Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01234

 

                               

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01234

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххх тоотод оршин суух, Ц.Гын /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххх тоотод оршин суух, Д.Дд РД: хххххххххх/ холбогдох

10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Г нь Д.Даас 2013 онд 5.000.000 төгрөгийг гэрээ байгуулаагүй зээлж авсан бөгөөд түүнээс авсан дээрхи мөнгийг 2014 онд хүүтэй нь төлж дуусгасан. С.Гын танил Ц.Д гэх эмэгтэй түүнээс 10.000.000 төгрөг зээлдүүлээч гэхээр нь тэрээр зээлэх мөнгө байхгүй, өөрөө хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, тэр хүн хүүтэй мөнгө зээлдүүлдэг, чи очоод уулз гэж хэлсэн.

Ингээд Д.Д, Ц.Д нар уулзалдаж Д.Д нь Ц.Дд 10.000.000 төгрөг зээлүүлсэн. Гэтэл Д.Д нь 2014 оны 11 дүгээр сараас эхлэн чиний дагуулж ирсэн Ц.Д чинь эхний 2, 3 сарын хүүгээ төлөөд алга болчихлоо. Утсаа авахгүй байна. Мөнгөний хэрэг гараад байна, яаралтай мөнгө олоод өг, удахгүй буцаагаад өгнө гэж удаа дараа утсаар ярьсан байдаг.

Ц.Г нь хамаатны дүүгээсээ мөнгө зээлж Д.Дд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 000000000 тоот данс руу нь шилжүүлсэн. Д.Д нь өнөөг хүртэл уг 10.000.000 төгрөгийг өгөхгүй байгаа бөгөөд түүнээс мөнгөө шаардахад чиний дагуулж ирсэн Ц.Д надаас авсан зээлээ төлөөгүй, тийм учраас би чамаас авсан 10.000.000 төгрөгийг Ц.Дгийн зээлэнд тооцож авсан, чи өөрөө Ц.Дгээсээ олж ав гээд Ц.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна.

Ц.Г нь мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан Ц.Дг хүнд хүүтэй мөнгө зээлдүүлж хүүгийн ашиг авдаг Д.Дтай уулзуулж өгснөөс бус тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, Ц.Дгийн зээлж авсан 10.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй.

Гэтэл Д.Д нь Ц.Гоос зээлсэн 10.000.000 төгрөгөө Ц.Дгийн зээлийн төлбөрт тооцсон гэж байгаа үйлдэл Ц.Гыг хохироож байгаагаас гадна түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал гэж үзэж байна. Иймд Д.Даас 10.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Д миний бие Ц.Гын гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Ц.Г нь надаас 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ц.Г нь Ц.Дгийн хамт ирээд манай найзад 10.000.000 төгрөг хэрэг болоод байна, та 5 хувийн хүүтэй зээлүүлээч гэж гуйгаад байсан.

Би танихгүй хүнд мөнгө зээлүүлэхгүй гэсэн. Ц.Г нь та намайг зээлж байна гээд бодчих, би бүх тооцоог хийнэ гэж хэд хоног гуйхаар нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийг зээлүүлсэн.

2 жилийн дараа өөрийн зээлсэн 5.000.000 төгрөгийг хүүний хамт мөн дараа нь авсан 10.000.000 төгрөгийн хүүг алдаг оног өгч байсан. Үндсэн зээл 10.000.000 төгрөгийг огт төлөөгүй. Би Ц.Гоос ямар ч мөнгө зээлээгүй. Ц.Дтэй ярихад Ц.Год хүүний мөнгө гэж өгч байсан. Мөнгөний карт, паспортын хамт авчихаад одоо болтол өгөөгүй. Миний хашаа, байшинг 10.000.000 төгрөгөндөө барьцаалж н.Батсайхан гэж хүний нэр дээр болгосон гэж ярьдаг гэжээ.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д.Дд холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д.Дд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг Ц.Дгийн зээлсэн 10.000.000 төгрөгт тооцсон гээд өгөхгүй байгаа тул уг мөнгөө нэхэмжилнэ,

хариуцагч Д.Д нь Ц.Гоос мөнгө зээлээгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д.Дд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг түүний Хаан банк дахь хххххххххтоот данс руу нь бэлнээр болон өөрийн Хаан банк дахь ххххххххх тоот данснаас шилжүүлсэн нь талуудын тайлбар болон хариуцагч Д.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэгийн баримтаар тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 33-40, 43, 45 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Даас 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэх ба тэрээр уг мөнгөө төлж барагдуулсан талаар хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу талбартаа тусгасан болохыг дурьдлаа.

 

Хариуцагч Д.Д нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ц.Дд нэхэмжлэгч С.Гын хүссэний дагуу 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх ба талуудын тайлбараас үзэхэд уг 10.000.000 төгрөгийг С.Г бус Ц.Д нь хариуцагч Д.Дэждлхамаас зээлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д.Дд зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн 10.000.000 төгрөгөө түүнээс буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Д.Дыг Ц.Дгийн зээлсэн зээлийн төлбөрт тооцон авсан гэх нэрийдлээр бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж С.Гын түүнд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Даас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Даас 14.350.000 төгрөг, нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Даас 16.500.000 төгрөг тус тус нэхэмжлэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар /223 дугаар захирамж/ нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Дд холбогдох 14.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, нэхэмжлэгч С.Б нь 6.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Д нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдлаа.

/ХХ-ийн 41 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Дд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 20 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Даас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Год олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Год олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН