| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/04863/И |
| Дугаар | 101/ШШ2020/04189 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2020/04189
| 2020 12 22 | 101/ШШ2020/04189 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х х ХХК -д холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Х х ХХК-тай харилцан тохиролцож Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 65 дугаар сургуулийн орчимд 3 замын уулзварт гэрлэн дохио суурилуулах ажлын бетон суурийн ажил-д туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болж тус ажилд 15,000,000 төгрөгийн гэрлэн дохионы бетон суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд гэрээний дагуу ажил гүйцэтгэсний дараа манай компанид гэрээний төлбөр тооцоог саадгүй олгоно гэж тохиролцсон боловч одоог болтол ажлын хөлсөө олгохгүй хохироож байна. Тендерийн мөнгө орж ирэхээр ажлын хөлсийг өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Төлөхийг удаа дараа шаардсан ч төлөхөөс татгалзсан учир бид шүүхэд хандсан.
Иймд Х х ХХК-иас ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани С-Э ХХК-тай харилцан тохиролцож Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 65 дугаар сургуулийн орчимд 3 замын уулзварт гэрлэн дохио суурилуулах ажлын бетон суурийн ажил-д туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар болож тус ажилд 15,000,000 төгрөгийн гэрлэн дохионы бетон суурийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Ингээд гэрээний дагуу ажил гүйцэтгэсний дараа хийсэн ажлаа манай компанид гэрээний дагуу хүлээлгэж өгөөгүй тул төлбөр тооцоог хийгээгүй байна. Хэрвээ гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгвөл төлбөр тооцоог саадгүй олгоно. Ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно гэжээ.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С-Э ХХК нь хариуцагч Х х ХХК-д холбогдуулан ажил туслан гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Х х ХХК нь нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн тохиолдолд ажлын хөлс 15,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй талаар хариу тайлбартаа дурджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ажил туслан гүйцэтгэх тухай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №19/10 дугаартай гэрээгээр Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 65 дугаар сургуулийн орчимд 3 замын уулзварт гэрлэн дохио суурилуулах ажлын бетон суурийн ажил-ыг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 10 хоногийн хугацаатай, ажлын хөлс 15,000,000 төгрөгийг бэлнээр олгохоор, гүйцэтгэгч захиалгат ажлыг гүйцэтгэж дуусмагц захиалагчид мэдэгдэн ажлыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд заажээ.
Гэрээнд С-Э ХХК-ийг төлөөлж, захирал Н.Батбаясгалан, Х х ХХК-ийг төлөөлж, захирал Б.Ууганбаатар нар гарын үсэг зурж, компани тус бүрийн тамга дарагдсан байна. /хх-11-13 тал/
Гэрээнд талууд захиалагч, гүйцэтгэгчийн нэрийг сольж бичсэн боловч нэхэмжлэл, зохигчийн тайлбар, ажил хүлээлцсэн баримт зэргээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь Х х ХХК, гүйцэтгэгч нь С-Э ХХК байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Хариуцагч тал ажил гүйцэтгэгч С-Э ХХК хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан боловч 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Иймээс нэхэмжлэгч С-Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хариуцагч Х х ХХК-д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагч Х х ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-Э ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хариуцагч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х х ХХК-иас 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ