Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар  2025/ШЦТ/35

 

 

 

 2025          01               17                                         2025/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430003830323 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд цэцэрлэгжүүлэлтийн газарт талбайн ажилтан ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Шинэ дөрвөлж”-ийн задгай тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:*******)

  

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон,

мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* хандан “чамд ямар хамаатай юм бэ писдаа минь” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан сандлаар нуруун тус хэсэгт нь 3 удаа цохиж зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

 

Эрүүгийн 2430003830323 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53-р хуудас)

 

- Хохирогч *******ийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны орой би нөхөр, 4 хүүхдийн хамт гэртээ бүгдээрээ байж байсан юм. Манай том хүүгийн дараах С.Даваабаяр хадам аавынд байсан юм. Тэгсэн орой 21 цагийн орчим манай нөхөр ******* гэрийнхээ баруун орон дээр сэжигтэй байдалтай утсаа оролдоод хэвтээд байхаар би “чи хэнтэйгээ харьцаад байгаа юм бэ” гэсэн чинь ******* “чамд ямар хамаатай юм бэ писдаа минь” гээд над руу эхлээд гутлаа шидсэн. Би гутлаа шидэхээр нь би нөхрийнхөө өөдөөс юм хэлэлгүй гэрийнхээ зүүн орон дээр 3 хүүхэдтэйгээ сууж байсан чинь ******* баруун орноос босож ирээд гэрт байсан пиовар сандлыг аваад миний дал, нуруу хэсэг рүү 3 удаа цохиж зодоод над руу пийшин дээр байсан төмөр жижиг хувинтай цайг аваад шидээд намайг "янхан минь, эрийн дэвсгэр минь" гэж хэл амаар доромжлоод гэрээсээ гараад явсан. Би *******ыг гэрээс гарч явсны дараа өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага мэдээлэл өгсөн... Тухайн үед манай нөхөр эрүүл байсан. Огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манайд гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Би 4 жаахан хүүхэдтэйгээ хамт байсан. Өөр хүн байгаагүй... Манай нөхөр ******* урьд өмнө нь намайг цохиж зодож байсан. Манай нөхөр намайг 2022 оны 04 дүгээр сард байх гэртээ байхдаа, 2023 оны 12 дугаар мөн гэртээ байхдаа, 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр мөн гэртээ байхдаа намайг цохиж зодож байсан. Би тухай бүр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. ******* дээрх он, саруудад бүгдэд нь баривчилгаанд орж цагдаагийн газарт баривчлагдаж байсан...******* 2022 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж өөр хүнтэй явалдаад харьцаад гэртээ тогтохгүй байхаар нь би тухайн болоод байгаа асуудлын талаар нь хэлсэн чинь намайг "худлаа ярьж гүтгэлээ" гэх шалтгаанаар цохиж зодоод байдаг юм. Манай нөхөр одоо ч тэр хүүхнээсээ салаагүй байгааг би мэддэг юм. Энэ талаар хэлэхээр намайг цохиж зодоод байдаг. Үүнээс өөр ямар нэг шалтгаан байхгүй... Эрүүл, согтуудаа аль алинд нь намайг уурандаа цохиж зоддог...Надад одоо ямар нэгэн гэмтэл, зовиур байхгүй Сүүлд зодсон гэмтэл, зовиур маань эдгэрч хэвийн болсон. Сүүлд миний дал, бугалга хэсэг хөхөрсөн шархтай байсан. Надад ямар нэгэн гэмтэл зовуурь байхгүй тул би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэхгүй...Би нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Би хамгаалах байранд орохгүй. Татгалзаж байна учир би олон бага насны хүүхэдтэй, цэцэрлэг сургуульд нь явуулдаг болохоор хамгаалах байранд орох боломжгүй. Мөн одоогийн байдлаар нөхөртэйгөө эвлэрсэн байгаа тул хамгаалах байранд орохоос татгалзаж байна. ...надад сэтгэл санааны хохирол байхгүй тул миний зүгээс сэтгэл санааны хохирол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20-р хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 25-29-р хуудас),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 471 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 30-34-р хуудас)

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 409 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 35-38-р хуудас)

 

- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9-р хуудас)

 

- (хүү), ******* овогт (охин), ******* овогт (охин), ******* овогт (хүү), ******* овогт (хүү) нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд болон *******, нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 64-79-р хуудас)

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),

 

- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 56-58-р хуудас),

 

  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63-66-р хуудас),

 

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* хандан “чамд ямар хамаатай юм бэ писдаа минь” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан пиавар сандлаар нуруун тус хэсэгт нь 3 удаа цохиж зодсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ дөрвөлжийн задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* хандан “чамд ямар хамаатай юм бэ писдаа минь” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан пиавар сандлаар нуруун тус хэсэгт нь 3 удаа цохиж зодсон гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учирсан болно. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд *******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэдэг нь эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ******* ялимгүй зүйлээр шалтаглан удаа дараагийн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

2.2.Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ бие махбодод шалтгаангүйгээр халдан цохиж зодон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих бүсийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаар тогтоох саналтай.  Гэмт хэргийн улмаас хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг,

 

3.2. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж байгаа, түүний зан төлөв, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.3.1. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

 

3.3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176.1 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

 

4. Хохирол, хор уршгийн талаар

 

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Хохирогч *******ийн өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Бусад асуудлаар:

 

5.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ