Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01184

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Н.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Гал овогт С.Н //,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоотод орших суух, Бүрэн богд овогт С.О // нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,587,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь С.Н тэй 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээг бичгээр байгуулж 2,500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр харилцан тохирч барьцаагүй 2,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөхөөр мөн тохиролцсон. Н.Б нь 2,500,000 төгрөгийг өгөхдөө 13 дугаар хорооллын Торгоны зам худалдааны төвийн дэргэд 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 1,000,000 төгрөгийг нөхөр гэх С.О гийн ХААН банкны ******* дугаар данс руу С.Н-ийн хүсэлтээр шилжүүлж зээлдэгчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

С.Н нь Н.Б-той 2016 онд сонгуулийн ажилд хамтран ажиллаж байсан. С.Н нь 10 дугаар хороололд шинээр барьсан барилгын дотор заслын ажлыг манай ээжийн У ХХК гүйцэтгэсэн юм. Ажлын хөлсөнд нь тухайн байрны подвалийг караоке пабын зориулалтаар түрээсгүйгээр ажиллуулах гэж байгаа юм. Үйл ажиллагаа эхлүүлэхэд хэдэн төгрөг дутаад болдоггүй, бололцоо байвал 2,500,000 төгрөг зээлээч гэж ирэхэд нь итгээд зээлдүүлсэн. Зээл авч байхдаа С.Н нь мөнгийг график гаргаад сар сард нь хүүтэй нь цуг төлөөд явъя гэж өөрөө хүсэлт гаргаж гэрээ байгуулсан.

Эхний сарын зээлийн график төлөлт болж зээлээ төлөхийг шаардахад ирэх 1 дэх өдөр төлье гэж хэлсэн. Тэр өдөр нь болоод ярихад энэ сард мөнгөний бололцоо муу байна, дараа сарын төлбөр дээрээ нийлүүлээд өгье гэж хэлсэн. Үүнээс хойш дараа сар нь болж, тэрний дараа сар нь болсон. Сүүлдээ гэрээний хугацаа дууссан. С.Н удахгүй мөнгө өгнө гэдэг. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй болно.

Иймд С.Н-ээс зээлийн үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөг, зээлийн хүүнд 625,000 төгрөг, 37 хоногийг алдангид 462,500 төгрөг, нийт 3,587,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.О-д дансаар шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хүү, алдангийн хамт С.О гээс гаргуулах, С.Н д өгсөн 1,000,000 төгрөгийг мөн хүү, алдангийн хамт гаргуулна гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сард манай ээжийн компани болох У ХХК-д найзын хувиар танилцуулж менежерийн ажилд оруулсан. Энэ үед 10 дугаар хорооллын замын урд талын 4 давхар үйлчилгээний төвийн доод давхрыг /В1/ хамтран түрээслэж, хамтран ажиллахаар тохиролцсон. Тус давхар нь өмнө нь ямар нэгэн үйлчилгээ явуулдаггүй байсан учраас тодорхой хөрөнгө мөнгө шаардлагатай болсон. Гэтэл Н.Б нь надад мөнгө зээлдэг хүн байгаа би тэрнээс мөнгө зээлээд авъя, харин төлөлтийг нь хамтраад өгье гэсэн. Гэрээгээ байгуулахдаа Н.Б-оос миний бие С.Н надтай зээлийн гэрээ байгуулсан. Ямар учраас ийм гэрээ хийж байгаа юм гэтэл би хар толгойгоороо хариуцаж байгаа учраас чамтай ч бас ийм гэрээ хийчхье, битгий санаа зов гэж хэлсэн болохоор найзын хувиар итгэж ийм гэрээ байгуулсан.

Тус караоке ажиллуулах гэж байсан подвалийн давхыг У ХХК нь Э ХХК-тай төлбөрийн үлдэгдлийг бартерлаж түрээслэхээр болсон. Гэтэл Э ХХК нь хятадуудад бүтнээр нь зарах болсон тул үлдэгдэл төлбөрөө өөр бараа материал оруулах болсон. Энэ караокег хамтран ажиллуулж чадахгүй болохоор мөнгөө буцаан төлөх гэтэл хүүгээ өг гэсэн. Хүүгийн графикийн дагуу төлөх гэтэл нэг сарын 15 хувийн хүүтэй болж байна, ийм их хүү төлөхгүй гэж маргасан.

Тус зээлийн гэрээг байгуулахдаа барьцаа болох миний зуслангийн эзэмшлийн зориулалттай газрыг барьцаалж авсан. Тус газрыг барьцаалахдаа холбоотой итгэмжлэлийг Н.Б хийлгэж авсан. Ямар учраас барьцаа хэрэгтэй юм гэхэд цаад хүндээ харуулах зүйл хэрэгтэй тул чи газраа барьцаалчих гэсэн. Хожим нь Н.Б нь өөрөө бусдад өдрийн хүүгээ мөнгө зээлдэг болохыг би мэдэж авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч С.Н , С.О нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 3,587,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.О-д дансаар шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хүү, алдангийн хамт С.О гээс гаргуулах, С.Н д өгсөн 1,000,000 төгрөгийг мөн хүү, алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Н.Б-той хамтран ажиллахад хөрөнгө мөнгө шаардагдахад, өөр этгээдээс мөнгө зээлж, зээлийн төлбөрийг Н.Б-той хамтраад төлөхөөр тохиролцсон, харин зээлийн гэрээг Н.Б-ын санал болгосноор түүнтэй байгуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч С.Н нар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2,500,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, зээлийн үндсэн хүүг нэг сард 125,000 төгрөг буюу 5 хувь байхаар тохиролцож, зээлдүүлэгч Н.Б нь 1,000,000 төгрөгийг хариуцагч С.О гийн эзэмшдэг ХААН банк дахь ******* дугаар дансанд гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийг хүлээн авсан, 1,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч өөр этгээдээс мөнгө зээлж, зээлийн төлбөрийг Н.Б-той хамтарч төлөхөөр тохиролцсон, харин зээлийн гэрээг Н.Б-ын санал болгосноор түүнтэй байгуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн боловч энэ талаар шүүхэд нотлоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг бодитой бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Талууд Зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тогтоосон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх боловч, зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү гаргуулах, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал хохирлыг зээлдэгчээс гаргуулахаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамаарах хуулийн зохицуулалтыг гэрээнд заасан нь хэрэгжих боломжгүй юм.

Хариуцагч С.О нь Н.Б, С.Н нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу шилжүүлэх мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан боловч зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй тул хариуцагч С.О гээс зээл, түүний хүү гаргуулахаар шаардах эрх зээлдүүлэгчид үүсэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр тохиролцсон 2,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг зээлдэгч С.Н д бэлнээр хүлээлгэн өгсөн гэх боловч шүүхэд нотлоогүй тул зээлдэгчийн хүлээн авсан 1,500,000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж зээлдүүлэгчид олгоно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасныг баримтлан, зээлдэгч С.Н-ээс үндсэн зээл 1,500,000 төгрөгийг, хүү 375,000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгох үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,875,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,712,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч С.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 44,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА