Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 89

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 83, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Түмэн овогт Цогт-Очирийн Цэдэнсодном, Боржигон овогт Чинбатын Намсрай нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд, Монгол дархан овогт Буянтогтохын Гантогтох, Ваанчиг овогт Чойжилсүрэнгийн Наранхүү нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, авто тээврийн хэрэгслийг авч авч зугтаах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдсэн, хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.Цэдэнсодном, Ч.Намсрай нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 сарын баривчлах ялаар,

 

шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сар хорих ял,

шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 7 жил хорих ял,

шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ялаар шийтгэсүгэй,

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтох, Ч.Наранхүү нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сар хорих ялуудыг нэмж ‎нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр 8 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтоход Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 жил хорих ялаар тогтоосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтоход оногдуулсан 9 жил хорих ял, шүүгдэгч Ч.Наранхүүд оногдуулсан 8 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц‎эдэнсодном, Ч.Намсрай нарт оногдуулсан тус бүр 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

           

            8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтохын цагдан хоригдсон 282 хоног, шүүгдэгч Ч.Наранхүүгийн цагдан хоригдсон 282 хоног, шүүгдэгч Ц.Цэдэнсодномын цагдан хоригдсон 39 хоног, шүүгдэгч Ч.Намсрайгийн цагдан хоригдсон 37 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            9. Шүүгдэгч Ц.Цэдэнсодном, Ч.Намсрай нар нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтохоос 410 425 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Я.Гэрэлтогтоход 287 425 төгрөг, Г.Наранчимэгт 123 000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Ч.Наранхүүгээс 9 094 295 төгрөгийг гаргуулж Хаан банкинд 6 415 890 төгрөг, хохирогч Г.Ууганбаярт 1 850 480 төгрөг, Л.Цэрэндоржид 400 000 төгрөг, Г.Наранчимэгт 123 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Я.Гэрэлтогтоход 287 425 төгрөг, Г.Гантуулд 17 500 төгрөгийг тус тус олгосугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Одонтунгалаг нь 200 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Дулмаа нь 20 000 төгрөгийн, Г.Цэрмаа нь 75 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн буу, 7844 дугаартай замаг, 4 ширхэг сумтай дайз, калибрь бууны сум 31 ширхэг, СКЗ маркийн 25 ширхэг сум, суран оосортой бууны бөгс мод, 4 хайрцаг сум, сумны хошуу 1 ширхэг, хонгио 2 ширхэгийг Дорноговь аймагт дахь Цагдаагийн газарт шилжүүлэх, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал болон хар өнгийн 2 ширхэг эвхдэг хутга, хар өнгийн гар чийдэн, мөнгөний цаасан бүс 7 ширхэг, утас зэргийг устгах, СD 2 ширхэгийг хэрэгт хадгалах, хар өнгийн IPhone маркийн гар утсыг шүүгдэгч Б.Гантогтоход буцаан олгосугай.

 

            12. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 400 000 төгрөгийн үнэ бүхий IPhone 5S маркийн гар утас, Sky маркийн гар утас, 120 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж 2 ширхэг, 60 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгж 3 ширхэгийг улсын орлого болгосугай.   

 

            13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гантогтохын 800 000 төгрөгийн үнэ бүхий Конка маркийн 42 инчийн зурагт, 300 000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.   

 

            14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Наранхүү, Б.Гантогтох нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Ч.Намсрай, Ц.Цэдэнсодном нарт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.    

 

            15. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД

                                         ШҮҮГЧИД                                    Н.АДЪЯА

                                                                                               

 Д.АДЪЯАСҮРЭН