Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/45

 

Н.Батжаргал, С.Гансүх нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа                                                

                                      Шүүгдэгч                                          С.Гансүх

                                      Шүүгдэгч                                      Н.Батжаргал

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               А.Отгонбаяр                    

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Найнийн Батжаргал, Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарт холбогдох эрүүгийн 1931004460001 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг, Тээвэрчид 6 дугаар гудамж 14 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,  Боржигон овогт Найнийн Батжаргал /РД: ТВ87120478/

Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг, Төмөр толгой гудамж 0 тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймаг Дархан сум, 6 дугаар баг, Үндсэн тосгон 66 дугаар брак 1 тоотод түр оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ялаа эдлээгүй, Борлууд овогт Сүхбаатарын Гансүх /РД: ТК99053011/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Батжаргал, С.Гансүх нар нь хоёр сар гаруй хугацаанд буюу 2019 оны 08, 09 дүгээр саруудад бүлэглэн машин механизм ашиглаж нийт 17 удаагийн үйлдлээр  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан иргэдэд нийт 30.897.500  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Н.Батжаргал, С.Гансүх нарт холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/154  дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Найнийн Батжаргал, Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан “Машин механизм ашиглан, учрах саадыг арилган зэвсэг тусгайлан бэлтгэсэн зүйл ашиглан орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

...3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Найнийн Батжаргал, Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарт тус тус 05 жил 01 сарын хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Гансүхэд тус шүүхийн 2019 оны 12-р сарын 19-ний өдрийн 213 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 01 хоногоор тооцож 01 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял дээр нэмж шүүгдэгч С.Гансүхийн биечлэн эдлэх ялын хэмжээг 06 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Батжаргал оногдуулсан 05 жил, 01 сарын хорих ял, С.Гансүхэд оногдуулсан 06 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Н.Батжаргал, С.Гансүх нарын энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 07 дугаар 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 02 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар ялтан С.Гансүх, Н.Батжаргал нараас тус тус 500,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Ялтан Н.Батжаргал, С.Гансүх нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

1. Прокуророос Н.Батжаргал нарт холбогдох үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг яллагдагчаар татах тогтоолд хуульд заасан ямар буруутай үйлдлийг хийснийг тусгаагүй зөвхөн хохирлын хэмжээг дурдаж, улмаар яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг зөрүүтэй байдлаар тус тус тусгасныг шүүхээс дүгнэлт хийж, эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

2. Н.Батжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.

3. Н.Батжаргал нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг С.Гансүх, М.Алтаншагай нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон боловч М.Алтаншагай нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байдаг. Гэтэл М.Алтаншагайн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг Н.Батжаргал, С.Гансүх нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагыг бусдад халдааж улмаар Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн байж болзошгүй тул уг нөхцөл байдалд мөн хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын тухайд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, хууль журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь адил ...ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, идэвх, үүрэг, гэмт хэрэгт ямар үүрэг оролцоотой байсан, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлээс ашиглахад оролцсон байдал, хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосны эцэст ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах байсан гэж үзэж байна. ...Эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд уг тогтоолоор оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. Шүүгдэгч С. Гансүх нь хэрэг бүртгэж эхэлсэн цаг үеэс эхлэн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн шударгаар мэдүүлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд шүүх хуралдааны явцад ч гэм буруугаа хүлээдэг юм. Дээрх байдлуудыг харгалзан үзэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээд нийт оногдуулсан ялыг түүний хувийн байдал, цаашдын засрал хүмүүжих нөхцлийг нь харгалзаад багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид энэ хэрэг дээр дөрвүүлээ явж байсан. Алтаншагайн ах Алтанзулыг энэ хэрэгт татаж өгөөч гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Н.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед дөрвүүлээ явсан. Тухайн үед Алтаншагай “...нэг айлаас хоёр хүүхэд яваад яах юм бэ, манай ахыг прокурор дээрээс салгаад үлдээчих...” гэж хэлсэн. Ах нь бас хохирол мөнгөнөөс чинь төлөлцье гэж хэлсэн. Одоо хүртэл төлөлцөөгүй. Үүнээс гадна Хушаат суманд нэг айлын өвөлжөөг ухсан. Талийгаач Алтаншагайн ах Алтанзулыг нэмж оролцуулж өгөөч гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. ...Прокуророос мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад, прокурорт хэрэг шилжих явц буюу 6 дугаар хавтаст хэргийн 150-152 дугаар тал, 145-147 дугаар талд яллагдагч нарт холбогдох үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол авагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх яллагдагч нарт холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа энэхүү өөрчлөлтийг 8000 төгрөгийн алдагдсан удирдлагын үнэлгээг нэмж, 298.000 төгрөгийн эд зүйл алдагдсан тогтоолыг яллагдагч нарт танилцуулаад, танилцуулсан тухай тэмдэглэл /6 дугаар ХХ-ийн 153-154 дүгээр тал, 148-149 дүгээр тал/ авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч шүүгдэгч нар мэдүүлэг өгсөн талаар дээр дурдсан хуудаст авагдсан байгаа. Эдгээр нотлох баримтаар яллагдагч нарын эрхийг зөрчсөн ийм асуудал байхгүй гэж дурдмаар байна.           

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хуулиар хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Батжаргал, С.Гансүх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 05 жил 01 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Батжаргал оногдуулсан 05 жил, 01 сарын хорих ял, С.Гансүхэд оногдуулсан 06 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу Н.Батжаргал, С.Гансүх нарт холбогдох эрүүгийн 1931004460001 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг тодорхой хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн  амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон, гэмт этгээдүүдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Дээрхи шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхэд гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Н.Батжаргал, С.Гансүх нар нь хоёр сар гаруй хугацаанд буюу 2019 оны 08, 09 дүгээр саруудад бүлэглэн машин механизм ашиглаж нийт 17 /арван долоо/ удаагийн үйлдлээр  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан иргэдэд нийт 30.897.500 /гучин сая найман зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Түүнчлэн Н.Батжаргал, С.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй өөр гэмт үйлдлүүд болон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх М.Алтанзул гэгчийн талаарх үйл баримтуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх  шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 36.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Н.Батжаргал, С.Гансүх нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.                                                                           

                               ДАРГАЛАГЧ                              Д.БУЯНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН