Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

 

 

  2025          01              08                                         2025/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******д холбогдох эрүүгийн 2430000000298 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, “Цайрт минерал” ХХК-д гүний уурхайд туслах ажилтан, ам бүл 2, эхийн хамт, Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн 2-7 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Баруун-Урт сумын 5 дугаар баг   “Мандах”-ын 1201 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:*******),

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн хүүхдийн тоглоомын талбайн дэргэдээс тус сумын 9 дүгээр баг “Зээртэй хөшөө” байх газар хүртэл 1.79 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ “Toyota Prius-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2025 оны 10 сарын 23-ны өглөө ажлаас тарчхаад ажлынхаа хүнтэй өдөр уулзаад 2 том пиво уугаад манай найзыг эхнэр нь ирээд аваад явсан. Би харьж явж байгаад баригдсан” гэв.

Эрүүгийн 2430000000298 дугаартай хэргээс:   

- Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн хүүхдийн тоглоомын талбайн урдаас Баруун-Урт сумын 9 дүгээр баг зээртэй хөшөө хүртэл тус тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35-р хуудас),

- Гэрч ******* өгсөн “...Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа А.Базарсадын хамт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 08 цагаас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 08 цаг хүртэл 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг нэлээн өнгөрч байхад олон нийтийн цагдаа А.Базарсадын хамт тус тасгийн албаны 00-66 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баруун-Урт сумын 5 дугаар баг “Арвижих Дарь” шатахуун түгээх станцын урд талын зам дээр зогсож тус замаар зорчин явж байсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад ертөнцийн зүгээр баруун хойд талаас ******* улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох гээд дохиур модоор дохиход тус тээврийн хэрэгслийн жолооч намайг дохихыг харсаар байж шууд өнгөрөөд явахаар нь А.Базарсадын хамт тус тээврийн хэрэгслийн араас явахад тус тээврийн хэрэгсэл Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх зээртэй хөшөөний хажууд урагш хараад зогсохоор нь хажууд нь зогсоод тус иргэнд А.Базарсад бид хоёр өөрс өөрсдийгөө танилцуулж, машиндаа ямар хүмүүстэй явж байгааг харахад тус тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан. Тэгээд би тус тээврийн хэрэгслийн жолоочийг ямар шалтгааны улмаас дохиход зогсоогүй талаар асуухад анзаарсангүй гээд машиныхаа бичиг баримтыг өгөхөд тухайн иргэнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь тус иргэний биеийн байцаалтыг асууж торгуулийн багажаар тус иргэнийг шалгахад ******* гэх хүн байсан бөгөөд тухайн иргэн нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан бөгөөд тухайн иргэнээс та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү, танаас үнэртэж байна гэхэд хэрэглэсэн гэхээр нь тус иргэний согтуурлын зэргийг шалгах зорилгоор цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт авчирч драйгер багажаар үлээлгэхэд согтолтын хэмжээ нь 1.79 хувьтай гарсан. Мөн тус иргэний согтуурлын зэргийг шалгахдаа өөрийн гар утсаар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан...Иргэн ******* нь тус тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан...******* нь анх Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн хүүхдийн тоглоомын талбайгаас хөдөлж Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт байх шагайтай тойргоор дамжин зээртэй хөшөө хүртэл жолоодон явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),

- Гэрч өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 835 тоотод байх гэртээ байж байхад гаднаас найз ******* манайд ирсэн. Тухайн өдрийн өглөө нь бид хоёр ажлаасаа буусан орой нь ажилгүй байсан учраас хоорондоо ярилцаж байгаад ганц нэг пиво уухаар болсон. Анх ******* нь гэрээсээ манайд ирэхдээ өөрийнхөө “Тоёота приус-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн учраас бид хоёр манайхаас “Ганга” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад тухайн дэлгүүрийн гаднаас Дэнжийн хүүхдийн тоглоомын талбайн хажууд очоод зогсоод бид хоёр авсан пивонуудаа ууж дуусахад манай эхнэр 16 цаг өнгөрч байхад ирээд би эхнэрийн хамт тус газраас явсан, харин ******* нь тус газарт үлдсэн. Тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 07 цагийн үед ажилчдын автобусанд ******* нь надад хэлэхдээ өчигдөр чамайг явсны зээртэй хөшөөнөөс хүн тосох гэж явж байгаад цагдаад баригдсан талаар хэлсэн... ******* бид хоёр анх Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн хүүхдийн тоглоомын талбайн хажууд очиж зогсоод 2 том пиво ууж дуусаад би явсан. Намайг явсны дараа ******* нь зээртэй хөшөөнөөс хүн тосох гээд тус тоглоомын талбайгаас зээртэй хөшөө хүртэл өөрийнхөө машиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явж байхдаа цагдаагийн алба хаагчдад баригдсан юм байна лээ.Мөн тухайн үед ганцаараа явж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас),

- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” (хавтаст хэргийн 3-р хуудас)

- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6-р хуудас),

- 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “*******ы согтолтын хэмжээг драйгер багажаар шалгуулахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан 01 минут 30 секундийн дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 8-р хуудас),

- 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-14-р хуудас),

- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 39-р хуудас),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/499 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 45-48-р хуудас),

- Шүүгдэгч *******ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хэргийн 36-37 дугаар хуудас),

- Шүүгдэгч *******ы жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хэргийн 39-41 дүгээр хуудас) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч *******ыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн хүүхдийн тоглоомын талбайн дэргэдээс тус сумын 9 дүгээр баг зээртэй хөшөө байх газар хүртэл 1.79 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ “Toyota Prius-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн хүүхдийн тоглоомын талбайн дэргэдээс тус сумын 9 дүгээр баг зээртэй хөшөө байх газар хүртэл 1.79 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ Тоёота приус 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч ******* мэдүүлэг, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудаар мөн өнөөдрийн шүүхийн хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хасуулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдэгдсэн гэж үзэх бөгөөд уг гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох”  дүгнэлтийг гаргасан.

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.  

2.2. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн автомашин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой. Иймд шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

Энэ гэмт хэрэг нь: Авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг,

“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг тус тус ойлгоно.

2.2. Прокуророос шүүгдэгч *******ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 3.1.2. Улсын яллагч: “*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсаныг хэрэгт хавсаргаж хадгалах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг гаргасан.

3.2. Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

5. Бусад асуудлын талаар:

5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* овогт *******ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 ( гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

7. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАННАВЧ