| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
2025 01 29 2025/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************,
Шүүгдэгч ***********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******** овогт **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******** сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан-Овоо” хорооллын замд өөрийн эзэмшлийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,36 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ****** сумын Билгэх 2-р багийн нутаг дэвсгэр Цагаан-Овоо хорооллын замд өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,36 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч *********ын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл хх-ийн 2-р хуудас, ****** овогт *********ийн жолоочийн лавлагаа мэдээ хх-ийн 13-р хуудас, яллагдагч *********ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Энэ тал дээр улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна. Тэгэхээр шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр 2024 оны 6 сарын 17-ны өдөр нэг жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Тэгээд эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Тийм учраас тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналтай санал нэг байгаа” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал:
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч ********ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн: “...Өмнөговь аймаг ****** сум Билгэх 2 дугаар багт оршин суух ****** регистрийн дугаартай ******* утасны дугаартай ********ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны 21 цаг 23 минутад Драгер алкотест /Alcotest 6820/ багажаар шалгахад 1.36% согтолттой гарсныг гэрэл зургаар бэхжүүлэн, тэмдэглэл үйлдэв.” гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
***********ийн “Бүртгэгдсэн мэдээлэл: Эрх хасах: Өмнөговь, Ханбогд, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024-06-17, 2025-06-17, 1 жил, др:1.23%” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 13-р хуудас/,
Яллагдагч *********ийн “...2024 оны 12 дугаар сарын 12-ны орой гэрт байж байхад манай ах халамцуу байдалтай ирсэн... ах намайг “Дэлгүүр хүргээд өг” гэж хэлэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрийн урд талд байдаг дэлгүүр ороод буцаж гэр лүүгээ явж байхдаа ... ********** гудамжинд цагдаа таараад зогсоосон юм... үлээлгэхэд 1,36% гарсан юм. Би жолооны эрхийн үнэмлэх байхгүй... 2024 оны 06 дугаар сард жолооны эрхээ хасуулсан... Би гэртээ байхдаа ахтайгаа хамт нэг лааз пиво уусан юм. Тэгээд ах “Дэлгүүр ормоор байна” гэхээр нь би машинаа бариад гэрээс гарсан юм. Өөр машин бариад гарчих хүн байхгүй байсан болохоор өөрөө бариад явсан юм. Уучхаад машин барьж болохгүй гэдээ мэдэж байсан. Би өөрийнхөө гаргасан зөрчилдөө гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлтээсээ татгалзсан оролцогчийн эрхийн хэрэгжилтийг хязгаарласан, шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал биш гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д заасан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг гүйцэд ойлгоогүй байна гэж дүгнэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэв.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч ******* нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 13-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ********ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, мөн үлдсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 342 шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэлийн үлдэгдэл дөрвөн сар 27 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сар 27 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй, эд мөрийн баримт хураан авсан зүйл байхгүй, бусдад төлөх төлбөргүй болно” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан, өмгөөлөгчийн хувьд үүнийг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байгаа. Учир нь шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй, дээрээс нь хувийн байдалтай холбоотойгоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ямар ажил хийдэг вэ гэхээр сумын төв болон зам дагуу дуудлагаар явж гагнуур хийдэг, мөн оператор мэргэжилтэй болохоор ковш бариад айлын хороо нураах ийм ажил хийгээд сардаа бол 5 сая гаруй төгрөгийн орлого гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Хавтаст хэрэгт сүүлийн зургаан сарын хуулгаар 31,841,629 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байгаа. Тэгэхээр торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой тийм учраас торгуулийн ялыг нь оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн улсын яллагчийн нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах санал гаргаж байна. Үүний хугацааг нь багасгаж өгнө үү гэсэн саналтай байгаа. Мөн өмнөх шийтгэврээр оногдуулсан эрх хасах шийтгэлийн үлдэгдэл 4 сар 27 хоногийг нэмж нэгтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар, 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэлийг оногдуулахаар заасан тэгэхээр өмнө нь ямар нэгэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл эдэлж байгаагүй, шийтгэврээр хасагдсан байдаг учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар оногдуулсан шийтгэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоол дээр нэмж нэгтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр нэмж нэгтгэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хамгийн багаар хасаж өгнө үү гэсэн ийм саналтай байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
1. Шүүгдэгч****** овогт *********ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА