Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Д.********* түүний өмгөөлөгч Д.Энхбаяр,

шүүгдэгч Б.********* түүний өмгөөлөгч Н.Мөнх********* нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.*********од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.*********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2425000000655 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

 

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэг, мөн дүрмийн 11.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт "*********" нэртэй газарт авто зам дээр Д.*********ы жолоодож явсан ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Р.*********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 

шүүгдэгч Д.********* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэр “*********" нэртэй газарт ********* улсын дугаа ртай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*********, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Д.********* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000655 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7-ийн “а”-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглох заалтыг тус тус зөрчиж,

Орхон аймгийн Баян-Өндөр сумыг ********* багийн нутаг дэвсгэрт "*********" нэртэй газарт авто зам дээр Д.*********ы жолоодож явсан ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас Д.*********ы тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Р.*********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.********* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэр “*********" нэртэй газарт ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Д.*********ы мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Б.*********оос шинжээчийн дүгнэлтээр гарсан тээврийн хэрэгслийн хохирлоо гаргуулж авна гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*********ын мэдүүлсэн: Өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч Г.*********гийн эмчилгээний бүх зардлыг одоо хүртэл хангаж байгаа. Шүүх хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү гэж хэлмээр байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, Alcotest 7510 загварын драгер багажаар согтолтын зэрэг хэмжсэн хэвлэмэл хуудас /хавтаст хэргийн 11-16, 19-26 дахь тал/,

2. Хохирогч Р.*********гийн өгсөн: "...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны орой Дэнж багт байдаг хуурай ах Энхбаатар, эгч Тулга нарын хамт 1 шил архийг хувааж уусан юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Д.********* маань машинтайгаа намайг авах гэж ирсэн. Ингээд би түүний хажууд сууж явсан бөгөөд хорооллын эцэс рүү өгсөж явтал өөдөөс нэг машин ирээд миний сууж явсан талаар мөргөчихсөн юм. Тэр машины жолооч залуу ганцаараа явсан бөгөөд тэр залуу болон Д.*********ыг цагдаа нар үлээлгэхэд тэр залуу согтуу байсан. Би Д.*********ыг эрүүл байна гэж л ойлгосон. Тэгтэл маргааш нь Д.********* тараг уусан гээд байсан. Тухайн осол болох үед миний хүзүү өвдөөд байсан бөгөөд маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлэхэд хүзүү хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед би хамгаалах бүс зүүсэн эсэхээ мэдэхгүй байна, халамцуу явсан юм... Надад одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.********* нь осол болсноос хойш гарсан эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулж байгаа. Сэтгэцэд хор уршиг учраагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 50 дахь тал/

3. Гэрч Б.*********ы өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагаас 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг хүртэл Орхон аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнт эргүүлээр олон нийтийн цагдаа Билгүүний хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгтэл 2024 оны 10 дугаар 07-ны өдрөөс 10 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед жижүүрээс хорооллын эцэс дээр 2 машин мөргөлдчихсөн байна гэдэг дуудлагыг дамжуулсан. Дуудлагын дагуу ********* багийн нутаг, хорооллын эцэс дээр очиход Тоёота Приус-20 загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Приус-20 загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь хоорондоо мөргөлдчихсөн зогсож байсан. Намайг очиход ослын газраас хөдлөөгүй байсан юм. Тоёота Приус-20 загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.********* нь эхнэртэйгээ хамт 2-уулаа явсан бөгөөд Д.*********ы согтолтыг шалгахад 0,82 хувь гарсан, эхнэр нь бас согтуу байсан юм. Мөн Тоёота Приус-20 загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*********ын согтолтыг шалгахад 1,29 хувийн согтолттой гарсан бөгөөд тэрээр ганцаараа явж байсан. Тухайн үед 2 жолооч болон тэр эгч нар бие хаа өвдлөө, бэртэж гэмтлээ гэж яриагүй. Согтуурал шалгасан байдлаа би энгэрийн камертаа бичсэн байгаа. Ийм л үйл явдал болсон..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, 

4. Гэрч Л.*********гийн өгсөн: “...********* улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг би 2024 оны 07 дугаар сард үеэл эгчийн нөхөр болох Б.********* ахад зарчихсан бөгөөд одоо түүний өмч юм. Бид 2 холын хамаатнууд учраас бичиг баримтаа шилжүүлэх гэж яараагүй өдийг хүргэсэн юм. Б.********* ах бид хоёрын дунд наймаа хийгдэж дууссан бөгөөд надад одоо түүнээс авах авлага байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, 

5. Яллагдагч Б.*********ын өгсөн: "...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Согоот багийн нутаг 6-10 дугаар байрны орчимд өөрийн ********* улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл дотроо найз Мягмардоржийн хамт 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Архи дууссаны дараа найз маань машинаас буугаад харих гээд явсан. Тэгээд би уг нь UB cab дуудсан бөгөөд тэгтэл найз Жамъян над дээр ирье гэхээр нь би дуудлагын жолоочоо болиулсан юм. Ингээд хэсэг хугацаанд хүлээсэн бөгөөд Жамъян ирээгүй юм. Би тухайн үед согтуу байсан учир зарим үйл явдал орж гараад байгаа бөгөөд яг бүгдийг нь санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь би машинаа барьчихсан, ганцаараа хорооллын эцэст явж байгаад нэг машинтай мөргөлдчихсөн байсан юм. Тэгээд байж байтал цагдаа удалгүй ирсэн юм. Осол болсон газар нь хорооллын эцэс бөгөөд урдаас хойшоо явах чиглэлийн эгнээнд болсон байсан. Би тухайн үед хорооллын эцсээс доошоо уруудаж яваад өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн эгнээнд орж урсгал сөрөөд тус машинтай мөргөлдсөн байсан. Тухайн осол болох үед нөгөө машинд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд жолоог эрэгтэй нь барьж явсан, эмэгтэйг нь хаана сууж явсныг мэдээгүй юм. Тухайн үед нөгөө талын 2 хүн 2-уулаа бас согтуу байх шиг байсан бөгөөд маргааш нь би замын байцаагчтай уулзахад тэр эмэгтэйн хүзүүг нь хугарчихсан байна гэж хэлсэн юм. Үүнээс хойш би Р.*********г хот руу дагуулж биеийг нь үзүүлсэн, мөн шаардлагатай эм тариаг нь авч өгч байна. Одоогоор би түүний эмчилгээний зардалд 3 орчим сая төгрөгийг зарцуулсан бөгөөд бүхий л шаардлагатай эм тариаг нь авч өгсөн юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөн, нөгөө талын жолооч ахын машинд учирсан хохирлыг барагдуулна, миний машин маань эхнэрийн маань холын хамаатан *********гийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд би нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, 

6. Яллагдагч Д.*********ы өгсөн: “...Миний өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед гэртээ ганцаараа 100 граммын архинаас 1 шилийг уусан юм. Тэгтэл намайг хамтран амьдрагч Р.********* маань ирээд авчих гэхээр нь би өөрийн ********* улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус-20 машинтайгаа Дэнж баг руу явж Р.*********г авсан. Ингээд бид 2 буцаад гэр лүүгээ явсан бөгөөд ********* орчимд явж байтал миний зүүн урд, хажуу талаас 1 машин ирээд мөргөчихсөн юм. Тэгээд буутал саарал приус-20 загварын машинтай нэг согтуу залуу байсан. Тухайн үед ********* нь миний хажууд жолоочийн хажуу талын урд суудал дээр хамгаалах бүс зүүгээгүй согтуу явсан. Тэгээд байж байтал цагдаа удалгүй ирсэн юм. Тухайн үед ********* хүзүү өвдөөд байна гэж байсан. Ослоос шалтгаалан надад ямар нэг гэмтэл шарх учраагүй бөгөөд ер нь осол гарсан шалтгаан гэвэл тэр машин урсгал сөрж миний явж байсан эгнээнд орж ирээд мөргөчихсөн юм. Би 2023 оны 11 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулчихсан. Ийм л үйл явдал болсон бөгөөд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нөгөө талын жолоочоор машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, 

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 892 дугаартай "Р.*********гийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна." гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, 

8. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 27-32 дахь тал/, 

9. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад цолтой, эрх зүйч цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, зохицуулагч албан тушаалд 9 жил ажилласан Э.Өлзийсүрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...Уг осол нь магадалгааны 1-д зааснаар ********* овогтой ********* /*********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтуудыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна" гэсэн магадалгаа, /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, 

10. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 42/05-948 дугаартай албан бичиг, 0536302 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, /хэргийн 37-38 дахь тал/, 

11. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хэргийн 41-42 дахь тал/, 

12. *********ын *********, ********* ********* нарын жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хэргийн 110, 121 дэх талууд/, 

13. "Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан" /хавтаст хэргийн 75-81 дэх тал/, 

14. "Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 333 дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан" /хэргийн 85-86 дахь тал/, 

15. Б.*********, Д.********* нараас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, /хавтаст хэргийн 103-106 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Р.*********, гэрч Б.*********, Л.*********, шүүгдэгч Д.*********, Б.********* нарын өгсөн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан", "Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 333 дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан", тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 892 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт "*********" нэртэй газарт авто замд ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, эсрэг урсгалд зорчиж явсан шүүгдэгч Д.*********ы жолоодож явсан ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Р.*********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д.********* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэр “*********" нэртэй газарт ********* улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам тус тус зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх магадалгаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Б.*********ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож эсрэг урсгалыг сөрсөн үйлдэл болон хохирогч Р.*********гийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондох шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.********* нь 0,82% промиль согтолттой байсан нь Alcotest 7510  загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Д.*********ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*********ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж, шүүгдэгч Д.********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.********* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*********ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.*********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.********* нь осол болсноос хойш гарсан эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулж байгаа тул одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд хор уршиг учраагүй гэж хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүхэд “…Осол болсон өдрөөс хойш Б.*********той холбогдон Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж дахин оношлуулж, эмчлүүлж, хяналтад орсон. Хяналтын хугацаанд 45 хоногийн зайтай 2 удаа очсон сүүлийн буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгээр хүзүүний яс бороолсон байсан. Энэ бүх хугацаанд Б.********* нь дагаж явж асарч, мөн эмчилгээ, сувилгаанд зарцуулагдсан 4,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Цаашид гарах осолтой холбоотой зардлыг бүрэн төлөхөөр тохиролцсон тул Б.*********ын надад учруулсан санаандгүй үйлдэлд гомдолгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болохоо уламжилж байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна…” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.*********ыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Р.*********гийн хохирлыг төлсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Р.********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.*********ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас  зам тээврийн осол гарч Д.*********ы тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан байх тул Д.*********ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*********, түүний өмгөөлөгч Н.Мөнх********* нар нь Д.********* нь мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул шүүгдэгч Б.********* нь тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг дангаар хариуцахгүй гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Д.********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн хэдий ч тэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн зорчих урсгалын эгнээндээ явж байсан болох нь зам тээврийн ослын магадалгаа, шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон, осол шүүгдэгч Б.*********ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 1.29% промил согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож, эсрэг урсгал сөрсний улмаас гарсан байх тул шүүгдэгч Б.********* нь иргэний нэхэмжлэгч Д.*********ы тээврийн хэрэгсэлд учирсан 5,445,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*********оос 5,445,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Д.*********д олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан. 

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Р.********* нь дээрх гэмтлийн улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмийн эмчилгээ, Эрдэнэт медикал эмнэлэгт амбулаторийн үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 490,880 төгрөгийг зарцуулсан болох нь Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн  2024.11.19-ний өдрийн 18/63 дугаартай албан бичиг, зардлын жагсаалт /хэргийн 131-132 дахь тал/ зэргээр нотлогдох бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.*********оос гаргуулах нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.********* нь иргэний нэхэмжлэгч Д.*********ы тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 5,445,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 490,880 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч 3,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.*********д, Эрүүл мэндийн даатгалын санд 490,880 төгрөгийг тус тус төлж барагдуулан үлдэх 2,455,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.*********д төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********оос 2,445,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.*********д олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.*********ыг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.*********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Д.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 104, 108-118, 106, 120-126 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн газрын хайлтын лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.********* нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн 25-9 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, 

шүүгдэгч Д.********* нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* баг, 66-2 тоотод амьдардаг, өндөр насны тэтгэвэрт, урьд ял шийтгэлгүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаагаар гадагш зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг,

Шүүгдэгч Д.*********ы өмгөөлөгч Д.Энхбаяраас шүүгдэгчийн өндөр насны тэтгэвэрт байдаг нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, Б.*********ын өмгөөлөгч Н.Мөнх*********гаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг тус тус төлж барагдуулсан, цаашид гарах хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*********, Д.********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахыг 9 /ес/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********д оногдуулсан 2 жил, Б.*********од оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.*********, Б.********* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ********* овогт ********* *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 9 /ес/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Б.*********од хорих ял оногдуулахыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, шүүгдэгч Б.*********од мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг тус тус хүлээлгэж хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********, Б.********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********оос 2,445,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.********* / Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн ********* тоотод оршин суух, /РД:*********/-д олгож, хохирогч Р.********* нь цаашид гарах эмчилгээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.*********, Б.********* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********д оногдуулсан 2 жил, Б.*********од оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Р.********* нь гомдол саналгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНЭРЭЛ