Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

 

 

  2025         01              07                                           2025/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******т холбогдох эрүүгийн 2430000000296 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “Дэнж”-ийн задгай тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:*******)

  

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “Нанзад” гэх газар ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 2430000000296 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...******* миний хэдэн хонь, ямаа байдаг болохоор тэрийгээ ирж харсангүй дээрээс нь ар гэрийн асуудлаа яриад байхаар нь надад хамаагүй гэж хэлсэн чинь танай ахын асуудал чамд яахаараа хамаагүй байдаг юм гээд дайраад байхаар нь хоёр гарыг нь хоёр гараараа бариад нэг гараар нь нүүр лүү нь нэг удаа цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 42-44-р хуудас),

- Хохирогч өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Асгат сумын 2 дугаар багийн нутаг “Нанзад” гэдэг газарт байх хөдөө гэрээсээ сургуулийн хүүхдээ аймаг руу явуулах гээд саахалт айлын Нацагдоржтой хамт машинд нь суугаад сумын төвд орж ирсэн. Сургуулийн хүүхдээ аймаг явах унаанд суулгаж өгчхөөд орой 17 цагийн үед буцаад Нацагдоржтой хамт машинд нь суугаад гэр лүүгээ явах замдаа хөдөө 2.5 литрийн нийслэл нэртэй пиво нэгийг хувааж уучхаад гэртээ очиход манай хадам дүү ******* намайг “та одоо архи уучхаад ирлээ” гээд үглээд надтай зөрөөд хаашаа явсныг мэдэхгүй гэрээс гараад явсан. Тэгээд би ороо засаад унтаж байтал ******* 1 цаг гаран болсны дараа буцаж ирээд “хонио хашъя” гэж надад хэлэхээр нь би босоод хонио хашчихаад гэртээ орж ирэхэд намайг “элий балай авгай, та архи уухаараа тэнэг солиотой уудаг ш дээ” гээд элдвээр хэлээд үглээд байхаар нь би “чи одоо намайг элий балай авгай, тэнэг солиотой хүн гээд байхдаа яадаг юм бэ” гээд *******ын толгой руу гараараа тоншчихсон юм гэтэл “та миний толгой руу хүрдэг хэн бэ” гээд над руу уурлаад миний толгой руу гараараа нэг удаа маш чанга цохиход би манараад доошоогоо унасан тэгээд би цохиулсныхаа дараа босож ирээд толинд харахад миний толгой маш ихээр өвдөж хоёр нүд хавдаад хөхөрч зүүн талын нүд юм харж чадахгүй болсон байсан үүнээс болоод миний толгой болон нүд, хамар  шөнөжингөө өвдөөд би толгой болон нүүрэн хэсэгтээ хүйтэн жин тавиад хоносон... ******* миний хамрын дээд талд 2 нүдний дунд гараараа нэг удаа маш хүчтэй цохисон би цохиулснаас болж миний 2 нүд хөхөрч хамар, дух тэр чигтээ битүү хаван болж зүүн талын нүд нээгдэхгүй юм харахгүй болсон цохиулснаас хойш одоог хүртэл миний толгой өвдөөд намдахгүй байхаар нь би өнөөдөр сумын эмнэлгийн түргэнийг дуудаж үзүүлэхэд “эмч таны даралт өндөр байна бас толгой чинь доргилттой байна эмнэлэгт очоод нарийн шинжилгээ авъя” гээд эмнэлэгт авчирсан...******* миний толгой руу цохиход хажууд хүн байгаагүй бид 2 хоёулаа байсан манай нөхөр аймаг руу ажил хийхээр яваад 10 гаран хонож байсан манай хадам дүү ******* бид хоёр малаа маллаад үлдсэн байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8-р хуудас),

- Гэрч өгсөн “...Намайг эгчийг хүргэж өгөхөд хадам дүү ******* нь гэрт нь байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16-р хуудас), 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 381 дугаартай “...1. биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22-р хуудас),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 46, 58-р хуудас),
  • Шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 49-52-р хуудас),

Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч *******ыг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “Нанзад” гэх газар ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “Нанзад” гэх газар ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт гаргасан.

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн чихэнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

3.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Мөн хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэж дүгнэлт гаргасан.

3.2. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

Хохирогч өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ