Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/00784

 

 

 

 

 

 

 

2020 03 04

101/ШШ2020/00784

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,500,000 төгрөг, хүү 10,175,000 төгрөг, алданги 19,980,000 төгрөг, нийт 48,655,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018.01.08 өдөр Г.Дагиймаатай зээлийн гэрээ байгуулсан. 18,500,000 төгрөгийг 5% хүүтэй 1 жилийн хугацаатайгаар 2019.01.08 өдөр хүртэл зээлүүлж харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан болно. Зээлдэгч Г.Д нь мөнгө зээлсэнээс хойш зөвхөн 1 сарын хүүний мөнгийг төлөөд түүнээс хойш ямарч төлбөр тооцоо хийлгүй өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд холбоо сураг тасарч улмаар шүүхээр эрэн сурвалжлуулж байж хаяг утасны дугаарыг тогтоосон болно. Иймд хариуцагч Г.Д-с гэрээнд заасны дагуу үндсэн зээл болох 18,500,000 төгрөг, 11 сарын хүү болох 5%-иар 10,175,000 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги хоногийн 0,3%-иар 1 жил буюу 360 хоног 19,980,000 төгрөг, нийт 48,655,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д-н тайлбартаа танилцсан бөгөөд дараах тайлбарыг баримтын хамт хүргүүлж байна. Г.Д-н Хаан банк дахь  тоот дансанд 2015 оны 06 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 7 сарын 30 өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 9 сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 8 сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг. Нийт 4 удаагийн шилжүүлгээр 17,000,000 төгрөг зээлүүлж улмаар 2016 оны 10.20 өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч Г.Дагиймаа нь мөнгө зээлсэн 2015 оны 06.22 өдрөөс хүү гэж төлсөөр зарим нэг сард нь дутуу төлж 2018 оны 01.08 өдөр дахин гэрээг сунгаж дутуу төлсөн байсан хүүний үлдэгдлийг нэмж 18,500,000 төгрөгний гэрээг шинээр байгуулж нотариатаар баталгаажуулсан болно. Үүнээс хойш 2018-02.14 нд 1 сарын хүү болох 925,000 төг манай эхнэрийн Хаан банкны  тоот дансанд хийгээд үүнээс хойш ямарч төлбөр тооцоо хийлгүй 2 жил болж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Л.Э миний хохирол гомдлыг хууль дүрмийн дагуу барагдуулж өгөхөд анхаарал хандуулж тусална уу.

48 655 000 төгрөг нэхнэ. Хариуцагчид мөнгө хэрэгтэй гэхээр нь 2016 онд нотариатаар баталгаажуулж эхнэрийн дансаар мөнгө өгсөн. Мөнгөө эхлээд өгч байснаа сүүлдээ дутуу өгч байсан тул 2018 онд тооцоо хийгээд дахиж гэрээ хийсэн. 2018 оны 2 сараас хойш мөнгө өгөөгүй. Гэрээнд заасны дагуу сарын 5 хувийн хүү, алданги 0.3 хувиар тооцож байгаа юм. Зээлийг би эхнэрийнхээ дансаар өгч байсан юм гэв.

 

Хариуцагч Г.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 6 дугаар сарын 22-оос 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5,000,000+4,000,000+2,000,000=нийт 11 сая төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 22-оос 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 10,475,000 төгрөгний хүү төлж хүү алдангид орсон учир 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр үндсэн мөнгөн дүн дээр төлөгдөөгүй хүү алдангийг нэмж дахин хийсэн гэрээгээр 18,500,000-н зээл болгосон билээ. Гэрээ байгуулсанаас 1 сарын дараа ажлын байргүй болж төлбөрийн чадваргүй болсон тул нэхэмжилсэн дүнг зөвшөөрөхгүй байна.

Би Л.Э-с 2015 оны 6 сарын 22-нд 5,000,000, 7 сарын 30-нд 2,000,000, 9 сарын 16-нд 4,000,000, 2016 оны 8 сарын 23-нд 6,000,000 нийт 17 сая төгрөг зээл авсан нь үнэн бөгөөд 2015 оны 7 сарын 22-оос 2018 оны 2-р сарын 14-ний өдрийг хүртэл баримтаар баталгаажих 15,175,000₮-ийн хүү төлсөн болно.

18 500 000 зөвшөөрөөд 2018.1.8-нд гэрээ байгуулсан. 2 сарын дараа ажлын байргүй болоод үйл ажиллагаа зогсож төлбөрийн чадваргүй болсон тул мөнгө төлөөгүй. 18 500 000 төгрөг төлөх ёстой гэж ойлгож байгаа. Өөрийн боломжоороо л ингэж төлнө. Л.Э-с авсан зээлийг түүний эхнэрийн дансаар шилжүүлж авсан талаар маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,500,000 төгрөг, хүү 10,175,000 төгрөг, алданги 19,980,000 төгрөг, нийт 48,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээл авсан талаар маргаагүй боловч зээлээ буцаан төлөх боломжгүй болсоны улмаас өмнөх зээлийг тооцож, 2 удаа зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу нийт 15,175,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдгээр зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд олгогдсон зээлийг дүгнэж, нөхөж хийсэн зээлийн гэрээ болох нь зохигчийн гаргаж буй тайлбар, нэхэмжлэгчийн эхнэр гэх М.Энхтулгын Хаан банк дахь  тоот дансны хуулгаар тогтоогдож байна. мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүсгэсэн зээлийн гэрээний харилцааны дагуу түүний эхнэр М.Э-н дансаар дамжуулж зээлийг хүлээн авсан талаар маргахгүй байна. Тодруулбал хариуцагч нь өөрийн дансны хуулгын зарим хэсэг нь нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан М.Энхтулгын дансаар авсан болон буцаан төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Ийнхүү зээлийн гэрээг нөхөж хийсэн, өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдах үед гэрээнд заасан зээл олгогдоогүй байх тул дээрх 2 зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Улмаар гэрээ байгуулахаас өмнө зээл олгох үед бичгэн хэлбэрийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн хүү, алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь олгосон зээлийн талаар хүү болон алданги шаардах эрхгүй юм.

Хаан банк дахь  тоот М.Энхтулгын дансыг хянаж үзвэл хариуцагчид 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгний зээл олгогдсон байна. /хэргийн 48-67 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн буцаан төлөлтийг М.Энхтулгын дансны хуулгад хараар дугуйлсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь үүнийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрч байна. Улмаар дээрх дансанд Дагиймаа гэсэн нэрээр төлсөн, нэхэмжлэгчийн дугуйлсан гүйлгээг бүхэлд нь тооцож үзвэл нийт 16,175,000 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан зээл олгосон болон буцаан төлсөн төлбөрийн дүн зөрүүтэй, өөрөөр хэлбэл зохигч өөрийн тайлбарыг үгүйсгэсэн буюу зөрүүтэй мөнгөн дүнг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Мөн зохигчийн тайлбар хэрэгт байгаа баримттай зөрж байна. Иймд хэдийгээр хариуцагч нь 18,500,000 төгрөг төлөхийг шууд зөвшөөрөөгүй боловч үгүйсгээгүй, зохигч эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд олгосон зээл, түүний буцаан төлөлт болон гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнг хэрэгт байгаа баримт, Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу тооцож, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцнэ гэж үзсэн болно.

Хэрэгт байгаа Хаан банк дахь тоот дансны хуулгаас тооцож үзвэл нэхэмжлэгч нь 17,000,000 төгрөгний зээл олгосон, хариуцагч нь 16,175,000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй байх тул олгосон зээлээс төлсөн төлбөрийг хасаж, хариуцагчаас 825,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Г.Д-с зээлийн гэрээний үүрэгт 825,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,830,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,350 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 775 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД