| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04965/И |
| Дугаар | 101/ШШ2021/00829 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/00829
| 2021 03 15 | 101/ШШ2021/00829 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Х, В нарт холбогдох,
26,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Х нь өөрийн нөхөр Вьетнам улсын иргэн Д буюу /монгол нэр/ Наамын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хаданд автомашины Вьетнам" кузов засварын газар ажиллуулдаг байхад нь ХХХК-ийн эзэмшлийн ..... улсын дугаартай Nissan Gashgar" маркийн 2010 оны машиныг засварлуулахаар 2014 оны 9 сард засварчин Наамд, засварын ажлын хөлс 1,800,000 төгрөгийг түүний эхнэр Ц.Хд тус тус хүлээлгэн өгсөн. Машины засварлуулах сэлбэгийг захиалж авчруулсан боловч таараагүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ОХУ руу өөрийн биеэр явж сэлбэгийг авчирч засварын газар аваачиж өгөхөд эхнэр Халиун нь нөхөр Наам түр хугацаагаар нутаг руугаа явсан удахгүй ирнэ тэгэхээр нь засаж өгье гэхэд итгэж хүлээсэн. Гэвч холбоо барихгүй байсан учир би засварын газар нь очиход дээрх машины зарим эд ангиудыг тайлаад авсан /тоносон байдалтай/ авто засварын газрынхаа гадна хаалганы хажууд орхиод нүүсэн байдалтай байсан. Ингээд засварын газрыг хайж сурагласан боловч олдохгүй байсан ба, харин Халиуныг олж уулзахад бид машины эд ангийг тайлж авсан байгаа, нөхрийг ирэхээр засуулаад угсраад өгнө та санаа зоволтгүй" гэхэд итгэж утсаар холбогдож хүлээсэн боловч сүүлдээ утсаа авахгүй болсон юм. Нэхэмжлэгчийн зүгээс засварын газрыг хайсан боловч хаана байрлаж байгааг Халиун зааж өгөхгүй, утсаар холбогдож чадахгүй болсон учир арга буюу 2017 оны 7 сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ц.Хыг эрэн сурвалжлуулснаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо...... тоотод оршин сууж байгаа гэсэн хаягийг тогтоож өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Х холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дахин Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран өөрийн биеэр хайсны үр дүнд Ц.Х болон түүний нөхөр Наам нарын оршин сууж байгаа газрын хаягийг олж тогтоон уулзахад засаж өгнө, та түр хүлээж байгаач гэсний дагуу утсаар ярьж холбогдож байсан ба дахин холбогдож чадахгүй болсон. Одоо уг автомашины хэрэгцээтэй ховор эд ангиуд, цахилгааны бүх утас тоногдож үгүй болсон, Х , Наам нар засварын газраа нүүлгэхдээ хаяж явснаас байрны эзэн нь машиныг гаржаас гарган гадаа хаяснаас болж улам их тоногдож кузов эд ангиуд зэвэрч эвдрэн автомашин эргэн сэргэх боломжгүй, зөвхөн машины сэг болсон учир буцаан авах боломжгүй юм. Иймд авто машины үнэ 25,000,000 төгрөгийг болон машиныг засварлуулах ажлын хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөг нийт 26,800,000 төгрөгийг Ц.Х болон түүний нөхөр Д буюу /монгол нэр/ Наам нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Вьетнам улсын иргэн Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд машинаа засуулах гэж 1,800,000 төгрөг өгсөн. Гэрэл, карлан, хаалга гэх сэлбэг байх хэрэгтэй, байхгүй бол янзалж болохгүй гэж би хэлсэн. Тэгээд сэлбэгээ авч ирнэ гэж хэлээд байхгүй болчхоод 1 жилийн дараа БНСУ-аас сэлбэгүүд авч ирсэн байсан. Гэхдээ сэлбэг нь таарахгүй байсан тул үүнийг тайлбарлахад өөр газраас сэлбэгээ захиалъя гэж хэлсэн. Түүний дараа мөн утас руу нь залгахад огт авахгүй байсан. Би визний асуудлаас болоод Вьетнам явах шаардлагатай болсон тул түрээсийн гражаа өгөхөөр болоод машинаа ав гэж хэлэх гээд залгахад утсаа огт авахгүй байсан. Тиймээс би машиныг нь гадаа тавьсан. Энэ хугацаанд машины дугуй, цахилгааныг нь тоносон байсан. Тухайн үед сэлбэгээ өгсөн бол бид хурдан янзлаад өгөх байсан, мөн утас руу нь олон залгасан боловч аваагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК, хариуцагч Ц.Х, Вьетнам улсын иргэн Н нарт холбогдуулан автомашины үнэ 25,000,000 төгрөг, ажлын хөлс 1,800,000 төгрөг, нийт 26,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Н нэхэмжлэлээс автомашины зах зээлийн үнийг 11,000,000 төгрөгөөр тооцон төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлээс үлдэх 15,800,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Nissan Gashgar загварын ...... улсын дугаартай суудлын автомашиныг засварлуулахаар, ажлын хөлс 1,800,000 төгрөгийн хамт хариуцагч нарт 2014 оны 09 дүгээр сард хүлээлгэн өгсөн, хариуцагч нар автомашины засварлаж чадаагүй, автомашиныг буцаан авах боломжгүйгээр бүрэн тоногдсон тул автомашиныг 2013 онд худалдан авсан үеийн үнэ 25,000,000 төгрөгөөр тооцож, ажлын хөлсний хамт 26,800,000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Н уг автомашиныг хүлээн авсан, одоогийн байдлаар засварлагдаагүй, автомашины зарим эд анги тоногдсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн 2020 онд хүлээлгэн өгсөн сэлбэг, тоногдсон эд ангийг шинээр авч засварлаж өгөх, эсхүл автомашины зах зээлийн үнийг мөнгөн дүнгээр тооцон 11,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн автомашинд тохирсон сэлбэгээр хангаж солиулж суурилуулах, автомашины гэмтсэн хэсгийг засварлуулахаар, хариуцагч, нэхэмжлэгчийн авчирсан сэлбэгээр болон гэмтсэн хэсгийг засварлахаар харилцан тохирч, ажлын хөлсийг тохирсон, хариуцагч ажлын хөлсийг хүлээн авчээ. Зохигчийн маргаж буй автомашины гэмтсэн хэсгийг засварлуулах, засварлахаар зохигчийн хүсэл зориг нэгдсэн, нэхэмжлэгч автомашинд тохирсон сэлбэгийг хугацаа алдаж ирүүлсэн, хариуцагч Н нутаг буцаж 2020 онд Монгол Улсад буцаж ирснээс шалтгаалж хариуцагч автомашиныг хувийн ур чадвартай холбоотой биечлэн засварлах үүрэгтэй байсан зэрэг нь нэхэмжлэгч болон хариуцагч Н нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хариуцагч автомашиныг засварлахаар хүлээн авснаас хойших 6 жилийн хугацаанд засварлаагүй, автомашиныг эзэнгүй орхисноос шалтгаалж эд анги нь тоногдсон, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үндэслэлээр автомашиныг бус автомашины үнийг 2013 онд 25,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбарыг гаргаж тус үнээр нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчаас нэхэмжилж буй Nissan Gashgar загварын суудлын автомашины зах зээлийн үнэлгээ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг баримтаар, мөн автомашины үнийг 2013 оны үнээр тооцон нэхэмжилсэн үндэслэлээ шүүхэд үндэслэл бүхий байдлаар тайлбарлаагүй буюу энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна.
Зохигч хэн аль нь шаардлага, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой баримтыг шүүхэд гаргаагүй, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хэн аль нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсан гэж үзэхээр байна.
Автомашиныг засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгслийг нэхэмжлэгч богино хугацаанд хариуцагчид авчирч өгөөгүй, 2016 онд нийлүүлсэн сэлбэг нь уг автомашинд тохирохгүйгээс буцааж, дараагийн сэлбэгийг 2020 онд нийлүүлсэн болон хариуцагч Н 2016 онд Вьетнам улс руу нутаг буцах болсонтой холбоотой гэрээг цуцалж автомашиныг буцаахад нэхэмжлэгч тал автомашинаа ирж аваагүйгээс тухайн автомашиныг гадаа, задгай талбайд хадгалсны улмаас автомашины доторх эд анги тоногдсон гэх тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн автомашиныг засварлах хугацаандаа хадгалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс автомашины зарим эд анги тоногдсон, ердийн байдлаар ашиглах боломжгүйд хүргэсэн, сүүлдээ хариуцагч олдоогүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж олсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч мөн няцаагаагүй байна.
Зохигч хэн аль нь буруутай байх бөгөөд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгон цуцалж автомашины үнийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1, 221 дүгээр зүйлийн 221.2-т нийцэх бөгөөд шүүхэд гаргасан зохигчийн хүсэл зориг нь гэрээг үргэлжлүүлж тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхийг талуудын хэн алин нь хүсэхгүй, ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу автомашины үнийг шүүхийн өмнө баримтаар нотлоогүй боловч хариуцагч уг автомашины зах зээлийн үнэлгээг 11,000,000 төгрөг гэж тайлбарлаж нэхэмжлэлийн автомашины үнэ шаардсан шаардлагаас 11,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн учир энэ хэмжээгээр автомашиныг үнийг тооцон хариуцагч Н гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөн ажлын хөлс 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан гаргуулахаар шаардсан ба мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар хариуцагч маргаж буй автомашиныг завсарлаагүй, мөн нэхэмжлэгч автомашины үнэ шаардсан тул зохих хөлсийг мөн хариуцагч Н гаргуулах үндэслэлтэй.
Автомашины засварын ажлын хөлс 1,800,000 төгрөгийг хариуцагч Н хүлээн авсан, тэрээр автомашиныг өөрөө биечлэн засварладаг, хариуцагч Ц.Х засварын ажил хийдэггүй, оролцдоггүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч, хариуцагчаар Ц.Хыг тодорхойлсон үндэслэлээ хариуцагч Ван Намын эхнэр, түүнтэй хамт автомашин засварын үйл ажиллагаа явуулдаг, түүнтэй харилцаж байсан гэж тайлбарлажээ. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Х хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч автомашиныг засварлуулахаар хариуцагч Ц.Хы мэргэжлийн болон хувийн ур чадварт үндэслэн түүнтэй тохиролцсон, хариуцагч автомашиныг засварлах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн, засварын хөлсийг мөн хүлээн авсан эсэх нь нотлогдохгүй, нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй, улмаар хариуцагч Ц.Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна. Иймд хариуцагч Ц.Хд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Н 12,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Хд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Вьетнам улсын иргэн Н, паспортын дугаар: ....../-аас 12,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Хд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н 219,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ