Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/01887

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          22                                     101/ШШ2022/01887         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Т-д холбогдох

 

2,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Гэрч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Э миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х.Т-д өөрийн ХААН банкны 0 тоот данснаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг зээлдүүлээд одоог хүртэл өгөхгүй, удаа дараа нэхсэн боловч “боломжгүй байна, жаахан хүлээж бай, байж байгаад өгье” гэх зэргээр хойшлуулж явсаар өдий хүрсэн.  

Х.Т өөрөө мөнгө зээлдүүлээч гэж надаас гуйсан, тэгээд түүний данс руу мөнгийг зээл гэж бичээд шилжүүлсэн, хэзээ эргүүлж өгөх талаар хоорондоо ярилцаагүй болохоор буцааж өгөх байх гэж бодоод явж байсан юм.

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 181/Ш32021/07869 тоот тогтоолоор Х.Т-ийн “хаяг тодорхойгүй” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээр Х.Т-ийг эрэн сурвалжлуулсаны эцэст түүний хаягийг тогтоолгосон.

Хэрэв Х.Т надаас зээл аваагүй гэсэн юм бол анхнаасаа мөнгө авах үедээ зээл биш гэдгийг хэлж болох байсан, мөн түүнээс мөнгөө нэхэж олон удаа утсаар ярихад энэ талаар ерөөсөө ингэж хэлж ярьж байгаагүй.

Миний хувьд ажил хийх, гэрээ байгуулах эсэхээ ч мэдэхгүй байж Х.Т-д мөнгө өгөх шаардлага байхгүй юм. Х.Т өөрөө л мөнгө зээлдүүлээч, туслаач гэхээр нь түүнд мөнгө зээлдүүлсэн, мөнгө шилжүүлсэн утга дээр “зээл” гэдгийг бичсэн байгаа болно. 

Ажилчдын автобус түрээслэх гэрээг 2018.09.11-ний өдөр “Ө” ХХК-тай би өөрөө байгуулсан. Уг гэрээг байгуулахад Х.Т-оор зуучилж өгсөн, ийнхүү гэрээ байгуулахад зуучлуулсны төлөө хөлсөнд нь 3,000,000 төгрөг өгөхөөр тохирсон зүйл байхгүй. Хэрэв зуучлуулсан гэвэл түүнтэй гэрээ байгуулаагүй, уг ажлыг хийх эсэх нь тодорхойгүй байхад түүнд зуучлалын хөлс төлнө гэж байхгүй.  Түүнээс гадна ажлын хөлс нь 3,000,000 төгрөг гэж тохирсон гэдгийг шүүх хуралдаан дээр гэрчээс нь анх удаа сонсож байна.

“Ө” ХХК-тай 2 автобус тус бүрийг 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон ба Х.Т-ийн тайлбарт дурдсан хэмжээний ашиг олоогүй. Автобус түрээслэх ажил байна гэдгийг тэнд ажилладаг дүү н.Б надад хэлсэн болохоос Х.Т надад ийм ажил санал болгоогүй. 

Иймд хариуцагч Х.Т-оос үндсэн зээл 2,000,000 төгрөг, эрэн сурвалжлахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Танай шүүхэд нэхэмжлэгч Б.Э-ийн зүгээс надад холбогдуулж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр: “...үндсэн зээл болох 2,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг...” гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардан авч, танилцсан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч, дараах тайлбарыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байна. Үүнд:

Х.Т би “Т” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг бөгөөд манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших “Э” ХХК-ийн уурхайн талбайд 2018 онд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан “Ө” ХХК-тай “Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ”-г байгуулж, тус компанид ачааны машин түрээслэх үйлчилгээ, барилгын талбайд харуулын байр ажиллуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан болно.

Улмаар тухайн үед надад “Ө” ХХК-ийн удирдлагуудын зүгээс барилгын ажил гүйцэтгэж буй ажилчдыг өглөө сумын төвөөс барилгын ажил гүйцэтгэж буй талбай руу, орой барилгын талбайгаас сумын төвд байх ажилчдын амрах байр хооронд автобусаар зөөх үйлчилгээг мөн хариуцаж ажиллах санал тавьсан. Уг ажлын төсөв нь бага оврын 1 автобусыг 1 сард 7,000,000.00 (долоон сая) төгрөгөөр тооцож, түрээслэх байсан юм. Тухайн үед миний эзэмшлийн автобус техникийн эвдрэлийн улмаас засвартай байсан тул энэ ажлыг өөрийн дүү Н.Ж-т өгөхөөр төлөвлөж байснаа болиод нэхэмжлэгч Б.Э-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Э “Ө” ХХК-тай миний хийж гүйцэтгэхээр тохиролцсон байсан ажлыг надаас авч, гэрээ байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулснаас Б.Э нь 1 сард 7-14 сая төгрөгийн орлого олсон ба миний тооцоогоор 200 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн.

Дээрх ажлыг авч гүйцэтгэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан 2,000,000.00 (хоер сая) төгрөгийг надад урамшуулал болгож өгсөн ба миний хувьд түүнээс ямар нэг байдлаар мөнгө зээлж аваагүй болно. Надад мөнгө өгөхдөө ч тэрбээр энэ тайлбарт дурдаж буй 200 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг авч байгаагаа ухамсарлаж, сайн дуpaapaa өгсөн атлаа хожим үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан явдалд харамсаж байна.

2018.08.03-ны өдөр “Т” ХХК болон “Ө” ХХК-ийн хооронд, 2018.09.11-ний өдөр “Ө” ХХК болон Б.Э нарын хооронд тус тус байгуулагдсан гэрээ байх ба Б.Э-ийн эс ажил зуучлуулсны хөлсөнд 2018.07.20-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг баримтаар зуучлуулсан болох нь тогтоогдоно.

Х.Т-ийн хувьд Б.Э-ийг огт танихгүй, найз, нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй байж түүнээс мөнгө зээлж авах үндэслэлгүй юм.

Иймд зээлийн гэрээний үүрэг, эрэн сурвалжлах зардалд нийт 2,070,200 төгрөг гаргуулах тухай Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг, ХААН банк ХХК-ийн 0 тоот дансны 2018.07.20-ны өдрийн хуулга, Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.12-ны өдрийн 181/ШТ2021/00225 дугаар тогтоолын болон 2021.11.04-ний өдрийн 184/ШШ2021/02886 дугаар шийдвэрийн хуулбар, 2018.09.11-ний өдрийн ажилчдын автобус түрээслэх тухай гэрээний хуулбар, Б.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2-8, 37-25-28, 37-39/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагчаас Х.Т-оос Ч.Н-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2018.08.03-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээний болон тус гэрээний тусгай нөхцлийн хуулбар /хх-ийн 16, 19-23/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн хүсэлтээр Б.Э-ийн 0 тоот дансны 2018.11.01-ний өдрөөс 2020.02.29-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг /хх-ийн 40-56/, гэрчээр А.Д-аас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдааны явцад тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч А.Д-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Т-д холбогдуулан 2,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь ХААН банк дах өөрийн эзэмшдэг 0 тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Б.Э-ээс Т-д зээл” гэх утгаар хариуцагч Х.Т-д шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр зээлдүүлсэн, түүний оршин суух хаягийг тогтоолгохоор шүүхээр эрэн сурвалжлуулсны зардалд 70,200 төгрөг төлсөн, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн учир зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Ө” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж буй ажилчдыг өглөө сумын төвөөс барилгын ажил гүйцэтгэж буй талбай руу, орой барилгын талбайгаас сумын төвд байх ажилчдын амрах байр хооронд автобусаар зөөх үйлчилгээг хийж гүйцэтгэх ажлыг Б.Э-т зуучилж өгсөн, ингэснээр тэрээр уг компанитай гэрээ байгуулан ажилласан, ийнхүү зуучилсан  ажлын хөлс 2,000,000 төгрөгийг түүнээс хүлээн авсан, талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь түрээслүүлэгч Б.Э, түрээслэн авагч “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажилчдын автобус түрээслэх гэрээ”-г ирүүлсэн, гэрээгээр түрээслүүлэгч нь автобусыг түр хугацаагаар эзэмшүүлэн ашиглуулахаар шилжүүлэн өгч, түрээслэн авагч түүнийг хүлээн авах, түрээслэн авагч нь ажилчдыг зөөх зориулалттай ашиглах, 8674 УНР улсын дугаартай автобусны сарын түрээс 3,500,000 төгрөг, 2018.10.01-ний өдрөөс 0000 УНС улсын дугаартай автобусны сарын түрээс 3,500,000 төгрөг байхаар тохиролцсон 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг, /хх-ийн  37-38/

Хариуцагч нь түрээслүүлэгч “Т” ХХК-ийг төлөөлж, захирал Х.Т, түрээслэгч “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан №18/14 дугаартай “Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ”-г ирүүлсэн, гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан техник, тоног төхөөрөмжийг энэхүү гэрээний ерөнхй нөхцөл болон ГТН-д заасан үнэ, нөхцлөөр түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээний хугацаанд техник хэрэгслийг ГТН-д заасан зориулалтаар ашиглахаар тохиролцсон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг тус тус нотлох баримтаар ирүүлжээ. /хх-ийн 20-23/

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д: “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2018.07.20-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ХААН банкны депозит дансны хуулга, 2018.08.03-ны өдөр “Т” ХХК-ийг төлөөлж, захирал Х.Т, “Ө” ХХК-ийн хооронд, 2018.09.11-ний өдөр Б.Э, “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний огноо, гэрч А.Д-ын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Х.Т нь автобус түрээслэх гэрээ байгуулахад нэхэмжлэгч Б.Э-ийг “Ө” ХХК-тай автобус түрээслэх гэрээ байгуулахад холбож өгсөн, тэдгээрийг холбож өгснөөр тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, ийнхүү тэднийг холбож өгсний хариуд хөлс авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Мөн талууд гэрээний төлбөр буюу хөлс, шагнал нь ямар хэмжээтэй байх, түүнчлэн ямар хугацаатай байх талаар тохиролцсон байдал нь тодорхой гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч нь талуудын хооронд зуучлалын харилцаа үүссэн, ийнхүү зуучлуулсны хөлс нь 2,000,000 төгрөг байхаар тохиролцсонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Э нь 2018.07.20-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагч Х.Т-д “зээл” утгаар шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч хүлээн авсантай маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй, өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т: “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасны дагуу талууд хугацааны талаар тохиролцоогүй тул хариуцагч Х.Т нь гэрээний зүйл 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-т буцааж төлөх үүрэгтэй гэж үзэв.  

 

Иймд хариуцагч Х.Т-оос зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02886 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, хуулбар хувь байх тул эрэн сурвалжлуулах зардалд төлсөн 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Х.Т-оос зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Х.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/06596 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ