| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/03452/И |
| Дугаар | 101/ШШ2018/02982 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2018/02982
| 2018 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2018/02982 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э холбогдох,
500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие нь Ц.Эоос 2017 оны 11 сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгөөр машин авахаар ярилцаж 1,100,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Ингээд машинаа авах гэхэд зарахаа болилоо гэсэн. Тэгэхээр нь мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь 600,000 төгрөгийг буцааж өгөөд 500,000 төгрөгийг нь банк татчихсан байна. Тэгж байгаад удаахгүй өгчихье гэсэн. Тэрнээс хойш өнөө маргааш гэж худлаа хэлж явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд энэ хүнээс үлдэгдэл 500,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ц.Эхолбогдуулан 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан тухай тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Нэхэмжлэгч 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагчаас 1,500,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар тохиролцон 1,100,000 төгрөг шилжүүлсний дараа наймаа буцсан тул 600,000 төгрөгөө буцаан авсан, 500,000 төгрөгийг хариуцагч буцааж өгөөгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар үнэн зөв гэж үзэх ба энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банк ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч, хариуцагчид 1,100,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул хариуцагч, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчид түүний нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа мэдүүлсэн хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдэж хариуцагч товыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд хүнэдтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эоос 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Эоос 15,000 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ