| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/04450/И |
| Дугаар | 101/ШШ2020/00886 |
| Огноо | 2020-03-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2020/00886
| 2020 03 16 | 101/ШШ2020/00886 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБЗЗАГ ОНӨААТҮГазар /рд:6109209/-т холбогдох
912,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие П.О нь 2013.09.05-наас 20119.09.24 дуустал 6 жил 20 хоногийн хугацаатай УБЗЗАГ ОНӨААТҮГ-д жооочоор ажилласан. Өөрийн хүсэлтээр тус байгууллагаас хөдөлмөрийн гэрээгээ цуцалж гарсан. Гарсаны дараа 2019.10.07-ний өдөр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор материалаа бүрдүүлж өгөхөд байгууллагын буруугаас болоод ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн. Учир нь миний нийгмийн даатгал сүүлийн 13 сар байгууллааас огт төлөгдөөгүй байсан. Тус байгууллага Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж болох 912,000 төгрөгийг УБЗЗАГ ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...912,000 төгрөг нэхэмжилсэн байсан боловч үнийн дүнг ихэсгэж 2,104,352 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Би анх нэхэмжлэл гаргахдаа буруу тооцож нэхэмжилсэн байна. Нийгмийн даатгалын байгууллагаас авах ёстой шимтгэлээ тооцож бодуулсны дагуу нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилгүйдлийн тэтгэмжийг миний цалингаас суутган авсан боловч Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөөгүй тул байгууллага хариуцах ёстой гэж үзэн нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.О нь хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГазарт холбогдуулан нийгмийн даатгалын сангаас олгогдох байсан ажилгүйдлийн тэтгэмж 912,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2,104,352 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 240 дугаар албан бичигт заасан тооцоололтой нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа 2,001,042 төгрөг гэж тодорхойлжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.О нь УБЗЗАГ ОНӨААТҮГазарт жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба тус байгууллагад 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласан болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-5-6 тал/
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна.
Хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГазар нь нэхэмжлэгч П.Оын нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 11 сараас 2019 оны 09 дүгээр сарын хугацаанд төлөөгүй, энэ хугацаанд нэхэмжлэгчийн авсан сарын цалингаас хариуцагч байгууллага зохих шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн боловч нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг төлөөгүй, баталгаажуулалт хийгдээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг хуульчилсан ба ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Ийнхүү хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан тооцооллоор 2,001,042 төгрөг авах боломжтой байжээ. /хх-42 тал/
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГазар нь нэхэмжлэгч П.От 2,001,042 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГазраас 2,001,042 /хоёр сая нэг мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.От олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугара зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ