Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

 

  2025          01               07                                            2025/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430000000302 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Мөнххаан сумын 3 дугаар баг “Баянцагаан” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:*******)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг "Эрдэнэ уул" гэх газар "архинд хамт явсангүй" гэх шалтгаанаар уурлаж ******* нүүрэн тус газар луу аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Айлд очиж хэдэн даагаа тамгалсан. Тэгээд хэдэн найзууд дүү нартайгаа хэдэн шил архи уучхаад харих замаараа айлд хоол идэх гэж байгаад тэнд нэг пиво уугаад муудалцаад тийм асуудал болсон” гэв.

Эрүүгийн 2430000000302 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд юм ярьж сууж байгаад би *******г “надтай хамт Мөнххаан сумын төв ороод ирье” гэж асуусан. Тэр үед Б.Баатарчулуун надад “үгүй, би явахгүй” гэж хэлсэн. Тэгээд л сууж байгаад би Б.Баатарчулуунтай маргасан. Тухайн үед юунаас болж маргаснаа бол санахгүй байна. Тэгээд би өөрийнхөө урд байсан аягыг аваад Б.Баатарчулуун руу шидчихсэн. Тэр үед миний шидсэн аяга ******* зүүн нүдний дээхэн талд нь оночихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37-р хуудас),

- Хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг, “Эрдэнэ-Уул” гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед хөдөө гэртээ ойрхон байдаг Үржинсүрэнгийн Баатарчулууны гэрт хоол идээд сууж байхад гаднаас ******* согтуу орж ирээд надад "Хамт сум орж архинд яваад ирий" гэж хэлэхээр нь би "Сумын төв рүү явахгүй" гэж хэлтэл ******* нь цай аягалж өгсөн хаягаар миний нүүр рүү чулуудаж, миний зүүн хөмсгийг урж цус гарсан. Тэгээд ******* нь над руу ойртож зодох гээд байхаар нь гэрт байсан Үржинсүрэнгийн Баатарчулуун нь намайг өмөөрөөд *******ыг зүгээр бай гээд хорьсон. Тэгсэн ******* нь намайг гадаа гарч 2-лаа учраа олъё гээд байхаар нь араас нь дагаж гарахад ******* нь тамхи татаж сууж байгаад босож ирээд намайг сууж байхад миний ам руу 2 удаа өшиглөж, намайг унагаж байгаад цээж рүү 3 удаа өшиглөж, миний толгой руу 3 удаа цохисон бөгөөд Үржингийн Баатарчулуун нь бид 2-ыг салгасан. Тухайн үед би зодуулаад гэртээ очиж амраад маргааш нь босож чадахгүй Мөнххаан сумаас түргэн дуудаж Хэнтий аймаг руу үзүүлэхээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7-р хуудас),

- Гэрч ******* өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед Мөнххаан сумын 3 дугаар баг Эрдэнэ-Уул гэх газар намайг гэртээ байхад Б.Баатарчулуун нь манай гэрт ирж хоол идээд сууж байхад араас нь ******* нь гаднаас жаахан согтуу орж ирэхээр нь би цай аягалж өгөөд сууж байтал ******* нь *******г “сум руу хамт явъя” гэж ярьж байсан. Тэгсэн Б.Баатарчулуун нь "Орой болчихлоо, дараа болъё" гэж хэлэхэд ******* нь “сум явж өгсөнгүй” гэж уурласандаа Б.Баатарчулуун руу барьж байсан аягаа аваад чулуудахад ******* нүүр рүү оноод цус гарсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд ******* нь “хоёулаа учраа олъё” гэж хэлээд *******г манай гэрээс дагуулж гараад тэр 2 юм ярьж байгаад дахиад маргалдаад байхаар нь би гарч салгасан...Б.Баатарчулуун нь тухайн үед нүүр рүүгээ аяга шидүүлсэн болохоор зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. ******* нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 379 дугаартай “...1. ******* биед зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22-р хуудас)

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

- Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 38-39-р хуудас),

- Шүүгдэгч *******ы жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44-47-р хуудас),

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 50-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.11.18-ны өдрийн 23/217 тоот албан бичиг (хавтаст хэргийн 52-53-р хуудас),

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 55-58-р хуудас),

- Хохирлын баримт (хавтаст хэргийн 60-61-р хуудас),

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг "Эрдэнэ уул" гэх газар “архинд хамт явсангүй” гэх шалтгаанаар уурлаж, ******* нүүрэн тус газар луу аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Эрдэнэ уул” гэх газар “архинд хамт явсангүй” гэх шалтгаанаар уурлаж ******* нүүрэн тус газар луу аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 975,598 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч төлөөгүй байгаа болно. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6-т зааснаар *******ы хувьд иргэн ******* биед халдаж түүнд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгаа. Анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй ийм учраас нэмж гаргах санал байхгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан.

1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч Б.Баатарчулуунтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар луу аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч *******ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.1. Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

3.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай.  Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн 975,598 төгрөгийг гаргуулж хохирогчид мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,456,709 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай  Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон бөгөөд хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх,

3.1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “*******ы хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож прокурорын ялын саналыг сонслоо. *******ы хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хувьд хохирогчид эмчилгээний зардал тодорхой хэмжээний мөнгө өгөе гэсэн боловч хохирогч өөрөө шүүхээр шийдвэрлүүлнэ гээд аваагүй. Ийм учраас *******ы үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс 700,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Үүнийг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг *******ы хувьд өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардалд 945,900 төгрөгийн баримт гаргаж өгсөн байсан зарим баримтын хувьд хэдийгээр эмийн баримт байгаа боловч яг эмчийн заавраар өгсөн нь эргэлзээтэй байсан. Ийм учраас 945,900 төгрөгийг баримтыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж байж нотлох баримт хангаагүй учраас энийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэсэн энийг шүүх  эрх хэмжээний хүрээнд шийдэх байх гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргасан.

3.2. Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 975,598 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Б.Баатарчулуунд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ******* өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

4.2. Хохирогч Б.Баатарчулуун өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 1,456,709 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 1,456,709 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.

4.3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....” гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Шүүх хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.

Иймд Иргэний хуулийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******аас хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 660х5=3,300,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан 975,598 (есөн зуун далан таван мянга таван зуун ерэн найм) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Эрдэнэ-Уул” гэх газарт нутаглах ******* овогт Бямбасүрэнгийн Баатарчулуун (РД:ЛД80102418)-д олгосугай.

7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Эрдэнэ-Уул” гэх газарт нутаглах ******* овогт Бямбасүрэнгийн Баатарчулуун (РД:ЛД80102418)-д олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1,456,709 (нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга долоон зуун ес) төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

9. Хохирогч Б.Баатарчулуун гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

11.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ