| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0070/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
улсын яллагч Г.У
шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000013 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт З Б , (РД:Ц********), 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б**** нь нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сум ***** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Я****ыг "утсаа авсангүй" гэх шалтгаанаар маргалдан аяга шидэж, улмаар төрсөн охин Б.Ү*****г "ээжийгээ өмөөрсөн" гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг хүрээнд:
Шүүгдэгч З.Б***** нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сум ***** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Я**** ыг "утсаа авсангүй" гэх шалтгаанаар маргалдан аяга шидэж, улмаар төрсөн охин Б.Ү******г "ээжийгээ өмөөрсөн" гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...иргэн Б.Я*****ас 9******1 дугаарын гар утаснаас гаргасан Дархан-Уул аймаг, Шарын гол сум ******* тоотод манай нөхөр З.Б*** төрсөн охин Б.Ү*****г зодсон” гэх гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг 10 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...1617 дугаартай гомдол мэдээлэлд Б.Ү*****ийн хууль ёсны төлөөлөгчөөр Шарын гол сумын Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын мэргэжилтэн Д.А*****г тогтоосон” тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Бүртгэлийн 1617 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд ТЯ******* регистрийн дугаартай Б***** овогтой Ү*******г хохирогчоор тогтоосон” тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал)
2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...Насанд хүрээгүй хохирогч Б.Ү******** нь 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэн гарахад 15 нас 1 сар 23 хоногтой” гэх нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал)
Насанд хүрээгүй хохирогч Б.Ү*******ийн өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ буюу Шарын гол сумын ****** тоотод аав Б****, дүү А****н нартай хамт байсан юм. Манай ээж Я***** тухайн үед байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд явсан байсан. Тэгсэн чинь аав ууртай ээж рүү утсаар залгаад байсан. Ээж хэсэг хугацааны дараа өөрөө залгаж яриад, ойролцоогоор 5, 10 минутын дараа ээж Я******, хамт ажилладаг Бүрэнээ эгчтэй ирээд, ээж дүү А*****ы тариаг хийчихээд, гарах гээд гал тогооны өрөөний хаалга чиглээд явсан чинь аав ардаас нь төмөр сэнжтэй аяга ширээн дээрээс аваад, ээж рүү шидсэн боловч тухайн аяга нь ээжийг оноогүй. Тэгэхээр нь би ээжийгээ өмөөрсөн утгатай зүйл аавд хэлсэн юм. Яг тухайн үедээ юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Ямар ч байсан ээжийг өмөөрөөд ганц удаа хамт олонтойгоо баярлаг гэх утгатай үг хэлсэн. Тэгсэн чинь аав намайг шилэн аяга шидээд толгойны зүүн тал руу оносон, тэгээд толгой хагараад миний толгойноос цус гарсан. Тэгээд ээж аавыг болиулаад, цагдаад дуудлага өгсөн. Миний сэтгэл санаад хохирол учраагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал),
Гэрч Л.Г*****ий өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллага буюу У***** ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ болсон юм. 23 цагийн орчим надтай хамт ажилладаг Я****** эгч манай гэр лүү яваад, хүүхдийн тариа тарьчихаад ирье, хамт яваач гэхээр нь Шарын гол сумын ****** тоотод очсон юм. Тэгээд тэднийд очсон чинь Я***** эгчийн нөхөр нь буюу Батаа ах яагаад утсаа авдаггүй юм гээд Я****** эгч рүү уурласан. Тэгээд Я****** эгч бага охиндоо тариаг нь хийчихээд гарах гэж байсан чинь Б***** ах Я******* эгч рүү ширээн дээр байсан хөнгөнцагаан аяга аваад шидсэн. Тэр аяганд Я****** эгч оногдоогүй. Тэгсэн чинь тэдний дундах охин буюу Ү****** хэвтэж байгаад босож ирээд аавдаа хандан та яах гэж ингэж байдаг юм, ээж ганц удаа хамт олонтойгоо баярлаж байг гэж хэлээд түлхсэн чинь Батаа ах охин Үүрийнцолмондоо хандан чи яахаараа намайг түлхдэг, ээжийгээ яагаад өмөөрөөд байгаа юм гэж хэлээд, ширээн дээр байсан стаканыг аваад охин Үүрийнцолмон руу шидсэн чинь Ү******гийн толгойноос цус гарсан. Тэгээд Я****** эгч надад хандан Б***** эгчийн дүү цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан юм. Б**** ахын шидсэн Ү***ийн толгой хэсэгт оносон шилэн стакан бутраад хагарчихсан. Тэгээд Б***** ах хагарсан аягаа шүүрдээд хаячихсан. Тэгээд цагдаа ирээд Б**** ахыг аваад явсан. Я***** эгч охиноо аваад эмнэлэг рүү яваад, би бага охиныг нь хараад үлдсэн. Бага охин нь 4 настай хүүхэд байдаг. Ү***** 10 дугаар ангид сурдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Гэрч Б.Я*****ын өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллага буюу Э*** ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд би 23 цагийн орчим гэртээ буюу Шарын гол сумын ****** тоотод бага охиныхоо тариаг хийх гээд очсон. Манай бага охин ханиад хүрчихсэн байсан юм. Тэгээд би бага охиныхоо тариаг хийж өгчихөөд гэрээс гарах гэсэн чинь над руу юм шидэхээр нь харсан чинь төмөр аяга байсан. Манай нөхөр Б******ийн шидсэн төмөр аяга нь намайг оноогүй. Тэгсэн чинь манай дундах охин Ү**** цаанаас босож ирээд болиоч та гээд аавыгаа түлхэх шиг болсон. Тэгсэн чинь манай нөхөр охин Ү******г үдсэн. Тэгээд манай нөхөр Б**** шилэн аяга охин Ү****** руу шидээд толгойг нь хагалчихсан юм. Тэгээд охин Ү******ийн толгойных нь зүүн талаас цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тухайн асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд би охин Ү******г аваад эмнэлэг рүү явсан. Шидсэн аяга бутарч хагарсан байсныг Б****** өөрөө шүүрдээд хаячихсан. Тэгээд цагдаа ирээд Б****г аваад явсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Шүүгдэгч З.Б*******ийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн асуудал болох үед гэртээ буюу Шарын гол сумын *** тоотод эхнэр Я****, бага охин А*,***** дунд охин Ү***** манай эхнэрийн ажлын газрын нэг эмэгтэй бид нар байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Манай эхнэр байгууллагын шинэ жилийн арга хэмжээтэй гээд энэ асуудал болохоос өмнө явчихсан байсан юм. Манай бага охин ханиад хүрчихээд эхнэр тариаг нь хийх байсан болохоор би эхнэр лүү утсаар залгасан чинь авахгүй байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эхнэр өөрөө над руу залгаад надтай ярихаар нь би эхнэртээ хүүхдийн тариа хийх цаг болж байгаа шүү гэж сануулсан юм. Эхнэр намайг хүүхдийн тариа хийх цаг болохоор сануулаарай гэж хэлээд явчихсан байсан юм. Энэ үед манай охин Ү****** та битгий ээж рүү байн байн утсаар яриад байгаач, өөрөө архи уудаг байж гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд манай эхнэр ирэхээр нь би эхнэртээ утсаа аваад явж байгаач, залгахаар авахгүй юм, ямар даахгүй юм байгаа биш гэж хэлсэн чинь манай охин Ү******* надад хандан наад хүн чинь жилдээ ганц хоёрхон удаа баярладаг, чи өөрөө дуугүй бай, өөрийгөө хичээ гэж надад хэлсэн. Тэгээд зарим зүйлийг нь бас сайн санахгүй байна. Би охин Ү******г үсдэж жоохон доош нь хараад түлхчихсэн юм. Тухайн үед миний уур нилээд хүрсэн. Тэгсэн чинь манай охин Ү****** босож ирээд над руу дайраад байхаар нь би цаашаа эргээд явсан чинь толгой руу нэг зүйлээр цохихоор нь би энэ хүүхэд арай биш болж байгаа юм байна гэж бодоод уурлаад аяга аваад шидчихсэн чинь толгой руу цохичихлоо гэж манай охин Ү***** хэлэхээр нь гайгүй болов уу гэж бодоод толгойг нь үзсэн чинь манай охин Ү******* толгой хагарчихсан байсан. Тэгээд манайхаас хэн нэгэн нь цагдаа руу дуудлага өгсөн байна лээ. Тухайн асуудал маш хурдан болж өнгөрсөн, бараг ганц 2 минутын хугацаанд болсон асуудал юм. Ганц 2 минут ч хүрэхгүй хугацаанд болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай: “...Б.Ү*****гийн биед зүүн чамархайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “...Б**** овогтой Ү****** 15 настай, эмэгтэй, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим толгойгоо хүнд цохиулсан, цус алдсан байдалтай, хүүхдийн биеийн байдал дунд А/Д:90/60, 3 оёдол тавьж цэвэр боолт хийж эмчилгээ зөвлөв.” гэх эмчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал),
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч З.Б**** нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шалтаг шалтгаангүйгээр насан хүрээгүй хохирогч Б.Ү***** гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгйн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Б*****г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч З.Б******гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Ү*****гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн зардалтай холбогдуулж нотлох баримт ирүүлээгүй, сэтгэл санаад хохирол учраагүй, санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 116,022 төгрөгийг З.Батаа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “....Шүүгдэгч З.Б**** нь гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, насан хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А*****аас хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй талаар мэдэгдсэн. Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 116,022 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч З.Б*****ийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй учир торгох ял оногдуулах боломжгүй, мөн бөөр нуруу нь өвддөг гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад өгч байх тул нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс шүүгдэгчид 2 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал.” гаргав.
Шүүгдэгч: Би эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа тул Шарын гол сумаас гарахгүй байх боломжгүй байна. Зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би эмчилгээний мөнгө цуглуулсан байгаа тул торгох ял төлөх боломжтой” гэжээ.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч З.Б*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Б******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 53-58, 60-61 дэх тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Б*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б**** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2518000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С* овогт З****гийн Б*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З.Б*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б**** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б**** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Б****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН