Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0669

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0669

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, П.А**** гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***** тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх шинээр олгох тухай А/3** захирамж гарч, уг захирамжийн хавсралтын 33-т П.А**** д дээрх байршилд нэхэмжлэлд дурдсан зориулалт, хэмжээгээр газар эзэмших эрх олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзээд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.А**** гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Б*** тоосгон гудамж, нэгж талбарын дугаар 26**** , 0.07 га газар эзэмших хүсэлт өгсөн юм. Тус дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/3** Газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжийн хавсралтад П.А**** д 15 жилийн хугацаатай 0.07 га газрыг 16-р хороо, Б*** тоосгон гудамж байршилд олгох-оор заасан байсан тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н***** гаар дамжуулж шүүхэд өгсөн гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 28 дугаар зүйлийн 28.1-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна гэж, 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж тус тус заасан.,

П.А**** гаас Л.Н***** д олгосон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлд нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгч П.А**** гаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзсаныг мөн бичгээр баталгаажуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч П.А**** гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан П.А**** нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч П.А**** гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ