Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01869

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01869

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

ХариуцагчБ.А холбогдох

 

Үндсэн зээлийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 79,319,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ИББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ИББСБ нь Кнэртэй байх үедээ иргэн Б.Атай 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 65 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж, барьцаанд нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41-09 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 сар, харин 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, мөн 2013 оны 7 дугаар сарын 07-ноос 2013 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл 4 сарын хугацаатайгаар тус тус зээлийн гэрээний хугацааг сунгасан болно. Зээлийн гэрээний сунгалтын хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болж, зээлдэгч Б.А нь 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх зээлийн гэрээний хүү, мөн 2013 оны 11 дүгээр сарын 13-нд үндсэн зээл болох 50,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үндсэн зээлээс 25,000,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн болно. Үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөх талаар Б.Атай удаа дараа уулзаж, мэдэгдэж, шаардсан боловч төлөөгүй. Улмаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрийг барагдуулах талаар болон зээлийн гэрээг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Б.Атай гэрээ байгуулсан бөгөөд н.Жаргал гэж хүний талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийг хүртэл зээл, хүүгээ төлөх боломжтой байсан. Б.А нь төлнө гээд л яваад байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч Б.Агаас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 45,266,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,053,200 төгрөг, нийт 79,319,200 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41-09 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Ж.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Анх тухайн үед Кэш хаус" нэртэй байсан одоогийн ИББСБ, түүний захирал Ж.Бтай хариуцагч Б.А нь өөрийн багын найз н.Жаргалаар дамжуулж танилцсан байдаг. Б.А нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Кнэртэй байсан одоогийн ИББСБ-аас Зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг зээлсэн нь үнэн болно.

2. Гэхдээ уг 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч Б.А нь дан ганцаараа гарын үсэг зурж, гэрээ байгуулсан боловч зээлийн 25,000,000 төгрөгийг хариуцагч Б.А нь авч, үлдсэн 25,000,000 төгрөгийг Кнэртэй байсан одоогийн ИББСБ-ын захирал Ж.Бтай хариуцагч Б.Атай танилцуулсан Б.Агийн багын найз н.Жаргал нь авсан байдаг. Үүнийг ИББСБ-ын захирал Ж.Б нь тодорхой мэдэж байгаа болно.

3. Хариуцагч Б.А дээрх зээлийн гэрээний өөрт ногдох хувь болох 25,000,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн ба үлдэгдэл ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан төлбөрүүд нь хариуцагч Б.Агийн багын найз н.Жаргалын төлөх ёстой төлбөр нь үлдсэн болно.

4. Хариуцагч Б.Агийн найз н.Жаргал нь энэхүү төлбөрийг төлөхгүй байснаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсээр ийм их төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Н.Жаргалаас хариуцагч Б.А нь удаа дараа нэхэж шаарддаг боловч удахгүй өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрээд байна.

5. Энэхүү нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж, мөн үнэн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаагийн хувьд нэхэмжлэгч ИББСБ ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өгөхийг хүсч байна.

6. Мөн шүүхийн зүгээс эрх хэмжээний хүрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Б.А нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийг төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж байсан байдаг, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээсээ татгалзаад, шаардах эрхтэй байсан, гэтэл шаардаагүйгээс зээлийн хүү өндөр бодогдсон байна. 2016 оны 3 дугаар сард хүсэлт гаргахдаа 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлнө гэсэн байх тул энэ хугацаагаар хүүг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Барьцаа хөрөнгө нь Б.Агийн дан ганц хүний нэр байдаг боловч энэ нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байдаг юм байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ИББСБ ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 45,266,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,053,200 төгрөг, нийт 79,319,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зээл авсан нь үнэн, найз н.Жаргал энэхүү төлбөрийг төлөхгүй байснаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсээр ийм их төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

КББСБ ХХК нь Б.Атай 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ, мөн эхний гэрээний сунгалтыг тус тус байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр гэрээний дагуу төлөгдөх зээлийн үүргийг нэхэмжилж байна.

 

Гэрээний нэг тал болох КББСБ ХХК нь оноосон нэрээ 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ИББСБ ХХК болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг болон 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 65 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 50,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээл олгогдсон, 3 удаагийн сунгалтаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд Б.А нь гэрээний энэхүү хугацааны хүүг бүрэн төлсөн, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн зээлээс 25,000,000 төгрөгийг төлж, үүнээс хойш дахин төлөлт хийгээгүй болох нь Зээлийн гэрээ, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-үүд, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд хариуцагч Б.А нь гэрээний үндсэн хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, харин гэрээний хугацаа өнгөрснөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.А нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ИББСБ-д Миний бие Б.А нь танай байгууллагаас авсан зээлийн үлдэгдлийг зохих журмын дагуу Та бүхэн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн зээл 25,000,000 төгрөгийг, хүүгийн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваагаад төлөхөөр сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүг 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон 45,266,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,053,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой байна.

 

Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн хэдий боловч гэрээний дагуу төлөгдөх хүүгийн төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жил гаруйн дараа шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх Б.Агийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байсан хүсэлтэд зээл, хүүг төлөх талаарх илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл болох 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүүг тооцох үндэслэлтэй байх тул 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 34 сар 16 хоног буюу хэтэрсэн хугацааны хүүд 34,533,332.8 төгрөгийг төлөх үндэслэлтэй, үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцоход 6,906,666.5 төгрөг гарч байна.

/1 сарын хүү 1,000,000 төгрөг, 1 өдрийн хүү 33,333.3 төгрөг/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилж байх боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хариуцагч Б.А нь зээл, хүүг төлөх талаарх баталгааг дээр дурьдсанчилан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж байсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 9 тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, мөн өдрөө 65 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Дээрх Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэлээс үндсэн зээлд 25,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 34,533,332.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,906,666.5 төгрөг, нийт 66,439,999.36 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,879,200.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Агаас зээлийн гэрээний үүрэгт 66,439,999.36 /жаран зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,879,200.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41 дүгээр байрны 9 тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,746 /554,546+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 560,350 /490,150+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИББСБ ХХКолгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ