Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

 

 

  2025          01              14                                           2025/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2430000000324 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Зүүн наран” ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Ногоон төгөл” хотхоны ******* тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан ******* овогт ******* (РД:*******)

  

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Найс” баарны гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

 

Эрүүгийн 2430000000324 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд бид гурав баарны караокед 2 шил архийг хувааж ууцгаасан, тэгээд Өнөболд бид хоёр хамт гарч тамхилаад буцаж ороод байж байсан тэгээд би нэлээн согтоод ирсэн миний санаж байгаагаар бид хоёр баарны гадаа зодолдоод байсан яг юунаас болж тухайн зодоон болсныг мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь сэрээд Өнөболдтой уулзахад толгой хэсэгтээ оёдол тавиулчихсан байсан. Тэгээд би уучлалт гуйгаад Өнөболдыг Сүхбаатар аймгийн эмнэлэгт үзүүлэхээр авч ирсэн боловч эмнэлэгт томограф байхгүй гэсэн учраас бид нар Улаанбаатар хот руу очиж үзүүлсэн, миний хувьд гэм буруугаа ухамсарлаж эмчилгээ болон замын зардал зэргийг төлж барагдуулсан...Өнөболд бид хоёр харилцан зодолдож байсан санаж байна. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29-р хуудас),

 

- Хохирогч өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хувь хүний машинаар нүүрс тээврийн жолооч хийхээр ирсэн юм. Эрдэнэцагаан суманд ирээд Санждорж гэх залуутай танилцаж байсан юм. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой Санждорж болон түүнтэй хамт ажилладаг Эрдэнэ-Очир нарын хамт Эрдэнэцагаан сумын төвд байх бааранд 21 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд баарны караокед ороод бид гурав 1 шил 0.75 литрийн “Эдэн” архийг хувааж ууцгаагаад дахиж 1 шил 0.75 литрийн “Эдэн” архийг мөн хувааж ууцгаагаад нэлээн халамцаад ирсэн. Тэгээд Санждорж бид хоёр гадаа тамхилаад юм яриад зогсож байхад Санждорж намайг “бацаан минь” гэхээр нь би “яахлаараа чиний бацаан байдаг юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би Санждорж руу тулаад очтол намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон тэгээд бид хоёр хэсэг зуур зодолдоод түр салаад байж байтал дахиж Санждорж над дээр ирээд миний дух хэсэгт нэг удаа чихний ар хэсэгт мөн цохиход нь би манараад газар унасан тэгээд гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Тэгээд би сумын эмнэлэг рүү алхаж очоод цус гарч байсан хэсэгтээ оёдол тавиулсан. Тэгээд тухайн үедээ гомдол гаргаад яах вэ гээд гомдол гаргаагүй байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод очсоныхоо дараа утсаар гомдол гаргасан юм...Санждорж нь гараараа миний дух хэсэгт болон чихний ар хэсэгт мөн хамар луу гараараа цохиж гэмтлүүдийг учруулсан...тэгэхэд Эрдэнэ-Очир намайг хойш гараараа нүүр лүү түлхсэн гэхдээ гэмтэл бол учруулаагүй, миний биед үүсэн гэмтлийг Санждорж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7-р хуудас),

 

- Гэрч өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хамт ачаа буулгасан, тухайн орой Өнөболд мөн суманд ирсэн байсан. Тэгээд бид нар сумын төвд байх бааранд 21 цаг өнгөрч байхад орцгоосон. Бааранд ороод бид нар 2 шил архи, пиво ууцгаагаад нэлээн согтоцгоосон. Тэгээд яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна Өнөболд, Санждорж хоёр гарч тамхилаад байцгааж байсан тэгээд нэг харахад Өнөболд Санждорж нар бааранд харагдахгүй байхаар нь баарнаас гараад хартал Өнөболд, Санждорж нар дээгүүр хувцсаа тайлчихсан дээгүүрээ цээж нүцгэн зодолдож байхаар нь салгах гээд дундуур нь ороход Өнөболд намайг заамдаж аваад хоёр удаа цохиод авсан тэгэхээр нь би салах гээд цааш нь түлхсэн, тэгтэл Санждорж тэр хоёр дахиад зодолдоод эхлэхээр нь би тэр хоёрыг салгасан. Ийм л зүйл болсон...Миний биед бол ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...Намайг баарнаас гарч ирэхэд Өнөболд, Санждорж хоёр дээгүүрх хувцсаа тайлчихсан зодолдоод байж байсан. Тэгээд дараа нь харахад Өнөболдын хамар хэсгээс нь цус гарсан харагдаж байсан. Миний харснаар бол Өнөболд өөр хэн нэгэн хүнтэй зодоон цохион хийж байгаа харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10-р хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 420 дугаартай “...1. биед зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14-р хуудас),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

 

  • Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 38-42-р хуудас),

 

  • Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 45-46-р хуудас),

 

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Найс” баарны гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Найс” баарны гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргасан.

 

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

2.2. Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн талын хөмсөг, дух, чамархай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны зүүн хажуу хэсгийн хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.3. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1.1. Улсын яллагч: “А. үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай.  Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагаа явцад хохирол нэхэмжлээгүй мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй гэсэн болно. Харин эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 221,380 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай   Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг гаргасан.

 

3.2. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

 

4. Хохирол, хор уршгийн талаар

 

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Хохирогч өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Бусад асуудлаар:

 

5.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 221,380 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Т.Өнөболд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ