| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2025/0014/Э/222/2025/0011 |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
2025 01 13 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430000000293 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Уулбаян суманд малчин, ам бүл 6, эцэг эх, ах, 2 дүүгийн хамт Уулбаян сумын 1 дүгээр баг “Жишиг” хорооллын 619 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт Г******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Архи дарс уудаггүй байсан болохоор тэр үед найранд ороод жоохон уучихсан байсан юм. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Намайг уучлаарай миний буруу” гэв.
Эрүүгийн 2430000000293 дугаартай хэргээс:
- Хохирогч *******ийн өгсөн “...Би Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэртэй унтаж байхад 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд “ус уучхаад гаръя” гэж хэлэхээр нь “чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна” гэсэн чинь тэр залуу намайг “уучлаарай” гээд усаар амаа зайлчхаад гарч явсан. Тэгээд гарсан хойгуур нь би гэрийнхээ хаалгыг түгжээд байж байтал 05 цаг 49 минутын үед ахин хаалга цохиж “хаалгаа тайлаач” гэхээр нь би “хэн юм бэ яваач” гэж хэлээд би Дүгэржав гэх хүргэн ахынхаа 80192543 тоот утас руу нь залгаад “согтуу хүн хаалга нүдээд байна” гэж хэлэхэд хүргэн ах “за одоо очлоо” гэж хэлээд утсаа таслаад хаалганы дотор талын бариулаас чангаахад гаднаас хүчтэй татаж гэрийн түгжээг эвдэж орж ирсэн. Тэгээд миний гарт байсан утсыг авч шидээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээрээс дарж унасан, тэгээд миний майкнаас зулгаан хөх базаж шоорт тайлах гэж оролдож байх үед манай хүү сэрээд уйлахад “юун хүүхэд вэ” гээд дээшээ өндийхөд нь би гар луу нь өшиглөөд гэрээсээ гүйж гараад эгч гэр лүү орсон юм тэгээд эгчдээ орж хэлээд гараад ирэхэд өнөөх залуу явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Нэр нь мэдэхгүй манай хойд хашааны залуу байсан, садан төрлийн холбоо байхгүй...”
“...Миний хувьд худал мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Тухайн үед болсон асуудлын талаар л мэдүүлж байна. Дээрх асуудлын талаар тухайн үед хүргэн ах, эгч хоёрт хэлсэн бөгөөд тухайн хүмүүс нь намайг гэрчилж өгнө. ******* нь намайг гэрээс гараад явсны дараа гэр лүүгээ явсан гэдгийг нь мэдсэн шалтгаан нь манайх элсэрхэг газар байдаг, тухайн хүн нь манайхаас гэр рүүгээ явсан гутлын мөрөөр нь мэдсэн...Сэтгэл санааны хохирлоо тухайн хүнээс нэхэмжлэхгүй...Тухайн үед ******* нь намайг түлхэж газар шалан дээр унагааж байгаад миний дээр гараад хөхнөөс 2 удаа базсан бөгөөд би тэр үед хүчтэй эсэргүүцэж өөрийгөө хамгаалж тухайн хүнийг 2 удаа өшиглөсөн үйлдэл гаргасан. Тэр үед хүүхэд уйлж ******* нь “юу нь хүүхэд уйлаад байгаа юм бэ гээд” бага зэргийн дээш өндийхөөр нь тухайн хүнийг түлхэж зугтаж явсан. Тухайн үед хүүхэд уйлаагүй байсан бол хүчиндэх байсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 15-16-р хуудас),
- Гэрч өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 50 минутад нь 86874288 гэх дугаараас миний 80192543 дугаар луу залгаад “манай гэрийн хаалгыг согтуу хүн цохиод байна та хаана байгаа юм” гэж асуухаар нь “ах нь айлд байна одоо очлоо” гээд утсаа тасласан. Тэгээд ирэхэд хаалга үүд нь эвдэрсэн үс гэзэг нь сэгсийсэн уйлсан байдалтай байсан. Тэгээд ямар хүн байсан талаар асуухад “би сайн мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд гэрийн гадуур арзгар ултай ботинкний мөр байхаар нь дагаад явтал хойд талын хашаа руу өнөөх гутлын мөр нь орсон байсан тэгээд Ганцоож гэх ахын гэр лүү ортол ******* нь гэртэй унтаж байхаар нь сэрээгээд *******оос “энэ залуу мөн үү” гэж асуухад “мөн байна” гэж хэлсэн... Ганцоож гэх ахын дунд хүү Агваансамдан гэх залуу байсан. Гэр нь манай хойд талын хашаанд байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас),
- Гэрч өгсөн “...Би Уулбаян сумын 2 дугаар баг жишиг хороолол 6-617 тоотод айл саахалт юм. 2024 оны 10 дугаар сарын 20-ний 05 цагийн үед намайг унтаж байхад манай дүү болох нь манай гэр лүү уйлж орж ирээд манай гэрт согтуу хүн орж ирээд намайг оролдоод байна гэхээр нь би хаана ямар хүн байна гээд гүйж гараад хартал өнөөх хүн нь явсан байсан. Яг гэрт нь юу болсон талаар бол би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь гэрт нь ороход гэрийнх нь хаалга эвдэрсэн байхаар нь юу болсон талаар дүүгээсээ асуухад хаалганы түгжээ эвдэлж орж ирээд намайг түлхэж ойчуулаад дээрээс дараад хөхнөөс нь базсан гэсэн тэгээд манай дүү үсдээд өшиглөж байгаад арай чимээ гүйж гараад танай руу орсон гэж хэлсэн...Танина манай хойд талын хашааны Ганцоож гэх ахын хүү байсан нэр бол мэдэхгүй байна зүс танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24-р хуудас),
- 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6-р хуудас),
- Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59-60-р хуудас)
- Шүүгдэгч *******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64-68-р хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
Прокуророос шүүгдэгч *******г 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хорооллын 6-617 тоотод ******* гэртээ унтаж амарч байхад нь биеэрээ дээрээс нь дарж хэвтэн хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******ийн өгсөн “...Би Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэртэй унтаж байхад 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд “ус уучхаад гаръя” гэж хэлэхээр нь “чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна” гэсэн чинь тэр залуу намайг “уучлаарай” гээд усаар амаа зайлчхаад гарч явсан. Тэгээд... байж байтал 05 цаг 49 минутын үед ахин хаалга цохиж “хаалгаа тайлаач” гэхээр нь би “хэн юм бэ яваач” гэж хэлээд би Дүгэржав гэх хүргэн ахынхаа 80192543 тоот утас руу нь залгаад “согтуу хүн хаалга нүдээд байна” гэж хэлэхэд хүргэн ах “за одоо очлоо” гэж хэлээд утсаа таслаад хаалганы дотор талын бариулаас чангаахад гаднаас хүчтэй татаж гэрийн түгжээг эвдэж орж ирсэн. Тэгээд миний гарт байсан утсыг авч шидээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээрээс дарж унасан, тэгээд миний майкнаас зулгаан хөх базаж шоорт тайлах гэж оролдож байх үед манай хүү сэрээд уйлахад “юун хүүхэд вэ” гээд дээшээ өндийхөд нь би гар луу нь өшиглөөд гэрээсээ гүйж гараад эгч гэр лүү орсон юм тэгээд эгчдээ орж хэлээд гараад ирэхэд өнөөх залуу явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Тэр үед хүүхэд уйлж ******* нь “юу нь хүүхэд уйлаад байгаа юм бэ гээд” бага зэргийн дээш өндийхөөр нь тухайн хүнийг түлхэж зугтаж явсан. Тухайн үед хүүхэд уйлаагүй байсан бол хүчиндэх байсан байх гэж бодож байгаа...” гэх,
Гэрч өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 50 минутад нь 86874288 гэх дугаараас миний 80192543 дугаар луу залгаад “манай гэрийн хаалгыг согтуу хүн цохиод байна та хаана байгаа юм” гэж асуухаар нь “ах нь айлд байна одоо очлоо” гээд утсаа тасласан. Тэгээд ирэхэд хаалга үүд нь эвдэрсэн үс гэзэг нь сэгсийсэн уйлсан байдалтай байсан. Тэгээд ямар хүн байсан талаар асуухад “би сайн мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд гэрийн гадуур арзгар ултай ботинкний мөр байхаар нь дагаад явтал хойд талын хашаа руу өнөөх гутлын мөр нь орсон байсан тэгээд Ганцоож гэх ахын гэр лүү ортол ******* нь гэртэй унтаж байхаар нь сэрээгээд *******оос “энэ залуу мөн үү” гэж асуухад “мөн байна” гэж хэлсэн... Ганцоож гэх ахын дунд хүү Агваансамдан гэх залуу байсан. Гэр нь манай хойд талын хашаанд байдаг юм...” гэх,
Гэрч өгсөн “...Би Уулбаян сумын 2 дугаар баг жишиг хороолол 6-617 тоотод айл саахалт юм. 2024 оны 10 дугаар сарын 20-ний 05 цагийн үед намайг унтаж байхад манай дүү болох нь манай гэр лүү уйлж орж ирээд манай гэрт согтуу хүн орж ирээд намайг оролдоод байна гэхээр нь би хаана ямар хүн байна гээд гүйж гараад хартал өнөөх хүн нь явсан байсан. Яг гэрт нь юу болсон талаар бол би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь гэрт нь ороход гэрийнх нь хаалга эвдэрсэн байхаар нь юу болсон талаар дүүгээсээ асуухад хаалганы түгжээ эвдэлж орж ирээд намайг түлхэж ойчуулаад дээрээс дараад хөхнөөс нь базсан гэсэн тэгээд манай дүү үсдээд өшиглөж байгаад арай чимээ гүйж гараад танай руу орсон гэж хэлсэн...Танина манай хойд талын хашааны Ганцоож гэх ахын хүү байсан нэр бол мэдэхгүй байна зүс танина...” зэрэг болно.
Талуудын гаргасан санал, дүгнэлт:
1.2 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Хохирогч босож гэрийнхээ хаалгыг түгжихэд ******* нь хэсэг хугацааны дараа буцаж ирэн хаалгаа тайлахыг шаардаж, “онгойлгохгүй цаашаа яв гэж” хохирогчийг эсэргүүцэхэд түүний гэрийн хаалганы цоожийг хүчээр эвдэн гэрт нь нэвтрэн орж улмаар ******* түлхэж унаган биеэрээ дээрээс нь дарж хэвтэн хүч хэрэглэн хөхийг нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохоор шууд чиглэсэн үйлдлийг хийсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодын хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар, нөгөөтэйгөөр тодорхой шалтгааны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан бусдын хүсэл зоригийг үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгодог болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл бий болсон байх, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шалгуур шинжүүд хангагдсан бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж ойлгоно. Иймд *******гийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж мөн хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” Гэх санал дүгнэлтийг,
1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч:“Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд гэм буруугийн саналаа тавьж байна. Миний хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. 12.1.1 буюу бусдыг хүчиндэх гэмт хэргийн завдалтыг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа учраас энэ зүйл анги дээр ямар нэгэн маргаангүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэж бодож байна. Яагаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? гэхээр энэ бол хууль бусаар бусдын орон байранд нэвтрэх гэсэн зүйл анги байдаг. *******гийн хувьд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найзынхаа хурим найранд орж өглөөний 05 цагийн үед анх хохирогч Үүрийнцолмонгийн гэрт ус ууя гэдэг зорилгоор орсон байдаг. Энэ үед Үүрийнцолмонгийн гэрийн хаалга онгорхой байсан. Ороод ус уучхаад уучлаарай айл андуурсан байна гээд хэлээд энэ айлаас гарсан байдаг. 28 минутын дараа дахиж тухайн айл руу орж тухайн хохирогчийн биед халдаж тухайн хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагддаг. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн хамар хашаа гэж ярьдаг өөдөөс харсан хаалга, хохирогчийн хажуу айлын Шинэбаяр гэдэг айл бол хохирогчийн аав ээж, шүүгдэгчийн аав ээжүүд шүүгдэгч нар олон жил саахалт айл байсан бие биеэ таньдаг ийм улсууд байдаг. Хохирогчийн хувьд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын бага эмчээр сувилагчаар ирж удаагүй байгаа учраас шүүгдэгчийн хувьд хохирогчийг зүс таньдаг болсон. Ийм нөхцөл байдлууд хэргийн материалаас харагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүчиндэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж ийм тодотгол байдаг. Миний хувьд үйлчлүүлэгчийг хүчиндэх санаа зорилготой тухайн айл руу орсон ийм хүч хэрэглэсэн үйлдэл нь тухайн энэ айлыг хаалганы цоож цүүцийг татаж онгойлгож хүч хэрэглэсэн энэ нөхцөл байгаа учраас энэ бол нэг гэмт хэрэг юмаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Энэ бол 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж бусдыг хүчиндэхийг завдсан ийм нөхцөл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учир давхар 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зүйлчлэхгүйгээр шийдвэрлэж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай болон ерөнхий ангид шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа учраас энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөөч гэж хүсэж байна. *******гийн хувьд 20 настай цэргийн алба хаасан айлын бага хүүхэд урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ийм залуу хүүхэд саяхан насанд хүрсэн залуу учраас энэ залууд боломж олгооч эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж хүсэж байгаа. Үүрийнцолмонгийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны гэм хорын хохирол *******гаас нэхэмжлээгүй, ямар нэгэн байдлаар саахалт айл учраас хоорондоо холбогдоод дахиж ийм үйлдэл давтагдахгүй уучлаарай гэдэг байдлаар аав ээж өөртэй нь холбогдож ямар нэгэн гомдол тэмцэлгүй болсон гэдэг байдлаар мэдүүлгээ өгсөн. *******гийн хувьд 2024 оны 10 дугаар сарын 20-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээд тасраад гэж сая хэлж байна. Яг болсон зүйлийг сайн санахгүй байгаа зарим үйлдлийг санадаг зарим үйлдлээ санадаггүй болсон үйлдлийг хүлээн зөвшөөрдөг энийг харж үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* миний буруу, тэр айл руу ус уух гэж орсон, хүчиндэх санаа зорилго байгаагүй гэж мэдүүлсэн.
2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.
Тухайн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхэд хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******гийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг “******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилсан бөгөөд өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл бий болсон байх, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шалгуур шинжүүд хангагдсан бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж ойлгоно.
Дээрх үйл баримтын хувьд ******* нь хохирогчийг хүчиндэхээр шууд чиглэсэн буюу гэрт нь орж ус уучихаад, дахин эргэж очиж биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох оролдсон зэрэг үйлдлээр хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хор уршиг учрах бодит аюул үүссэн байх бөгөөд хохирогч уг үйлдлийг эсэргүүцэж хашхирах мөчид бага насны хүүхэд уйлснаар ******* нь үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болж гэмт үйлдэл туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэргийн баримтаар, шүүгдэгч *******г хохирогч ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч *******г 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь: ******* 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад хаалга нь түгжээгүй айл руу орж, ус уучихаад гарсан болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...Би Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэртэй унтаж байхад 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд “ус уучхаад гаръя” гэж хэлэхээр нь “чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна” гэсэн чинь тэр залуу намайг “уучлаарай” гээд усаар амаа зайлчхаад гарч явсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг бусад нотлох баримтаар бүрэн дүүрэн хангалттай тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт зорилгыг зөв тодорхойлж улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
Иймд *******г бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар *******д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 хэсэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд гаргасан дүгнэлтдээ:
3.1.2 Улсын яллагч: “Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсгийг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хохирол учирсан мөн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсаныг хэрэгт хавсаргаж хадгалах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг,
3.1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Прокурорын ялын саналыг сонслоо. Миний хувьд Прокурорын зүгээс хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх прокурорын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3.2. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсгийг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал гаргасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирол, хор уршгийн талаар
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршигтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.
Хохирогч *******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
5.1 Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт Г*******г “хохирогчийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
8. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ