Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/01265

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/01265

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоотод байрлах, М ХХК-ийн /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Б.Аэд /РД: ааааааааа/ холбогдох

М ХХК болон Б.Аийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болох, Б.Аээс Б.Ц нь 23.128.344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул М ХХК-ийн өмчлөлийн хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Аэд даалгах тухай М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанид санхүүжилт хэрэгтэй байсан үед буюу 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Б.Атэй зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, 2.500.000 төгрөгийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохирч зээлсэн. Барьцааны гэрээ байгуулж, миний ээжийн өмчлөлийн ххххххххххххххххх тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

М ХХК-ийн захирал Б.Ц би 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.Атэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн арматурчилсан хөнгөн бетон хавтан БНХАУ-аас оруулж ирж худалдах бизнест Б.А 100.000.000 төгрөг оруулах, хөрөнгө оруулалтын ашгаас 15.000.000 төгрөг сар бүр авахаар тохирч, 50.000.000 төгрөг манай компанийн дансанд шилжүүлсэн.

Өмнө нь миний зээлсэн 50.000.000 төгрөгийн үүрэг дуусгавар болгох гэрээг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулж хөрөнгө оруулалтын 100.000.000 төгрөгтөө оруулан тооцьё гэж тохиролцсон.

Барилгын зах зээл хямарч, зах зээл хүндэрч эхэлсэн тул Б.Ц би Б ХХК-иас авах авлагандаа авсан 2 өрөө 1 ширхэг орон сууцыг 75.795.000 төгрөгөөр тооцон, Б.Аэд өгөхөөр тохирч 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Б.А гэрээ хийж уг орон сууцыг шилжүүлэн авсан. Хөрөнгө оруулалтын 100.000.000 төгрөгөөс үүнийг хасвал үлдэгдэл 24.205.000 төгрөг болсон.

Мөн иргэн Б.Ц нь Б.Атэй харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 5-ны өдөр 30.000.000 төгрөг нэмж зээлсэн ба Б.Аийн тулгалтааруг 50.000.000 төгрөгийг зээлсэн талаархи гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж сарын 10 хувийн хүү төлөхөөр, 16 хоногийн хугацаатай зээлсэн.

Уг зээлийн гэрээ байгуулахад Б.А нь баталгаа болгож барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй мөртлөө М ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг зээл төлөгдтөл өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж дарамталж, шаардсан тул машины өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Гэтэл Б.А нь зээлсэн мөнгө, хүүнд чиний төлсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй байна гэж дарамталж байгаад зээлийн барьцаанд бариулсан миний ээжийн өмчлөлийн, амьдран сууж байгаа орон сууцыг нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж өөртөө шилжүүлэн авсан. Бас манай компанийн өмчлөлийн Хино маркийн крантай автомашиныг өөрийн нэр дээр шаардсаар байгаад шилжүүлэн авсан.

Би Б ХХК-иас авах авлагандаа авсан 2 өрөө, 1 ширхэг орон сууцыг 75.795.000 төгрөгөөр тооцон, Б.Аэд өгөхөөр тохирч, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Б.А гэрээ хийж шилжүүлэн авсан.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ашигласан тул хүү болох /50.000.000*10 хувь=5.000.000/30 хоног, 1 хоногийн хүү 166.666 төгрөг, 166.666*16 хоног=2.666.666 төгрөг/ 2.666.666 төгрөгийн хамт 52.666.666 төгрөг болж байгаа бөгөөд Б.Аэд шилжүүлсэн байрны үнэ 75.795.000 төгрөгөө хасвал миний авлага буюу үлдэгдэл нь 23.128.334 төгрөг болж байна.

М ХХК-ийн захирал Б.Ц би 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Б.Аээс 50.000.000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, 2.500.000 төгрөгийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохирч зээлсэн. Зээлийн барьцааны гэрээ байгуулж миний ээжийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Мөн Б.Аээс 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 30.000.000 төгрөг тус тус нэмж зээлсэн бөгөөд эдгээр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн үүрэгтэй холбоотой асуудлаар Б.Ц миний бие эрх зүйн этгээдийнхээ хувьд өөрийнхөө шаардах эрх, түүнтэй холбоотой нэхэмжлэх эрхийг миний үүсгэн байгуулсан, хувьцааг нь дангаараа эзэмшдэг М ХХК-ийн зүгээс Б.Аэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй хамтатган шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Б.Атэй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж, хоорондын тооцоогоо хийж дуусгах, орон сууц болон автомашинаа буцааж авах талаар ярилцахад татгалзаж, харин ч үүнээс их хэмжээний өр төлбөр буюу 20.000.000 төгрөг нэмж төл гэж шаардсан тул эрх ашгаа шударга шүүхээр хамгаалуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд М ХХК болон Б.Аийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болох, Б.Аээс Б.Ц нь 23.128.344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул М ХХК-ийн өмчлөлийн хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Аэд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлдүүлэгч иргэн Б.А, зээлдэгч М ХХК-ийн захирал Б.Цтай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг М ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад М ХХК-ийн захирал Б.Ц нь гэрээнд заасан хүү болох 2.500.000 төгрөгийг Б.Аэд өгч энэ зээлийн гэрээг дуусгавар болгоё гэсэн. Цаашид хамтарч ажиллая, чи үндсэн зээл 50.000.000 төгрөг дээр нэмж 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих гэсэн. Өөрийн компанийг 100.000.000 төгрөгөөс 30.000.000 орчим сая төгрөгийн ашигтай ажилладаг, чамд ашгийн 50 хувь 15.000.000 төгрөгийг сар тутам өгөх боломжтой, манай компани Хятадын хавтангийн үйлдвэрийн дистрибьютер болохоор материал хямд авдаг, сарын орлого багадаа 100.000.000 төгрөг байдаг гэсэн.

Б.Цын энэ саналыг Б.А хүлээн авч М ХХК болон иргэн Б.А нар хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирч 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.А болон М ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.А нь М ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлсэн 50.000.000 төгрөг дээр нэмж 50.000.000 төгрөгийг М ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн.

М ХХК-д иргэн Б.А нийт 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хамтран ажиллахаар, тус компани нь хөрөнгө оруулагч Б.Аэд сарын 15.000.000 төгрөгийн ашгийг сар бүрийн 30-ны өдөр өгч байхаар тохиролцож гэрээг нотариатаар баталгаажуулсан. М ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны ашиг 15.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 12.500.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөгийг тус тус Б.Аийн дансанд шилжүүлсэн.

Үүнээс хойш тус компани нь хүйтрээд ашиг багасаж байна гэсээр ямар ч мөнгө өгөхгүй байсаар 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээний үр ашгийн мөнгө болон үлдэгдэл мөнгийг 2 тал хамтран тооцсон. Үүнд:

А. Хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр М ХХК-д хөрөнгө оруулалтаар шилжүүлэн өгсөн 100.000.000 төгрөг,

Б. Хамтран ажиллах гэрээнд тохиролцсоноор 1 сарын ашиг 15.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон 8 сар, нийт 120.000.000 төгрөг бол хөрөнгө оруулагч Б.Аийн авах нийт ашиг,

В. 120.000.000 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны ашиг 15.000.000 төгрөгийг хасахад 105.000.000 төгрөг болж байгаа ба энэ нь 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны ашиг,

Г. 105.000.000 төгрөгөөс 75.795.000 төгрөгийг /энэ нь Б ХХК-иас нэхэмжлэгч компанийн бартераар тооцож авсан 2 өрөө орон сууцыг хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үр ашгийн зарим мөнгөнд тооцон Б.Аэд шилжүүлсэн/ хасахад 29.205.000 төгрөг гарч байх ба энэ нь хөрөнгө оруулагч Б.Аийн авах үр ашгийн үлдэгдэл мөнгө.

Д. 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд оруулсан 100.000.000 төгрөг дээр 29.205.000 төгрөгийг нэмэхэд нийт 129.205.000 төгрөг болох бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч Б.Аэд нэхэмжлэгч компанийн хамтран ажиллах гэрээний дагуу төлөх нийт үлдэгдэл болно.

2015 оны 8 дугаар сарын эхээр Б.Ц нь Хятадаас манай компани хавтан захиалах шаардлагатай байна, ахиухан мөнгө олж өгөөч гэж ярихад нь Б.А өөрт байсан 100.000.000 төгрөгөө чамд өгсөн, одоо мөнгөгүй гэхэд хүнээс олоод өг, барьцаанд нь автокран, крантай машин тавья гээд утасдаад байсан.

Ингээд 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Б.А нь танилаасаа 20.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэн Б.Цт өгч, хино маркийн автомашиныг зээлсэн мөнгөө баталгаажуулж, гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан, тухайн үед Б.Ц нь манайх ажил ихтэй байгаа тул машиныг хэрэглэж байя гэж гуйсны дагуу зөвшөөрч машиныг нь өгсөн.

Сарын дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.Ц нь дахин залгаад дахиад яаралтай 30.000.000 төгрөг олж өгч туслаач, А компаниас бартераар авсан байраа нэр дээр чинь шилжүүлж өгье, өмнөх зээлсэн 20.000.000 төгрөг дээрээ нэмж 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гээд дахин дахин утасдаад байсан. Б.А нь дахин танилаасаа 30.000.000 төгрөг зээлэхээр тохироод Б.Ц руу залгахад би ажилтай болчихлоо, нягтлангаараа байрны гэрээгээ явуулчихья, гарын үсгээ зураад мөнгөө шилжүүлчихээрэй гэсэн.

2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тус компанийн нягтлан гэх хүн А ХХК-ийн тамгатай, захирал Б.хххххххххххх гэх гэрээг авч ирэхэд нь Б.А нь гэрээнд гарын үсэг зурж 30.000.000 төгрөгийг Б.Цын хххххххххххххх тоот Хаан банкин дахь дансанд нь шилжүүлсэн.

Б.А нь хэд хоногийн дараа байраа үзэх гээд А ХХК дээр очин гэрээгээ үзүүлэхэд манайх М ХХК-тай тооцоо дууссан, наад тамга чинь манай тамга биш байна гэсэн. Б.А нь тэр өдрөө Б.Цыг олж уулзаж хуурамч гэрээний талаар хэлэхэд тэрээр яаралтай байгаад онцгүй юм болчихлоо, ёстой уучлаарай гээд байсан. Тэр үедээ Б.А нь Б.Цаас зээлийн хугацаа хэтрээд удчихлаа, мөнгөө авья гэхэд тэрээр Б ХХК-иас бартераар авсан 2 өрөө орон сууц байна, 50.000.000 төгрөгийн зээлээ дуусгая гэсэн.

Ингээд 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн зээлсэн 20.000.000 төгрөг болон 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн зээлсэн 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийн зээлийн хүүг тооцсон. Үүнд:

1. 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 20.000.000 төгрөг, 10 хувь, хүү нь 1 сарын 2.000.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг дээр хүү 2.000.000 төгрөгийг нэмэхэд 22.000.000 төгрөг,

2. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөг дээр 20.000.000 төгрөгийг /2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн зээл/ нэмэхэд нийт 50.000.000 төгрөг,

3. 50.000.000 төгрөгийн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хүүгийн тооцоо, сарын 10 хувь, 1 сарын хүү 5.000.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх, 50.000.000 төгрөгийн хүү 4.333.332 төгрөг, үндсэн зээл 50.000.000 төгрөг дээр хүү 9.333.332 төгрөгийг нэмэхэд төлөх нийт үлдэгдэл 59.333.332 төгрөг болох тооцоо гарсан.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ц нь Б ХХК-ийн апартмент-88 байрны М ХХК-ийн эзэмшилд байсан 48.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг байрны эрх шилжүүлэх тухай гэрээгээр Б.Аэд 75.795.000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн.

59.333.332 төгрөг хүрэхгүй тул Б.А нь дээрхи 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн хөрөнгө оруулалтын 100.000.000 төгрөгөөс 16.461.68 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрснөөр хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл 83.538.332 төгрөг үлдсэн.

М ХХК-ийн захирал Б.Ц нь Б.Аэд төлөх үлдэгдэл 83.538.332 төгрөгөөс 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн гэрээгээр барьцаалсан ааааааааааа тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгт тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн.

Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл мөнгө 83.538.332 төгрөгөөс 50.000.000 төгрөгийг хасахад 33.538.332 төгрөг болж байгаа юм.

М ХХК болон иргэн Б.Ц нар нь хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийн үлдэгдэл 29.205.000 төгрөг, 33.538.332 төгрөг /хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл/ нийт 62.743.332 төгрөг юм.

Үүнээс 20.000.000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан хино маркийн автомашины үнийг хасахад Б.Аэд нийт төлөх мөнгө 42.743.332 төгрөг юм.

М ХХК болон иргэн Б.Ц нараас иргэн Б.А нь 42.743.332 төгрөгийн авлагатай бөгөөд гэрээний дагуу тооцох алданги энэ тооцоонд ороогүй.

Б.А нь 20.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авсан хино маркийн авто машины хууль ёсны өмчлөгч тул машинаа тус компаниас шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани болон иргэн Б.А нар нь гэрээгээ тухай бүр дүгнэж байсан тул тус компанийн нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Аэд холбогдуулан М ХХК болон Б.Аийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болох, Б.Аээс Б.Ц нь 23.128.344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул М ХХК-ийн өмчлөлийн хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Аэд даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

М ХХК нь иргэн Б.Атэй 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан М ХХК нь БНХАУ-аас арматурчилсан хөнгөн бетон хавтан Монгол Улсад импортоор оруулж ирэх, худалдан борлуулах үйл явцыг хариуцахаар, иргэн Б.А нь уг үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хариуцахаар, А тал буюу М ХХК нь Б тал буюу иргэн Б.Аэд сар бүр 15.000.000 төгрөгийн ашиг өгч, илүү гарах ашгийг өөртөө авахаар, гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж тус тус тохирчээ.

Уг гэрээний үүрэгт М ХХК нь аааааааатоотын, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан ба мөн өдөр нь буюу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

/ХХ-ийн 8-11, 189 дүгээр тал/

 

Б.А, Б.Ц нар нь харилцан тохиролцож, Б.Цт 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар, 2.500.000 төгрөгийн хүүтэй зээлэн, зээлийн барьцаанд иргэн Н.Алтанцэцэгийн өмчлөлийн аааааааатоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба уг гэрээний үүргийг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болгосон гэжээ.

/ХХ-ийн 12-14 дүгээр тал/

 

Мөн зээлдүүлэгч Б.А, зээлдэгч Б.Ц нь харилцан тохиролцож Б.Цын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг зээлсэн тухай гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулж, сарын 10 хувийн хүүтэй, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор зээлийг төлж дуусгахаар тохирчээ.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Н.Алтанцэцэг нь өөрийн өмчлөлийн аааааааатоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх, барьцаалах эрхийг Б.Цт 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацаагаар олгожээ.

Б.Ц нь уг орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Аэд 50.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд уг өдөр нь Б.А дээрхи байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 38-40, 186-188, 190 дүгээр тал/

 

Б.А болон М ХХК-ийн захирал Б.Ц нар 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж хэн аль нь дүгнэж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уг гэрээний үүргийг дуусгавар болгосон гэжээ.

/ХХ-ийн 41 дүгээр тал/

 

М ХХК-ийн захирал ажилтай иргэн Б.Ц нь иргэн Б.Атэй 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, 2.500.000 төгрөгийн хүүтэй зээлсэн, мөн дахин Б.Аээс 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг зээлсэн талаараа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан компанийн өмчлөлийн хино маркийн ххххх УНМ улсын дугаартай автомашиныг Б.Аийн өмчлөлд шилжүүлсэн гэх бөгөөд дээрхи гэрээ бүрийн үүргийн биелэлттэй холбоотой шаардлагыг иргэн Б.Ц бус М ХХК шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

Мөн иргэн Б.Цын Б.Атэй 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлагыг иргэн Б.Ц бус М ХХК шаардаж нэхэмжлэл гаргажээ.

М ХХК нь 1 гишүүнчлэлтэй, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ц нь иргэн Б.Цын бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхийг хамтатган шийдвэрлүүлнэ гэсэн бөгөөд өөрийн зөрчигдсэн эрхээ сэргээлгэхтэй холбоотой шаардлага гаргахад тухайн этгээдээс бичгээр олгосон итгэмжлэлээр төлөөлөгчийн бүрэн эрх тодорхойлогдох ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх учиртай.

 

Иргэн Б.Ц болон Н.Алтанцэцэг нь дээрх зээлийн болон орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой үүргийн биелэлтийг шаардах эрхийг М ХХК-д хуульд заасны дагуу бичгээр олгоогүй бөгөөд иргэн Б.Цын бусадтай байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэлийг хуулийн этгээд шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

/ХХ-ийн 26-37, 91-115, 117, 195 дугаар тал/

 

Б.А болон М ХХК-ийн захирал Б.Ц нар нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж хэн аль нь дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уг гэрээний үүргийг дуусгавар болгосон гэх атлаа уг гэрээний төлбөр тооцоо 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох гэж буй нь үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 41 дүгээр тал/

 

Иймд хариуцагч Б.Аэд холбогдох М ХХК болон Б.Аийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болох, Б.Аээс Б.Ц нь 23.128.344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул М ХХК-ийн өмчлөлийн хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Аэд даалгах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Б.Цт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр, хариуцагч Б.Аэд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсанзэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэн Б.Ц, Н.Алтанцэцэг нар нь зээлийн болон орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой, мөн М ХХК нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхтэйг дурьдлаа.

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоотын 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн Мөнх Оргил трейд ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, М ХХК-ийн 2014-2016 онуудынсанхүүгийн тайланг хуурамчаар буюу хууль бусаар бүрдүүлсэн гэж үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтаас хасах боломжгүй.

/ХХ-ийн 118-168 дугаар тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Аэд холбогдох М ХХК болон Б.Аийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24.205.000 төгрөг болохыг тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болох, Б.Аээс Б.Ц нь 23.128.344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул М ХХК-ийн өмчлөлийн хино маркийн ачааны ххххх УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Аэд даалгах тухайМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3725 дугаар захирамжаар хариуцагч Б.Аэд ааааааааааа тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнаааааааааааа дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН