| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч Б.********* нарыг оролцуулан,
********* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*********д холбогдох эрүүгийн 2525000000005 дугаартай, 312/2025/0101/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.********* нь Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар ********* аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн Мотобуудлагын батальоны явган цэргийн байлдааны машины жолооч, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа удаа дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.********* өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000005 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.********* нь Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар ********* аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн Мотобуудлагын батальоны явган цэргийн байлдааны машины жолооч, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа удаа дараагийн үйлдлээр болон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.********* өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн 2024 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаартай албан бичиг, цэргийн алба хаагчийн дэлгэрэнгүй судалгаа /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
- Гэрч *********ийн өгсөн: "...Б.********* ер нь томилогдсоноос хойш шалтгаангүй 1-2 хоног ажлаа тасалчихдаг байсан. Харин 2024 оны 10 дугаар сарын сүүлээр ажил таслаад ажилд огт ирээгүй. Манай хүний нөөц болон хуулийн офицерууд мөн манай батальоны офицер ахлагч нар ар гэрээр очиж сурагласан боловч гэртээ байхгүй утсаа ч авахгүй алга болсон..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
- Гэрч *********ын өгсөн: “...Б.********* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдий хүртэл анги байрлал дээрээ ирээгүй алга болсон... Манай ангид ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Заримдаа архи, согтууруулах ундаа хэрэглээд ажилдаа ирэхгүй заримдаа ямар ч шалтгаангүй ажлаа хаяж анги байрлалаа орхин явсан. Би өрөөндөө дуудаж уулзаад ажил алба тасалж болохгүй талаар зөндөө тайлбарлаж хэлсэн боловч тухайн үедээ за за гэж хэлж гараад л ажлаа таслаад алга болсон... Б.********* ажлаас гарах өргөдлөө огт өгөөгүй. Ажлаас гарах өргөдлөө надад албан ёсоор бичиж өгсөн бол би шалтгаан нөхцөлийг тодруулаад чөлөө авах шаардлагатай бол ангийн Захирагчид танилцуулаад асуудлыг нь шийдэх байсан. Гэвч огт чөлөө зөвшөөрөл аваагүй алга болсон. Маш олон удаа утас руу залгаж утсаар ярьсан боловч огт анги байрлал болон ажилдаа ирээгүй. Мөн над дээр ямар нэгэн шалтгаан хэлж чөлөө зөвшөөрөл хүсэж байгаагүй. Манай байгууллага уг нь ар гэрийн асуудал болон бусад шалтгааныг харгалзан үзэж чөлөө зөвшөөрөл байнга өгдөг..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
- Гэрч Б.*********ын өгсөн: "...Манай ангид мотобуудлагын батальоны явган цэргийн байлдааны машины жолооч ажилладаг Б.********* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн албан ажлаа тасалсан. Тэгээд Б.********* нь олон удаа таслаад байсан учир мэдэгдэх хуудас өгсөн боловч Б.********* тухайн өдрөөс хойш ажлаа хаяад анги байрлалаа орхиод явсан учир албаны даргад нь мэдэгдэх хуудсыг өгсөн. Тэгээд Б.********* рүү утсаар залгаж мессеж зөндөө бичсэн боловч огт надтай холбогдоогүй. Б.********* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өдий хүртэл ажилдаа ирээгүй анги байрлалаа орхиж явсан учир Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна... Би өөрийнхөө утсаар Б.********* рүү маш олон удаа залгасан боловч огт утсаа аваагүй. Мөн манай хүний нөөцөд өргөдөл бичиж өгөөгүй хэл сураггүй алга болсон... Ер нь надтай болон хүний нөөцтэй 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт холбогдоогүй. Харин ангийн захирагч Б.********* рүү утсаар залгахад утсаа аваад ажил дээр ирнэ гэж хэлсэн боловч огт ажил дээр ирээгүй. Маш олон хүн Б.********* рүү холбогдох гэж оролдсон боловч огт утсаа аваагүй. Мөн бас манай ангийн гэмт хэрэг сахилга дэг журмын хурал дээр дуудсан боловч ирээгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.*********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би анх ********* аймагт Дорнод аймгийн Зэвсэгт хүчний ********* дугаар ангиас механик жолоочоор шилжиж ирсэн. Энд ажиллаж байх хугацаандаа болж бүтэхгүй хүмүүстэй нийлж ажлаа тасалж, архи ууж ямар ч ажил хийх дур сонирхолгүй болсон. Анхандаа нэг өдрөөр тасалдаг байсан бол сүүлдээ бүр ажилдаа очихоо ч байсан. Манай ангиас хуулийн офицер болон салбарын дарга, захирагч нар залгасан боловч би огт утсаа авахгүй, утсаа авсан ч ажилдаа очно гэсээр байгаад... Би архи согтууруулах ундаа маш их хэрэглэх болсноор миний ажлаа таслах, ажилдаа дургүй болох шалтгаан болсон байх. Би ажлаа тасалж анги байрлалаа орхин явах нь гэмт хэрэг гэдгийг огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, - Цэргийн албан хаагчийн дэлгэрэнгүй судалгаа, ажил байдлын тодорхойлолт, ахлагчийн алба хаах гэрээ, /хавтаст хэргийн 24-29 дугаар хуудас/,
- Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/515 дугаар тушаал, /хавтаст хэргийн 24-29 дугаар хуудас/,
- Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн 2024 оны 10, 11 дүгээр сарын офицер, ахлагч нарын ирцийн бүртгэл, ажил тасалсан албан хаагчдын бүртгэл, сонсох ажиллагаа явуулсан тухай бүртгэл зэрэг баримтууд авагдсан байна. /хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/ - Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/810 дугаартай “... Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2019 онд ЯЦБМ-ны механик жолооч” мэргэжлээр төгссөн: ...*********гийн *********... ахлагчийн албанд авч дэд ахлагч цол олгосон болохыг тодорхойлов." гэсэн албан бичиг, тушаалын хуулбар хувь, /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.********* цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Б.********* нь өөрийгөө өмгөөлөн оролцсон ба хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж тус тус оролцсон болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч *********, *********, Б.********* нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.*********гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Цэргийн албан хаагчийн дэлгэрэнгүй судалгаа, ажил байдлын тодорхойлолт, ахлагчийн алба хаах гэрээ, Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/515 дугаар тушаал, Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн 2024 оны 10, 11 дүгээр сарын офицер, ахлагч нарын ирцийн бүртгэл, ажил тасалсан албан хаагчдын бүртгэл, сонсох ажиллагаа явуулсан тухай бүртгэл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/810 дугаартай “... Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2019 онд ЯЦБМ-ны механик жолооч” мэргэжлээр төгссөн ...*********гийн *********... ахлагчийн албанд авч дэд ахлагч цол олгосон болохыг тодорхойлов." гэсэн албан бичиг, тушаалын хуулбар хувь зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.********* нь Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар ********* аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ********* дугаар ангийн Мотобуудлагын батальоны явган цэргийн байлдааны машины жолооч, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа удаа дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлсан гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд “цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “офицер, ахлагч үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч буюу дэд ахлагч Б.********* нь шалтгаангүй ажлаа тасалж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлах үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.*********үйлдэл нь Цэргийн албаны эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан “цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргийг “офицер, ахлагч үйлдсэн бол” гэсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зааснаар “офицер, ахлагч, цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.*********цэргийн албанаас оргох гэмт хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.********* бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.********* “офицер, ахлагч, цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*********хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 39 дахь талд авагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.********* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ********* аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Булагтын Б-1-21 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, ахын хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.********* цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн санал гаргаж оролцсон болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********гийн ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “офицер, ахлагч, цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*********д тэнссэн хугацаанд нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.********* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг ********* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ