манай ээж тухайн үед нас барсан. Тэгэхээр нь Ж.Бас машиныхаа мөнгийг авахаар очиж уулзсан. Найз нь бололцоотой болохоороо өгнө, мөнгийг чинь өгнө гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Утасны дугаараа солиод алга болсон. Тэгэхээр нь зөвшөөрөл авч хорооноос нь шүүж Хайлаастад байдаг гэрийн хаягнаас нь хайсан. Өөртэй нь би хэд хэдэн удаа утсаар ярихдаа чи 200, 500 мянга хамаагүй цувуулаад машиныхаа мөнгийг өгөөч гэж тайлбарлаж хэлэхэд болноо гэж хэлсэн. Манай машиныг дүү Б нь зарсан. 2014 онд машины төлбөрт дүү нь 2 сая төгрөг Мөнгөн завяагийн ард талд авч ирж өгсөн. Тэр үед нь би дүүгээс нь бэлэн мөнгө авч байгаа юм чинь хэдэн төгрөг авч байгаагаа цаасан дээр бичиж авч үлдье гэхэд дүү нь регистрийн дугаар, гарын үсэг, утсаа цаасан дээр бичиж үлдээсэн. Тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болсон. Манайд мөнгөний хэрэг маш их хэрэгтэй байсан. Хоёр хүүхэд оюутан төлбөр нь нэхэгдээд байхаар нь мөнгөө талыг нь ч гэсэн өгөөч гэж гуйсан. Бас дүү Б тэй нь удаа дараа утсаар ярьж хэлсэн. Нөхрийнхөө хууль ёсны эхнэр гэр бүлийн хүн нь учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 4 жил болж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө би хоёр өөр дүүргийн шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болгондоо улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлдөг байсан. Би энэ хүнийг сайн танихгүй, мэдэхгүй. Манай нөхөртэй найз. Анх машин авахдаа 4 сая төгрөгийг бэлнээр манай дүүгийн данс руу шилжүүлсэн. Машинаа 8 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан. Манайх анх авахдаа бүх үйлчилгээг нь хийгээд нийт 8,200,000 төгрөгөөр авч байсан. Нөхөр маань Дорноговь аймагт байхдаа Б тай аман хэлцэл хийж машинаа зарсан. Эхний 4 сая төгрөгийг дансаар шилжүүлээд дараа нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүү Б нь 2 сая төгрөг авч ирж өгсөн. Үүнээс хойш утсаа авахаа больж, гэрийн хаягтаа оршин суудаггүй байсан. Иймд хариуцагчаас машины үнийн төлбөр 2 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх машиныг худалдаж аваад Б.Ч ын нэр дээр бичиг баримт гаргуулсан байсан гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сард иргэн Н той 2002 оны, улсын дугаараа авсан Кроун маркийн автомашиныг 7,500,000 төгрөгөөр, боломжоороо мөнгийг нь цувуулж өгөх нөхцөлтэйгээр, хугацаа заалгүй тохиролцож, өгч авалцсан.
Нэхэмжлэл гаргасан иргэн Г.О тэй анхнаасаа автомашины наймааны тухай, мөнгө төгрөгийн тухай нэг ч үг ярьж байгаагүй. Өөрөө ч мэднэ. Тиймээс иргэн Г.О ийн нэхэмжлэл нь надад хамаарахгүй.
2014 оны 09 дүгээр сард Улаанбаатараас Н Кроун маркын машин авч ирсэн. Бид хоёр гэрт нь машинаараа Улаанбаатар, Дорноговь хоёрын хооронд хүн зөөдөг болъё гээд машинаа 7.500.000 төгрөгөөр зарахаар болж тохиролцоод эхлээд би 2 сая дараа нь 2.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би тэр үед би ер нь чадахгүй юм байна, үлдсэн мөнгийг чинь өгөх боломжгүй юм байна гэж утсаар ярьсан. Тэгээд өөр хүүхдэд түрээслэхээр болоод Замын-Үүд рүү дагуулж явсан. Гэтэл түрээсэлсэн хүн нь болилоо гэхээр нь би Н-д за найз нь ямар нэгэн аргаар 7.500.000 төгрөгийг чинь төлж барагдуулна гэсэн.
Мөнгийг нь өгч чадахгүй болоод надад мөнгө төгрөг хэрэгцээтэй болсон. Мөнгөний хэрэгцээ гарахаар нь дүүдээ өгч явуулаад н.Н ийн зөвшөөрлөөр машиныг заруулаад 2,500,000 төгрөгийг өгсөн. Машиныг өөр хүний нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан тул тэр хүнийг нь дуудаж машиныг зарсан. Машин зараад 2 сая төгрөгийг өгөөд 6,500,000 төгрөг, 400,000 төгрөг өгөөд нийт мөнгөнөөс 500,000 төгрөг дутууд явж байсан. Сүүлийн хоёр жил орох оронгүй өгч чадаагүй. Уг мөнгийг Н ид өгч чадаагүй. Бид хоёр бичгээр гэрээ үйлдээгүй. Нэхэмжлэгч Г.О тэй машины талаар огт ярилцаж байгаагүй, энэ талаар юу ч яриагүй. Үлдэгдэл 500,000 төгрөг үлдсэн. Өөртэй нь ч гэсэн ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан, автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Г.О ийн нөхөр гэх н.Н гэгчээс Кроун маркийн автомашиныг худалдан авсан үйл баримтын талаар зохигч талууд маргахгүй байна.
Тухайн автомашиныг худалдахад бичгээр үйлдсэн гэрээ байхгүй, гэрээний талууд амаар харилцан тохиролцсон, харин нэхэмжлэгч Г.О тухайн хэлцэлд оролцоогүй буюу гэрээний үүргийг шаардах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл, Ж.Б болон н.Н нарын хооронд автомашин худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.О ийг тухайн автомашиныг худалдах-худалдан авах хэлцлийн аль нэг тал гэж боломжгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.О ийг автомашин худалдсан, худалдагч тал гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагч Ж.Б-д холбогдох, автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА