| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/01057/И |
| Дугаар | 101/ШШ2022/02021 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/02021
2022 04 29 101/ШШ2022/02021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Г-т холбогдох,
14,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Хариуцагч О.Г,
Гэрч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2021 оны 3 сард О.Г-той хүнээр дамжуулж танилцсан юм. Ингээд 2021.03.20-ны өдөр 2 давхар дүнзэн зуслангийн байшингийн дээвэр, дундын шал, дотор гадна талын өнгөлгөө, гадна будаг, дотор лак, 00-ын өрөөнд плита шахах, дээврийн хүрээг 14 хоногийн хугацаанд багтаан янзлуулахаар түүнтэй тохирсон. Ингэхдээ ажлын хөлс 5,000,000 төгрөг гэж тохирсон.
Ингээд түүнд 2021.03.22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.03.23-ны 2,000,000 төгрөг, 2021.03.26-ны өдөр цонхны 2,500,000 төгрөг, 2021.03.30-ны өдөр плинтүзны 300,000 төгрөг, 2021.03.31-ний өдөр паркетны 2,300,000 төгрөг, 2021.04.05-ны өдөр 240,000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн бэлнээр 1,050,000 төгрөг, нийт 14,390,000 төгрөг өгсөн.
Хариуцагчийн дансанд 13,340,000 төгрөг орсон гэж байна. Би ажилчдынх хоолны мөнгө гээд 1,000,000 төгрөгийг хариуцагчийн ажилтан руу шилжүүлсэн.
Мөн хурдхан шиг ажлаа хийгээд дуусгаад өгчихөөрэй гээд компрессор авч өгсөн боловч үүнтэй холбоотой баримт байхгүй.
Бидний тохиролцсон ажил 2020 оны 4 сард дуусах ёстой байсан боловч О.Г нь байшингийн дээвэр болон давхар дундын шал хийсэн, үлдсэн ажлыг хийгээгүй орхисон.
Одоогийн байдлаар паркет гарниц, вакум цонх огт хийгдээгүй, дотор гадна өнгөлгөө, будаг, дотор гадна шат, террас зэрэг ажлын гүйцэтгэл дутуу байна. Өнгөрсөн хугацаанд иргэн О.Г нь уулзахгүй зугтах, утас нь холбогдохгүй эсвэл утсаа авахгүй байх, холбогдсон тохиолдолд өнөөдөр, маргааш ажилдаа орно гэж худал ярьсаар өнөөг хүргэсэн.
Иймд О.Г-той байгуулсан гэрээг цуцалж, түүнээс 14,390,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч түүний хийсэн ажлыг нь 2,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээс хасч байх тул үлдэх 12,390,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б-тэй ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохирсон. Дансны хуулгаар 2021.03.22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.06.23-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн нь ажлын хөлс юм. Түүнтэй ажлын хөлсийг ингэж тохирсон учраас би өөрийн ажил хийх хүмүүстэй 7,500,000 төгрөгөөр ажлын хөлсийг цааш нь тохирсон байсан.
Ингээд материалын үнэнд 2021.03.26-ны өдөр цонхны 2,500,000 төгрөг, 2021.03.30-ны өдөр плинтүзны 300,000 төгрөг, 2021.03.31-ний өдөр паркетны 2,300,000 төгрөг, 2021.04.05-ны өдөр 240,000 төгрөг дансаар хүлээн авсан.
Б.Б-ий нэхэмжлэлийн шаардлагаас цонхны мөнгө 2,500,000 төгрөг, паркет 2,300,000 төгрөг, плинтүзны 300,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.
Учир нь Б.Б-ий байшинд хийх ажлыг хийлгэхээр би бусадтай ажлын хөлсийг 7,500,000 төгрөгөөр тохирсон учраас мөнгийг тэдгээр хүмүүст өгчихсөн.
Түүнээс гадна биднийг ажил хийхээр тохирсон хугацаанд 2021.04.09-ний өдрөөс 2021.05.06-ны өдрийн хооронд хатуу хөл хорио тогтоосон учраас бүх үйл ажиллагаа зогссон үе таарснаас ажлаа бүрэн дуусгаж чадаагүй.
Манайх нэхэмжлэгчийн байшингийн дээврийг хийсэн, байшингийн муруйг тэгшилсэн, шалны цутгалт, шалны хүрээ хийж, дотор талд рек хийж, цахилгааны ажлыг хийсэн, гэвч эдгээр ажил тус, тусдаа үнэлгээтэй.
Тохиролцсон ажлаас дутуу хийгдсэн ажил нь гэвэл паркет шахах, цонх суулгах, гадна талын өнгөлгөө, плита суулгах ажил дуусаагүй гэж үзэж байна. Үүнээс гадна нэмэлтээр маш олон жил хийсэн боловч ажил хийсэн хүмүүстэйгээ маргаантай байгаа учраас үүнийг нотолсон баримт байхгүй.
1,000,000 төгрөгийн тухайд гэвэл байшин дээр ажил хийж байсан хүмүүстэй нэхэмжлэгч нь нийлж архи ууснаас нэг ажилтан машинаа журамлуулсны торгуульд 500,000 төгрөгийг түүнээс авсан гэж сонссон, энэ нь надтай хамааралгүй бөгөөд харин би ажилчдын хоолны мөнгө гэж 500,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн.
Бидний хооронд байшин хүлээлцсэн, мөн ямар ажил хийсэн болон ажлын хэдэн хувь нь хийгдсэн болох, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх тооцоо хийсэн зүйл байхгүй.
Иймд Б.Б-ий нэхэмжлэлийн шаардлагаас 5,100,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022.02.07-ны өдрийн албан бичиг, Б.Б-ий иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “ХААН банк” ХХК-ийн 0 тоот дансны хуулга, фото зураг /хх-ийн 2-13/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч М.И-н шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч оролцуулах хүсэлт /хх-ийн 69-71, 75/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.Б-оос мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдааны явцад шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Г-т холбогдуулан 14,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 12,390,000 төгрөгийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нь уг шаардлагаас 5,100,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2021 оны 03 дугаар сард зуслангийн байшингийн дээвэр, дундын шал, дотор гадна талын өнгөлгөө, гадна будаг, дотор лак, 00-ын өрөөнд плита шахах, дээврийн хүрээ хийх зэрэг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон, үүнээс ажлын хөлс 5,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч ажлыг дуусгаагүй тул гэрээг цуцалж, байшингийн дээвэр, давхар дундын шал хийсэн ажлын хөлсөнд тооцож 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12,390,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч нь хөл хорио тогтоосны улмаас ажлыг дуусгах боломжгүй болсон, ажлын хөлс, материалын зардалд 13,340,000 төгрөг дансаар, 500,000 төгрөг бэлнээр, нийт 13,840,000 төгрөг хүлээн авсан, ажлын хөлс 8,000,000 төгрөг байхаар тохирсон, хийж гүйцэтгэхээр тохирсон ажлаас байшингийн дээвэр, дотор талын рек, шалны цутгалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас цонхны 2,500,000 төгрөг, паркет 2,300,000 төгрөг, плинтүзний 300,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд байшингийн дээвэр, дундын шал, дотор гадна талын өнгөлгөө, гадна будаг, дотор талыг будаж, лакдах, гадна, дотор талын шат янзлах, 00-ын өрөөнд плита шахах, дээврийн хүрээ хийлгэхээр тохиролцож, нэхэмжлэгч Б.Б нь ХААН банк ХХК дах 0 тоот данснаас 2021.03.22-ны өдрөөс 2021.04.05-ны өдрийн хооронд 13,340,000 төгрөгийг “зүүн салаа”, “цонх”, “Б”, “паркет” гэсэн утгаар хариуцагч О.Г-т шилжүүлсэн, мөн бэлнээр 500,000 төгрөг хүлээлгэн өгсөн, О.Г нь 13,340,000 төгрөгийг дансаар, бэлнээр 500,000 төгрөг, нийт 13,840,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 6-10/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
343.2-т: “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд хариуцагч О.Г нь нэхэмжлэгчийн байшингийн дээвэр, дундын шал, дотор гадна талын өнгөлгөө, гадна будаг, дотор талыг будаж, лакдах, гадна, дотор талын шат янзлах, 00-ын өрөөнд плита шахах, дээврийн хүрээ хийх, нэхэмжлэгч Б.Б нь хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байх ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээг бичгээр хийх хэлбэрийг шаардахгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлаас байшингийн дээвэр, давхар дундын шалыг хийж гүйцэтгэсэн, дотор гадна талын өнгөлгөө, гадна будаг, дотор лак, 00-ын өрөөнд плита шахах, дээврийн хүрээ хийх ажлыг хийж гүйцэтгээгүй гэж,
Хариуцагч нь байшингийн дээвэр, шалны цутгалт хийсэн, байшингийн муруйг тэгшилсэн, шалны хүрээ, дотор рек, цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн, паркет шахах, цонх суулгах, гадна талын өнгөлгөө, плита суулгах ажлыг хийж гүйцэтгээгүй гэж тус тус тайлбарласан,
хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Б нь талуудын хийхээр тохиролцсон ажлын гүйцэтгэл 90-92 хувь байсан гэж мэдүүлсэн болно.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба хугацаа нь тухайн гэрээний хувьд талуудын зайлшгүй тохиролцох гол нөхцлийн нэг болох ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлдэг онцлогтой.
Зохигч талууд хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх ажлын үр дүнг хүлээлцээгүй, ийнхүү ажил хүлээлцээгүй талаар маргахгүй байх бөгөөд тэд ажлын үр дүнгийн талаарх баримтыг ирүүлээгүй нь талуудын хийж гүйцэтгэхээр тохирсон ажлыг тогтсон хугацаанд нь ямар ажлыг хийж гүйцэтгэсэн болох, ямар ажлыг хийж гүйцэтгээгүй болох, хийж гүйцэтгэсэн гэх ажил нь гүйцэд, эсхүл дутуу, өөрөөр хэлбэл хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т: “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021.04.10-ны өдрийн 06:00 цагаас 2021.05.08-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.Г нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх хугацааг дуусгавар болсноос өнөөг хүртэлх хугацаанд гэрээгээр тогтсон хугацаанд, гэрээгээр тохиролцсон ажлыг нэхэмжлэгч Б.Б-нд хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээгээр тогтоосон үүргийг, хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэж гэрээгээ цуцлах шаардлага гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.
Гэрээний талууд байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүх шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,390,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх байдлаа, хариуцагч нь гэрээгээр тогтсон хугацаанд, тохиролцсон ажлыг бүрэн гүйцэд хийж хүлээлгэж өгсөн гэх байдлаа тус тус баримтаар нотлоогүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ХААН банк ХХК дах Б.Б-ий 0 тоот дансны депозит дансны хуулгаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,340,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 13,840,000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсантай талууд маргахгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг хасч тооцож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, цуцлах хүртэлх хугацааны үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Г-оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч О.Гоос 11,840,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тхай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч О.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 204,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/07184 дугаар захирамжийн 2 дах заалтад дурдсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ