Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2019/00630

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, И овогт Аийн Т /рд:, утас: 1/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Ж овогт Ш-ны С /рд:БЗ, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, хариуцагч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй С.А, С.А нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Аийн Т нөхөр болох Шы Стай 2009 оны 04-р сарын 19-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 08-р сарын 18-ны өдөр 191-рт бүртгэж албан ёсны гэрчилгээ авч гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 03-р сарын 29-ний өдөр хүү С.А, 2016 оны 03-р сарын 01-ний өдөр охин С.А нар төрсөн. Анх гэр бүл болсноос хойш нөхөр маань архи ууж ирж намайг зодож, хутга авч өөрийгөө хутгалж, хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд түүнээс хойш байнга хүчирхийлж ирсэн юм. Хүүхдүүд байнга түгшүүртэй амьдардаг болсон, хүү С.А айснаас болоод одоо хүртэл сайн ярьж чадахгүй, айсан үед гацаж түгжирдэг юм. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй, байнгын айдас түгшүүртэй амьдралд амьдрах хэцүү байна. Ийм байдалтай байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Хамгийн сүүлд гэхэд намайг өшиглөж зодсоноор нуруу толгойгоор гэмтэл авч одоо Цагдаагийн байгууллагаар шалгагдаж эрүү үүсгэн, шүүх рүү шилжих шатанд байна. Архинаас гаргуулахаар Турк улс хүртэл архины эмчилгээнд явуулж сүүлд хоёр удаа спираль тавиулсан боловч одоо дахин архи уусан бөгөөд одоо ухаан санаагаа алдаж хаана байгаагаа мэдэхгүй орчингоо мэдэхгүй, ухаангүй агсам тавьдаг боллоо. Би амиа хорлоно гэж архины шилийг хагалан өөрийн биеийг зүсэж айлган сүрдүүлдэг. Миний хувьд аль болох архинаас гаргаж гэр бүлээ цаашид авч үлдэх гэж 10 жил өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн боловч амжилтгүй болсон. Сүүлд шүүхээс 2019 оны 07-р сарын 26-ны өдөр 2019/ШЦТ/110 тоот шүүхийн тогтоол гарч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нөхөр Ш.Сыг 450,000 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан болно. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандан 2019 оны 09-р сарын эхээр эвлэрэх боломжгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бас байгаа юм байна, шийдэх боломжгүй эвлэрэхгүй гэснээр дууссан юм.

Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүд болох С.А, С.А нарыг миний асрамжинд үлдээж, гэрлэлтийг цуцалж, Ш.Саас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.С А.Тйн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. А.Тйн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Бид хоёр гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү И, 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин С.А нар төрсөн бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ш.Иийг эцэг Ш, эх Батима нарт үрчлүүлсэн тул эхнэр А.Т бид нарын асрамжид хүү С.А, охин С.А нар өсөн торниж байгаа. Ш.С миний бие гэр бүл болсон мөчөөс эхэлж одоо хүртэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан байнгын архи ууж, согтууран түүнийг зодож, бие махбодод болон сэтгэл санаанд дарамт үзүүлж хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй зүйлийг бичиж, хэтрүүлсэн гүтгэсэн шинжтэй зүйл бичсэн байна. Ш.С миний бие хүү С.А, охин С.А нарыг эцгийн хайраар энхрийлэн хайрлаж, тэжээн тэтгэж, сургууль цэцэрлэгээр нь байнга эргэн тойрч, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох, хэвийн өсөж бойжих, зөв боловсон хүмүүжил, төлөвшил олоход нь байнга анхаарч ирсэн бөгөөд цааш нь эцэг эхийн хамтын халамж, ивээл доор хүмүүжихэд нь өөрийн бүх бололцоо, анхаарал, халамжийг хандуулах болно.

Ш.С миний хувьд байнга архи дарс уудаг, архинаас хамааралтай болсон хүн биш бөгөөд эхнэр А.Т нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд миний нэр төр, алдар хүндийг хэт доройтуулж, миний ажил хэргийн нэр хүндэд хүртэл сэв суулгаж, нотлох баримтгүй гүтгэсэн явдалд гомдож байна.

Ш.С миний бие дээд боловсролтой, багш, сурган хүмүүжүүлэгч хүн бөгөөд 2010 оноос эхлэн эдүгээ 9 жил багшаар ажиллаж, олон аавын хүүхдэд эрдэм боловсрол олгож байгаа, сурган хүмүүжүүлэгч хүн байгаа. Гэтэл өөрийнхөө хүүхдүүдийн хүмүүжилд миний бие сөрөг нөлөө, муу зуршил, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байна гэдэг нь ор үндэслэлгүй зүйл билээ. Ш.С надтай холбогдох эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж одоо шүүхэд шилжих шатанд байна хэмээн ор үндэсгүй зүйл бичсэн байна. Ш.С миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, энэ талаар нэхэмжлэгч А.Т нь эрх бүхий байгууллагаас ямар нэгэн нотлох баримт байхгүй байтал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж бичсэн үндэслэлгүй байна. Хэрэв А.Т нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу зохих байгууллагаар гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулж тохиолдол бүрийг нотлох баримтаар баталгаажуулах ёстой байгаа юм. Зөвхөн шүүхэд өгсөн нэхэмжлэлээр гэр бүлийн хүчирхийлэл хэмээн үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлт цуцлах боломжгүй гэж үзнэ. Ш.С намайг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.2-д зааснаар Ш.С А.Т бидний гэрлэлтийг цуцлах явдлыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шүүхийн зүгээс эвлэрүүлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Ш.С, А.Т бидний гэрлэлт цуцлах асуудлыг түдгэлзүүлж, эвлэрүүлэн арга хэмжээ авч, нэхэмжлэгч А.Тйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Бид анх гэр бүл болсноос хойш нөхөр минь архи ууж ирээд, намайг зодож, хутга авч өөрийгөө хутгалж, хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд түүнээс хойш байнга хүчирхийлж ирсэн юм. Хүүхдүүд минь байнга түгшүүртэй амьдардаг болсон. Хүү А айснаасаа болж одоо хүртэл сайн ярьж чадахгүй, айсан үедээ гацаж, түгжирдэг юм. Энэ нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Сыг архинаас гаргахын тулд эмчилгээ хийлгэж 2 удаа спираль тавиулсан. Улаанбаатар хотод хүртэл эмчилгээ хийлгэсэн ч архи уухаа болиогүй. С одоо архи уусан үедээ ухаанаа алдаж хаана байгаагүй мэдэхгүй, орчноо мэдэхгүй, ухаанаа алдаж агсам тавьдаг болсон. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 110 дугаар шийтгэх тогтоол гарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 450000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ш.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед архи уусны дараа ухаангүй гэртээ ирж агсам тавьж эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртэйгээ эвлэрэх гэж зүтгэсэн болохоос биш түүнийг зодож, өөрийнхөө амиа хорлоно гэж хэлээгүй. Би архи ууж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг архинаас гаргах гэж эхнэрийнхээ хийсэн бүх зүйлийг сайн мэдэж байгаа. Би бүх асуудлыг ойлгож байна. Би дахиж хэзээ ч архи уухгүй. Би нэг хүүхдээ өөрийнхөө эцэг эхэд үрчлүүлсэн. Би 3 хүүхдийнхээ амьдралыг бодож сүүлийн удаа уучлалт гуйж байна. Тухайн үед би эхнэрээ санаатай зодоогүй. Архи ууж ухаанаа алдсан үедээ эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах үед би Казахстан улс руу яваад ирж чадаагүй. Тэр үед эвлэрүүлэн зуучлагч бид хоёрыг суулгаад 30 минут ярилцаж байгаад явуулсан. Тэр үед эхнэр эвлэрэхгүй гэсэн тул эвлэрэх боломжгүй гэж эвлэрүүлэн зуучлах амжилтгүй болсон. Би эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ хангалтгүй болсон учир дахиж эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Ш.Саас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид авч, эцэг нь болох Ш.Саас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчид болох Ш.С, А.Т нар нь 2009 оны 04 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн хувиар хамтран амьдрах хугацаанд хоёр хүүхэдтэй болсон болох нь 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас олгосон гэрлэлтийн гэрчилгээ, 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.Агийн төрсний гэрчилгээ, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Агийн төрсний гэрчилгээ болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нөхөр болох Ш.С нь гэрлэснээс хойш архи ууж, гэр бүл дотор байнга хэрүүл маргаан гаргаж, зодож дарамталдаг ба удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо эвлэрэх боломжгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас эвлэрүүлж өгөхийг хүссэн байна. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчид болох Ш.С, А.Т нарт эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч А.Т нь эвлэрэхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаа дуусгавар болгосон байна.

Мөн хариуцагч Ш.С нь эхнэр нь болох А.Тйг хэрүүл маргааны улмаас зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэхээр арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч А.Т нь эвлэрэхээс татгалзаж байгаа, хариуцагч Ш.С нь эхнэрийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан тогтоогдсон байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт ...Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан Ш.С, А.Т нарын хүүхдүүд болох 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.А нарыг эх нь болох А.Тйн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх эцэг эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх асран хүмүүжүүлэхэд эцэг эх тэгш оролцох үүрэгтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Ш.Саар тэжээн тэтгүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж Шы С, И овгийн Аийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.А нарыг эх нь болох А.Тн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Ш.Саар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121764 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Ш.Саас 121764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгосугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК