Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0049/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Ч.М 

шүүгдэгч Х.Б  түүний өмгөөлөгч Д.З **** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000068 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Ц  овогт Х.Б, (РД:*******), 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, Оюутолгой ХК-ийн охин компани Бьюлдингмэйнтэнэнс сервисэс ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б**** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан боловч дахин 0.46 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Билэг хүнсний дэлгүүрийн урд талын асфальтан зам дээр цагаан өнгийн **-** ДАА улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 Шүүгдэгч Х.Б   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Билэг хүнсний дэлгүүрийн урд талын засмал зам дээр цагаан өнгийн **-** ДАА улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 0.46 хувийн согтолттой жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчин, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Х.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 0.46 хувийн согтолттой жолоодсон” гэх гэмт амаар гаргасан гомдол мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.46 хувийн үзүүлэлт илэрч Х.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 40 дэх тал),

 

Гэрч Б.Б ийн өгсөн: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтаар нэмэлтээр үүрэг гүйцэтгэх үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт Билиг дэлгүүрийн урд талын зам дээр 01 цагийн үед **-** ДАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байж болзошгүй тул дохин зогсоосон. Машины жолооч талын суудалд нэг эрэгтэй хүн сууж явсан ба регистрийн дугаарыг асуухад өөр хүний регистрийн дугаарыг хэлээд шалгахад хүндрэл учруулж байсан, удалгүй өөрийнхөө регистрийг хэлээд мэдээллийг шалгаж байхад машины хойд талын суудалд сууж байсан 2 эмэгтэй хүн машинаас буугаад дэлгүүр орчихоод шалгаж дуусах хүртэл эргэж ирээгүй. Ингээд жолоочийн регистрээр шүүн үзэхэд Х***ийн Б**  (РД******) гэх хүн байсан ба 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр жолоо барих эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан, мөн түүнийг архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 0.46%-тай гарсан. Жолооч нь үйлчилгээн дээр машин дотроо 1 лааз пиво уугаад үйлчилгээнээс Билиг дэлгүүр хүртэл тээврийн хэрэгслийг жолоодсон гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дэх тал),

 

Х.Б ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн орчим гэр лүүгээ харих гээд үйлчилгээний төвийн баруун талын зам дээр явж байхад зам дагуу 2 эмэгтэй зогсож байсан. Би машинтайгаа зогсоод унаа хэрэгтэй юу гэхэд тийм гээд миний машинд суусан. Машинд суугаад хаашаа явах вэ гэхэд Дарханд өөр баар байна уу тэнд хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би машинтайгаа хөдлөөд Ди Ди баарны хажууханд зогсоод нөгөө хоёр эмэгтэйтэй жоохон юм ярингаа 1 лааз пиво уусан. Тухайн хоёр эмэгтэй надад өөрсдийгөө Сувдаа, Номио гэж танилцуулсан. Тэгээд машинд нэлээн юм ярьж сууж байгаад 380 айлын тэнд байдаг 24 цагийн дэлгүүр орж идэх юм авах гээд хөдөлсөн. Тэгээд Билэг дэлгүүрийн зогсоол дээр ирээд зогсох үед араас цагдаагийн алба хаагч автомашинтай орж ирж зогсоод намайг бичиг баримтаа шалгуулна уу гэсэн. Тэгэхээр нь машиныхаа гэрчилгээг гаргаж өгөөд жолооны үнэмлэхний хувьд өмнө нь согтуугаар жолоо бариад 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн шүүхээр ороод нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа регисртийн дугаараар шалгаж үзсэн. Үүний дараа намайг согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад тэр багаж нь сигнал өгч таниас архи согтууруулах ундааны зүйл илэрч байна та бууж ирээд шалгуулна уу гээд намайг буулгаж ирээд согтуурал хэмжигч драгер багажаар үлээлгэж шалгахад 0.46% согтолттой гарсан. Үүний дараа та юу хэрэглэсэн бэ гэхээр нь би сая найзуудтайгаа 1 лааз пиво уусан гэдгээ хэлсэн. Намайг цагдаад шалгуулж байхад Сувдаа, Номио машинаас буугаад явсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дэх тал),

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Х.Б****д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Х.Б**** өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/***** дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн байна.

Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч Х.Б**** нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэргээр нотлогдсон.

Иймд шүүгдэгч Х.Б*****ийн дээрх үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Б***** нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг:

 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “Х.Б****ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 16 сарын хугацаатай төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих” дүгнэлтийг гаргав.  

 

Өмгөөлөгч “Х.Б**** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх санал гаргав.

 

Шүүгдэгч Х.Б****: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б***д Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Б****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24-29 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүгдэгч Х.Б*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Б*****д оногдуулсан торгох ялыг 20 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчтай 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж,  түүнийг 16 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна. Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ялыг сар бүр 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

                     

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Х.Б*** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан С овогт Х ийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Х.Б*****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 20 (хорь) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Шүүгдэгч Х.Б***** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б*****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН