Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/48

 

Л.Эрдэнэбаярт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                 

                                                                                       Д.Буянжаргал

                                    Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр

                                      Шүүгдэгч                                          Л.Эрдэнэбаяр

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Гансүх               

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 1831002400039 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин, техникчид гудамж, 2-34 тоотод оршин суух хаягтай, Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаяр /РД: МЕ68121511/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Харгана” гэх газарт хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн эсгий гэрт 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08-аас 09 цагийн орчим насанд хүрээгүй 17 настай Б.Энхбаясгаланг “хоол, унд нэхлээ” гэх шалтгаанаар цээжний зүүн хэсэг, зүүн хөхний булчин тус газарт нь нэг удаа цохиж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Л.Эрдэнэбаярт холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/116  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярыг мөн хуулийн тусгай ангийн 10.1            дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас хохирогчид 1,200,000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4,935,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярт 08 /найм/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сарын хорих ялыг нэмж ялтан Л.Эрдэнэбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 08 жил 05 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярын эдлэх 08 /найм/ жил 05 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярын энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Ялтан Л.Эрдэнэбаярт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй....Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэмт хэргийн хохирлыг шийдвэрлэхдээ оршуулгын зардал 4 935 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, өмгөөлөгчид төлсөн зардал 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр хохирогч нь хүүгийнхээ амь насны хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй ч Монгол улсад хууль үйлчилдэг, гэм буруутай этгээд хариуцлагаа заавал хүлээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зэрэг үндсэн шалтгаантайгаар хүсэлт, гомдол гаргаж өдийг хүртэл 2  жил энэ хэргийн араас явсан.

Уг хүнд гэмт хэргийн улмаас хохирогчид мөнгөөр хэмжишгүй их хохирол, хор уршиг учирсан ч, шүүгдэгч дор хаяж сайн дураараа оршуулгын зардлыг өгөх нь хүн ёсны үйлдэл юм. Энэ гэмт хэргийн явцад үйлдэгдсэн олон олон гэмт хэргийн талаар хохирогч гомдол санал гаргаагүй байгаа билээ.

1. Оршуулгын зардал нь уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бөгөөд нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд гаргасан зардлаа тооцон нэхэмжилсэн. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор “золгүй үхэл” хэмээн хохирогчид итгүүлсэн байсны улмаас гэрч гарч ирэх хүртэл хугацаанд хохирогч тийнхүү итгэж байсан. Иймд тухайн нөхцөлд хохирогч оршуулгын зардлын баримт цуглуулаад явах боломжгүй, мөн зохимжгүй нөхцөл байдал байснаас гадна мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэл гаргахдаа Дархан хотын захаас цуглуулсан эд зүйлийн зардлын баримтыг нөхөн, хуурамчаар бүрдүүлэх нь өөрөө хууль бус юм.

Оршуулгын ажиллагаа нь зайлшгүй, уламжлалт, нийтээр хүлээн зөвшөөрсөн тогтсон ёс заншил бүхий байдаг тул үүнд гаргах зардлын доод хэмжээ нь ч тогтсон, жишиг байдаг.

Хохирогч хэт өндөр, үндэслэлгүй хохирол шаардаагүй, “3.000.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн” хэмээн, баримт цуглуулах боломжгүй нөхцөлөө тайлбарласан байхад шүүх бодит нөхцөл байдал, нотлох баримтыг “дотоод итгэлээр үнэлэх” хамгийн том зарчимаа хэрэгжүүлэлгүй, хуурамч, бичгийн баримтыг нөхөн бүрдүүлэхийг шаардаж байгаа нь хуулийг хэт гуйвуулан хэрэглэж байна гэж үзэж байна. Хохирогч уг хэргийн араас 2 жил гаран явсан, сэтгэл санааны хүнд хохирол учирсан байхад дахин бичгийн нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар уг зардлаа гаргуулах нь хэлбэрийн төдий, дахин дахин зардал, чирэгдлийг үүсгэх, цаг хугацаа алдсан ажил тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй.

2. Өмгөөлөгчийн ажил нь үр дүнгээр тооцогддог, цаг хугацаа их зарцуулагддаг тул ээдрээ төвөгтэй, хүнд хэрэгт зөвхөн нэг шатны шүүхийн ажиллагааны зардалд дор хаяж 5.000.000 төгрөгийг авдаг. Харин хөлсийг авахдаа тухайн хэргийн нөхцөл байдал, үнэлгээнээс хамааран хувь тохирдог.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийг өмгөөлөгч авахаас аргагүй нөхцөл байдалд оруулсан, өмгөөлөгчид төлсөн зардал нь гэмт хэргийн улмаас үүсч буй шууд хохирол байхад шүүх өмгөөллийн харилцаа нь “сайн дурын гэрээний харилцаа” гэж үзэн, баримтаар нотлогдож буй уг зардлыг хэрэгсэхгүй болгосон нь ЭХ-ийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-д заасныг зөрчиж байна.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж, хөлс төлөн өмгөөлөгч авсан, хэргийн явцад Чех улс руу гарахаар эд хөрөнгөө зарж борлуулсан нөхцөлүүд байдаг. Гэтэл нөгөө талд хохирогч бүх амьдралаараа хохирсон байхад түүний дүнзэн байшинг шүүгдэгчийн хүү, дүү нар нь ирж буулган авч явсан. Эдгээр хүмүүсээс хохирогч “ядаж эр хүний голомтыг нь үлдээгээч” гэж гуйсан байдаг!

Энэ дээрэнгүй, хууль шүүхгүй мэт дураараа авирласан үйлдэлд хариуцлага зайлшгүй байх хэрэгтэйгээс гадна хохирогч хүүгээ алдаад зогсохгүй гэр бүлгүй, гэр оронгүй болсон хүнд нөхцөл байдалтай байна.

Нэг талаас шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч дахин дахин хохирох үндэсгүй, нөгөө талаас иргэний нэхэмжлэлийг хангах нь хэргийн нөхцөл байдал, “орон гэрээрээ хохирсон хохирогчийн эрхийг сэргээн тогтоох” зорилготой юм.

Шүүх оршуулгын зардлын хувьд “бичгийн нотлох баримт” хангагдаагүй гэж үзсэн, өмгөөллийн “бичгийн баримттай” зардлын хувьд сайн дурын харилцаа гэж үзсэн нь хоорондоо зөрчилдөөнтэй, логикгүй дүгнэлт юм. Оршуулгын эд зүйлийг худалдан авах ажиллагаа ч сайн дурын гэрээ хэлцлийн үндсэн дээр хэрэгждэг, уг гэрээ хэлцэл аман, бичгийн аль хэлбэрээр явагддаг иргэний чөлөөт харилцаа. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саа учруулаагүй бол хохирогч өмгөөлөгч авах шаардлагагүй байсан.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаар шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ миний бие 2018 оны 08 дугаар сард ганц хүүгээ алдсанаас хойш хэргийн үнэнийг олохоор 2 жил тасралтгүй цагдаа, шүүхийн байгууллагаар явж байгаа бөгөөд хөдөө орон нутагт намрын ажил эхэлсэний улмаас энэхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байна.

Мөн миний өмгөөлөгч Н.Энхцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас уг хуралдаанд оролцох боломжгуй болсон тул шүүхийн хэвийн үйл ажиллагааг хүндэтгэн, бидний оролцоогүйгээр хуралдааныг явуулахыг хүсч, дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолд: “гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: ... учруулсан хохирлыг нөхөн төлсөн ...зэргийг харгалзан ...” гэжээ.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааны өмнө тэрээр 1.200.000 төгрөг хохирогчид төлсөнийг шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5.1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна...

2. Шийтгэх тогтоолд: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон ... “ гэжээ.

Л.Эрдэнэбаяр нь өмнө надтай алт ухахаар явахдаа хамт архи ууж байсан хүний толгойн дундуур нь архины шилээр хагалсан, хохирогч гомдол гаргаагүй, мөн хорт хавдараар нас барсан эхнэрээ зодож цохидог байсан, 2019 оны 10 дугаар сард аав Лхамжаваа хэвтэрт ортол нь зодсон бөгөөд аав нь удалгүй нас барсан зэргээс үзэхэд түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй, энэ нь гэр бүлийн, ахуйн хүрээн дэх нуугдмал гэмт хэргүүд юм. Эдгээр нь Л.Эрдэнэбаяр нь бусдын бие махбодид санаатай халддагийг нотолно. Хүүгээ алдсан мииий бие манай хаяанд амьдардаг, хэвтэрт орсон аавд нь нас барах хүртэл нь хоол цай, эм танг нь зөөж, тусалж байсан.

3. Хохирлын хууль зүйн үндэслэлийн тухайд: ...Шийтгэх тогтоолд: хоёр: гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг ... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ... заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй" гэжээ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.5-д: “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж,...” гэж маш өргөн эрх хэмжээг олгожээ.

ЭХХШТХ-ийн 8.2 дугаар зүйлийн 8.2.1.1, 8.2.1.9-д хохирогчийн хууль зүйн туслалцаа авах, хохирол нэхэмжлэх эрхийг хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан олон үйлдэлд аргагүйдэн өмгөөлөгч авсан буюу эрхээ хзрэгжүүлэхээс аргагүй нөхцөлд орсон.

Дээрх зохицуулалтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд "... зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох ...” зарчимтай уялдуулан тайлбарлавал хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сэргээн тогтоогдох буюу энэ хугацаанд гарсан бүхий л хохирлыг шаардах эрх хохирогч, иргэний нэхэмжлэгчид байна.

...Шүүх өмгөөлөгчийн хөлс нь сайн дурын, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзсэн нь үүгээр няцаагдаж байх бөгөөд шүүхийн дүгнэсэнчлэн уг хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардал биш гэдэг нь Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 1.2-т: “Эрүүгийн хэрэг хннан шийовэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллига болон прокурор, шүүх, шуүхийн шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсовт тусган санхуужуулж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэснээр нотлогдоно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж буй үндсэн шалтгаан нь 2 жил уг хэргийн араас их зардал чирэгдэл гаргасан төдийгүй шүүгдэгч, түүний гэр бүлийн гишүүд хохирогчийг даажигнан тохуурхаж, амьдрал, орон гэрээр нь тоглосон, баривчлуулсан. заналхийлсэн бөгөөд орон гэртэй болох зорилготой юм.

Хохирогч сэтгэл санааны маш их хохирол амссан бөгөөд энэ хохирлыг нэхээгүй, мөн эрүүгийн хариуцлагын энэрэнгүй ёсны зарчим, шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал хохирол нөхөн төдүүлэхэд огт хамааралгүй.

4.         Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд

-           хохирогчийн зүгээс буруутай байдал

-           гэм хорын хэмжээ

-           хувь хүний онцлог зэргийг харгалзан үздэг бегөөд уг гэмт хэргийн хувьд амь хохирогчийн зүгээс ямар ч буруутай үйлдэл байгаагүй нь гэрчийн мэдуүлгээр нотлогддог. Хохирогч шүүгдэгч Л.Эрдэнэбаярын дүү Л.Түмэнбаяртай гэр бүл бөгөөд түүний дагавар хүүг их сургууль төгсөх хуртэл нь эцэг Лхамжавыг нь нас барах хүртэл нь тэжээн тэтгэж байсан. Хохирогч хүүгээ их сургуульд суралцуулахад хүрэлцэхүйц хэмжээний амжиргаатай буюу малтай байсан. Шүүгдэгч алтны уурхайд хүүг авч ажиллуулсан үндсэн шалтгаан “ажиллах хүч” дутсанаас биш хүүгийн, энэ гэр бүлд туслах гэсэндээ биш юм. Хүүг аавынх нь зөвшөөрөлгүй ээжтэй нь ярин ажилд авч явсан байдаг. Ийнхүү хүний нялх хүүг ажиллуулахаар гуйн авч явсан тэрээр “хоол нэхлээ” гэсэн шалтагаар үхэлд хүрэхүйц цохилт хийсэн нь харгис үйлдэл юм.

-Уг гэмт хэргийн хохирол, хор уршиг нь үнэлж баршгүй буюу залуу хүүгийн амь нас, түүний ирээдүй юм.

-шүүгдэгч Л.Эрдэнэбаярын хувь хүний онцлог нь өмнө тайлбарласанчлан “зодоон цохион хийдэг, ингэхдээ харилцан зодоон хийдэг бус, гэнэтийн санамсаргүй байдлаар хүнийг хохироодог этгээд юм. Иймд шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл огт байхгүй, хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан шинжээч Д.Туяагийн дүгнэлтүүд нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1304 дугаар дүгнэлтүүд, шинжээч эмч нарын болон Ж.Мөнхбатын гэрчийн мэдүүлгүүдээр тус тус няцаагддаг.

Ж.Мөнхбат нь гэрчилсэн зүйлийн талаар хэзээ, хэнд, хэрхэн хэлсэн тухай анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд энэ нь дээрх гол нотлох баримтуудыг шууд няцаах, хэрэгт ач холбогдолтой баримт биш. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс Л.Эрдэнэбаярыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо 2018 оны 08 сарын 04-ний өдөр хийгдсэн үйлдлийг дурьдсанаас өөрөөр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна. Тухайлбал:

1. Мөрдөн     шалгах ажиллагааны явцад талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэхүү дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй нөхцөл байдлыг тогтоосон. Өөрөөр хэлбэл 2018 оны 08 сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 87 дугаартай дүгнэлтэнд “...талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн биед задлан шинжилгээний явцад ямар нэг хурц болон архаг хууч өвчин илрээгүй бөгөөд эд эдийн шинжилгээгээр уушиг гуурсан хоолойн үрэвсэл илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн зүрхний зүүн ховдлын ашиг чадвар буурч зүрхний хэм алдагдал үүссэнээс зүрхний шалтгаантай гэнэт нас баржээ” гэж дүгнэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдаж нотлох баримтаар үнэлэв гэж дүгнэсэн боловч уг дүгнэлт ямар учраас Л.Эрдэнэбаярыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэждүгнэхэд үндэслэл болсон нь ойлгомжгүй байна.

2. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулахдаа хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг шүүх анхаарч үзэлгүй хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн. Тухайлбал:

Анхны хэргийн газрын үзлэгийг явуулахдаа гэрэл зургаар бэхжүүлсэн гэж тэмдэглэсэн боловч хавтас хэрэгт зургийг хавсаргаагүй, мөн уг тэмдэглэлд өөр өнгийн балаар гэрэл зураг хавсаргаагүй гэж нэмж бичин засвар оруулсан байдаг тул тухайн хэргийн газрын үзлэг анх бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавтаст хэрэгт хавсаргаагүй байдаг.

3. Энэ хэргийн гол гэрч болох Ж.Мөнхбат нь 2019 оны 01 сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2018 оны 08 сарын 04-ний өдөр Л.Эрдэнэбаяр нь талийгаач Б.Энхбаясгалангийн цээжин тус газарт цохьсон үйлдлийн талаар хэн нэгэнд огт яриагүй эж мэдүүлдсэн байдаг. Гэтэл 2018 оны 12 сарын 20-ны өдөр хохирогч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдолд хавсаргасан Ж.Мөнхбатын нэрээр бичсэн гар бичмэлийг шүүх хуралдааны явцад тодруулсан асуултанд уг гар бичмэлийг Ж.Мөнхбат нь өөрөө бичээгүй гэж мэдүүлсэн боловч уг гар бичмэлд бичигдсэн зүйлийг үг үсэг алдалгүй ярьсан нь туйлын эргэлзээ үүсгэсэн.

Түүнчлэн гэрч Ж.Мөнхбат нь хохирогч Б.Бат-Эрдэнэ гэх айлд малаа маллуулдаг, хэргийг аймгийн прокурорын газраас сэргээн шалгаж эхэлснээс хойш хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд Ж.Мөнхбат нь Б.Бат-Эрдэний ахынд амьдарч байсан зэргээс үзэхэд ашиг сонирхол нэгдмэл гэж үзэхээр байна.           

Үүнээс гадна гэрч Ж.Мөнхбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анх өгсөн мэдүүлэгтээ “...Л.Эрдэнэбаяр нь талийгаачийн цээжин тус газар нь эгц урагш нь шулуун цохилтоор цохьсон гэдэг боловч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ Л.Эрдэнэбаяр нь талийгаачийг дээрээс нь нударч цохьсон” гэж мэдүүлгээ өөрчилж, мэдүүлэгт ноцтой зөрүү үүссэн зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүх огт анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

4. Улсын яллагчаас ялыг нэмж нэгтгэх, эсвэл ялыг багтаан шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт гаргаагүй байхад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дугаар зүйлийн 5-д зааснаар тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Л.Эрдэнэбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 08 жил 05 сарын хугацаагаар тогтоосон зэргээр хууль зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр буцааж өгнө үү.

5. Л.Эрдэнэбаяр нь амь хохирогч Б.Энхбаясгалангийн амь насыг хохироосон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэвэл Л.Эрдэнэбаяр нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь насыг хохиросоон байх боломжтой тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 08 жилийн  хорих ял оногдуулж,  урьд эдлээгүй үлдсэн 05 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 08 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж   шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын дагуу Л.Эрдэнэбаярт   холбогдох эрүүгийн 1831002400039  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Л.Эрдэнэбаяр нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.

Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн зөвхөн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож улмаар энэ тогтоолоор ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанаас үлдсэн 05 сарын хугацааг хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацаанд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн Л.Эрдэнэбаярт оногдуулсан нийт ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Эрдэнэбаярт хорих ял оногдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулсны эцэст мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Л.Эрдэнэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

   

                          ДАРГАЛАГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

                              ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ